УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр (2024.10.22) хуралдаж, “Хүний эрхийн дэд хорооны даргыг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдыг тус дэд хорооны даргад нэр дэвшүүлж буйг Байнгын хорооны дарга танилцууллаа.
Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар асуулт асууж, Хүний эрхийн дэд хорооны даргад нэр дэвшиж буй С.Эрдэнэболд гишүүн хариулт өгсөн юм. Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара, Х.Тэмүүжин, Дам.Цогтбаатар нар байр суурь илэрхийлж үг хэлэв. Төслийг ийнхүү хэлэлцсэний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 86.7 хувь нь Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболдыг Хүний эрхийн дэд хорооны даргаар сонгохыг дэмжив. Иймд холбогдох Байнгын хорооны тогтоолын төсөл батлагдав.
Мөн хурлаар “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа.
Төслийн талаар Байнгын хорооны дарга Дам.Цогтбаатар танилцуулсан бөгөөд энэ танилцуулагатай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүн тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Дээрх ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар томилсон Улсын Их Хурлын гишүүн ахлах хуулийн зохицуулалттай бөгөөд Ц.Сандаг-Очир гишүүнийг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулж, ахлагчаар нь сонгохыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 15 гишүүний 86.7 хувь нь дэмжив.
Түүнчлэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурал дахь олонхын бүлгээс Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дэд дарга О.Бат-Эрдэнийг, Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлгээс Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн Хүний эрх, эрх зүйн бодлогын зөвлөх Х.Номингэрэлийг нэр дэвшүүлснийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Ерөнхийлөгчөөс ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн бодлогын газрын дарга Ж.Мөнхболдыг, Засгийн газраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Батцэцэгийг, Хүний эрхийн Үндэсний Комиссоос тус Комиссын гишүүн С.Дондовыг тус тус нэр дэвшүүлсэн бөгөөд нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн.2 дахь хэсэгт заасны дагуу Монголын өмгөөлөгчдийн холбооноос тус холбооны Зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбат болон УЗ-ийн гишүүн З.Сүхбаатар нарыг нэр дэвшүүлсэн байна. Хууль зүйн сургалт, судалгааны байгууллагын төлөөллөөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах, төрийн өмчийн хууль зүйн сургуулийн төлөөлөл болгож МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа, төрийн өмчийн бус хууль зүйн сургуулийн төлөөлөл Отгонтэнгэр их сургуулийн ахлах багш С.Эрдэнэболор нарыг ажлын хэсгийн гишүүнд нэр дэвшүүлсэн бөгөөд тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл ( 0 )