Одоогоос 20 жилийн өмнө “Өнөөдрийн Монгол” сонинд сэтгүүлчээр ажиллаж, Ардын жүжигчин А.Бүтэд багшийг ярилцлагад урихаар Хөгжим бүжгийн коллеж /хуучин нэрээр/ руу очиж байв.
“Надаас ярилцлага авах яах вэ, миний шавь оюутны тайлан тоглолтоо хийх гэж байгаа, ирээдүйд гялалзсан дуучин болох хүү бий. Тэр хүүхдээс ярилцлага ав, тоглолтынх нь тухай сурвалжилга, мэдээ гаргаж өгөөрэй. Их ирээдүйтэй дуучин болно доо. Сүхбаатар аймгаас ирсэн юм” гэж билээ. Тэгэхэд “багш хүн ийм агуу сэтгэлтэй, алсын хараатай байдаг байх нь гэсэн бодол төрсөнсөн. Тэгээд“Сүхбаатар аймгийнх юм бол нутгийн хүүхэд байна даа” гэсээр уулзаж, жижигхэн мэдээ, угаас даруухан хүүгийн асуултад минь товч хариулсан таван өгүүлбэрийг сонины буланд гаргаж байжээ. Энэ хүү бол эдүгээ Монгол Улсын гавьяат жүжигчин, ирэх сард Европыг зорихоор хүлгийн жолоо залах гэж буй ДБЭТ-ын гоцлол дуучин Оюунчимэгийн Хүрэлбаатар юм.
Үүний өмнө тэрбээр өөрийг нь энэ хүртэл өргөж дэмжиж ирсэн хүмүүстээ талархал дэвшүүлж, мөн Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм цолд хүндэтгэл үзүүлэх хүндэтгэл ёслол цайллагыг зохион байгуулав. Энэ ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улсын Төрийн хошой шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Жанцанноров хэлэхдээ “О.Хүрэлбаатар дуурийн эх оронд очиж, тэдний мэддэг хэлээр нь “ярих” гэж байна. Тембр /эгшиглээ/-ийн хувьд тэр дээд өнгийг энэ цагийн дэлхийн дуурийн урлагт гялалзаж яваа Э.Амартүвшин, Г.Ариунбаатар нарын түвшинд авч чаддаг бол доод өнгийг Д.Жаргалсайхан гуайн биш юм гэхэд Ц.Пүрэвдорж багшийн түвшинд дуулчихдаг. Одоо дэлхийн тайзнаа гарч дуулахад улам их ирээдүй бий. Миний бодлоор бол тэр 2060 он хүртэл гялалзтал дуулах болно” гэсэн юм.
Хүний амьдралын 20 жил гэдэг бага хугацаа биш, багшийн сэтгэл, шавийн зүтгэл дээр олон хүмүүсийн өгсөн урам дэм ийм өндөрлөгт хүрдэг ажээ.
Сэтгэгдэл ( 0 )