Хайгуул, ашиглалтын зөвшөөрөл эзэмшигчдээс хэд нь “Икс” тайлан өгдөг вэ!

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 10 сарын 23

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өчигдрийн (2024.10.22) хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Тэрбээр 2025 он бол Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гарааны жил учир төсвийн бодлогыг бүсчилсэн хөгжилд зайлшгүй шаардлагатай суурь дэд бүтцийг шийдэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэхэд чиглүүлснийг онцлон дурдав.

Ирэх 30 жилийн хөгжлийн суурийг тавих томоохон төслүүдийг эхлүүлэхэд чиглэсэн төсвийн төсөлд аж үйлдвэржилтийг дэмжих чиглэлээр, боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн импортын гаалийн татварыг хөнгөлж, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих, эрчим хүчний үнэ тарифын шинэчлэлийг үргэлжлүүлэх, газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэр одоо үргэлжлүүлэх зэрэг онцлог арга хэмжээг тусгажээ.

Газрын тос боловсруулах үйлдвэр жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, дотоодын шатахууны хэрэглээний 80 хувийг хангахын зэрэгцээ шинээр 700 гаруй ажлын байр бий болгох юм. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын 2025 онд санхүүжих гүйцэтгэлтэй уялдуулан 450 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд тусгасан байна.
 



Төсвийн тухай хуулийн төсөлд туссан бодлого, арга хэмжээг хэрэгжүүлснээр ирэх онд 83 сая тонн нүүрс, 1.8 сая тонн зэсийн баяжмал экспортолж, гадаад худалдааны нийт эргэлтийг 32,8 тэрбум долларт, эдийн засгийн өсөлтийг 8.0 хувьд хүргэх талаар Сангийн сайд тэмдэглэж, нэгдсэн төсвийн нийт орлогыг 36.8 их наяд төгрөгт хүргэх тооцоог дурдлаа.

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Самбууням танилцуулсан. 

Аудитын дүгнэлтэд, нэгдсэн төсвийн төсөл нь УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан шалгуурыг хангасан гэсэн байна. 

Ерөнхий аудиторын орлогч танилцуулгадаа, 
 

2025 оны нэгдсэн төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлого 33.9 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.6 хувь, нийт зарлага 35.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 37.7 хувь, төсвийн суурь тэнцэл 1.9 их наяд төгрөгийн ашигтай, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.93 их наяд төгрөгийн буюу ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэх алдагдалтай байхаар төлөвлөснийг дурдаад, тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний төсвийн ерөнхийлөн захирагч нар буюу Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын, Аж үйлдвэр, эрдэс баялгийн, Зам, тээврийн, Эрчим хүчний болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нарын төсвийг нэг бүрчлэн танилцууллаа. 

Эдгээр сайд нарын 2025 оны төвлөрүүлэх орлогын хэмжээг 2024 оны тодотгосон төсөвтэй харьцуулахад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын багцын Ашигт малтмал газрын тосны газрын төвлөрүүлэх орлогыг 52.6 тэрбум төгрөгөөр, Зам тээврийн хөгжлийн сайдын өөрийн орлогыг 5.0 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсөвт төвлөрүүлэх орлогыг 0.4 тэрбум төгрөгөөр бууруулжээ.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын урсгал зардлын төсвийг 56.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн, 101.1 тэрбум төгрөгөөр, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын урсгал зардлын төсвийг 7.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 29.6 тэрбум төгрөгөөр, Зам, тээврийн сайдын урсгал зардлын төсвийг 1.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 25.8 тэрбум төгрөгөөр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын урсгал зардлын төсвийг 221.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 777.5 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн бол Эрчим хүчний сайдын урсгал зардлын төсвийг 126.3 тэрбум төгрөгөөр бууруулж 115.8 тэрбум төгрөгөөр төлөвлөжээ.

Түүнчлэн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын хөрөнгө оруулалтын төсвийг 54 төсөл, арга хэмжээнд нийт 388.1 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, долоон төсөл, арга хэмжээнд 354.4 тэрбум төгрөгийг гадаад зээл тусламжаар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын хөрөнгө оруулалтын төсвийг нэг төсөл, арга хэмжээнд нийт 1.2 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, мөн нэг төсөл, арга хэмжээнд 449.9 тэрбум төгрөгийг гадаад зээл тусламжаар, Зам, тээврийн сайдын хөрөнгө оруулалтын төсвийг 109 төсөл, арга хэмжээнд нийт 1.5 их наяд төгрөгийг улсын төсвөөс, есөн төсөл, арга хэмжээнд 132.1 тэрбум төгрөгийг гадаад зээл тусламжаар, Эрчим хүчний сайдын хөрөнгө оруулалтын төсвийг 37 төсөл, арга хэмжээнд нийт 199.4 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, 19 төсөл, арга хэмжээнд 361.8 тэрбум төгрөгийг гадаад зээл тусламжаар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хөрөнгө оруулалтын төсвийг 17 төсөл, арга хэмжээнд нийт 44.9 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, долоон төсөл, арга хэмжээнд 27.6 тэрбум төгрөгийг гадаад зээл тусламжаар тус тус санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.

Ингэснээр 2025 оны нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн хэмжээ 2024 оны тодотгосон төсөвтэй харьцуулахад 902.9 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
 



Сангийн сайд болон Ерөнхий аудиторын орлогчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Засгийн газрын гишүүдээс хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн Б.Уянга хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо, тэдгээрийг эзэмшигчдээс хэд нь “Икс” тайлан өгдөг, ашигт малтмалын ордуудын ашиглалтыг хэрхэн нэмэгдүүлэх, ашигт малтмалын орон нутгийн салбар нэгжүүдийн төсөв, хүний нөөц, төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлын өөрчлөлт, тэдгээрийн үндэслэл, үйлдвэрлэл технологийн паркийн нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөллийн судалгаа, цахим мэдээллийн сан болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны байр ашиглалттай холбоотой зардал яагаад өссөн талаар тодруулсан.

Мөн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төсвийн талаар асууж хариулт авсан бол гишүүн М.Бадамсүрэн уул уурхайн олборлолтоос иргэд, байгаль орчинд учирч байгаа сөрөг нөлөөллийг хэрхэн бууруулж буй, энэхүү сөрөг нөлөөллийн нийгмийн үнэлгээг хийж байгаа, эсэх, ашиглалтын өндөр технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байгааг асуув.

Түүнчлэн тэрбээр, мал эмнэлгийн үйлчилгээний тариф болон байгалийн ургамал, хадлангийн газрын төлбөрийг шинэчлэх, өвөлжөө, хаваржааны гүний худгийн зөвшөөрлийг цэгцлэх талаар Засгийн газар ямар бодлого баримталж буйг асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат жижиг, дунд үйлдвэрлэл, том үйлдвэрлэлийг хэрхэн дэмжих, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт нэмэгдэж байгаа төсвийг юунд зарцуулах, алт, зэсийн болон гангийн үйлдвэрлэлд ямар өсөлт, үр дүн гарах талаар асууж, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтын тусгай зөвшөөрөл олгоход шаардагдах хугацааны тухай асуудлыг хөндсөн.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан Алтанширээгийн газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад зориулан Энэтхэгийн "Эксим" банкнаас нэмж авах 431 сая ам.долларын зээл, төслийн ерөнхий гэрээний нөхцлүүд, Дорноговь аймгийн Хатанбулаг, Хөвсгөл сумдад гарсан ямааны халдварт өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар асуув.

Гишүүн М.Энхцэцэг шинээр хэрэгжүүлэх эрчим хүчний төслүүдийн санхүүжилтэд гадаадын зээл тусламж гэсэн тодорхойгүй эх үүсвэр тавьж, тус бүр 10 сая ам.долларын санхүүжилт тавьсан нь тооцоо судалгаагүйг илтгэж байгаа талаар өгүүлж, БНСУ-ын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа аймгуудын дулааны цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөжүүлэх төслийн явц, бүс нутгийн найдвартай цахилгаан хангамжийн нэгдүгээр үе шатны ажилд ямар бүсүүд хамрагдах, ямар ажлууд хийгдэхийг тодруулан асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн П.Мөнхтулга малын түүхий эдийг боловсруулах чиглэлээр ямар хөрөнгө оруулалтууд хийгдэх, Дарханы арьс ширний үйлдвэрлэлийн цогцолбор төслийн явц, энэ салбарт хувийн хэвшлийг хэрхэн дэмжих талаар асууж, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр 25 тэрбум төгрөг төсөвлөсөн нь хүрэлцээгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа ноолуурыг самнаж экспортлох боломж, төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулах үйлдвэрүүдийг цаашид хувьчлах, эсэх, “Цагаан алт” хөтөлбөрийн 2025 оны санхүүжилтийн  талаар, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын болон яамны төсөв нэмэгдсэн үндэслэлийг тодруулж, тус салбарын хувийн хэвшилд олгох 555 тэрбум төгрөгийн татаасыг хэрхэн зарцуулахыг асууж, цаашид татаасгүй болох боломж бий эсэхийг тодруулсан юм.

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа “Тавантолгой түлш” ХК нийслэлийн өмчлөлд шилжин ирснээр ямар шинэчлэл, өөрчлөлт хийгдсэн болон нүүрсний экспортыг 2025 онд нэмэгдүүлээд зам тээвэр, хилийн боомтын дэд бүтцийн хүчин хангалттай хүрэлцэх, эсэх талаар, УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан яамдын орлогын эх үүсвэр, тэр дундаа хайгуулын лиценз олголтоос улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ, ноолуурын урамшууллын талаар тус тус асууж, хариулт авсан юм.
 



Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар аль нэг улсаас хэт хамааралтай импортын бүтээгдэхүүн, түүний хангамжид учирч болзошгүй эрсдэлийг хэрхэн тооцоолж буйг болон хүнд, хөнгөн үйлдвэрийн салбарын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар яамд хэрхэн ажиллаж байгаа, аж үйлдвэрийн бүтээмжийн бодлогууд хэзээ бэлэн болох, эрчим хүчний үнийг нэмэхэд аж үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудад ямар ачаалал ирэх, үүнээс ямар эрсдэл учрах, аймгуудад хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдээс тухайн орон нутгйин аж ахуйн нэгжүүд хэрхэн хүртэх, “Оюутолгой” ХХК-тай холбоотой, Монгол Улсад ногдох өр төлбөрийг цаашид нэмэхгүй байх зэрэг заалт бүхий УИХ-ын 103 дугаар тогтоолын хэрэгжилт ямар байгаа зэрэг олон асуудлыг хөндөн асууж, Засгийн газрын гишүүд болон холбогдох албаны хүмүүсээс дэлгэрэнгүй хариулт авав.

УИХ-ын гишүүдийн асуултад хариулахдаа Сангийн сайд Б.Жавхлан, өнгөрсөн долоо хоногт ОУВС-гаас гаргадаг улирлын урьдчилсан таамаглалд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2025 онд 7.0 хувь байна гэснийг онцолж, энэ нь сүүлийн 34 жилийн хугацаанд тус сангаас гаргаж манай улсын талаарх хамгийн өөдрөг төсөөлөл болохыг онцлов.

Мөн тэрбээр, жижиг, дунд үйлдвэрийг зээлийн бүтээгдэхүүнээр, зах зээлээр, эдийн засгийн тогтвортой байдлаар дэмжих бодлогын зорилтууд нэгдсэн төсвийн төсөлд тодорхой туссан гээд, Засгийн газраас хувийн хэвшилтэй төр өрсөлдөхгүй байх бодлогыг баримталж, цаашид улсын болон орон нутгийн төсөвт аж ахуйн нэгж байгуулахыг зогсоох зарчмаар ажиллаж буйг танилцуулсан.

Эрчим хүчний салбарын төслүүд санхүүжилтийн хувьд харьцангуй том дүн шаарддагийг дурдаж, Төсвийн тухай хуульд 2022 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу улсын төсвөөс санхүүжих аливаа төсөл, хөтөлбөрүүд гурван жилийн дотор ашиглалтад орох шалгуур шаардлагыг хангуулахад онцгойлон анхаарч буйг тэмдэглэсэн юм.
 



Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр УИХ-ын гишүүдийн асуултад дэлгэрэнгүй, тодорхой хариулт өгч, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн зургаа нь тус салбарт хэрэгжихээр байгааг дурдав. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд хөдөө аж ахуйн гаралтай гол түүхий эд болсон ноос, ноолуур, арьс ширийг бэлтгэх, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэхийн тулд эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлийг санхүүжүүлэх, гааль, татварын болон бусад таатай орчныг бүрдүүлэхэд 2028 он хүртэл нийтдээ 1.5 их наяд төгрөгийн дэмжлэг үзүүлэх бөгөөд энэ санхүүжилтийг жил бүр 304.3 тэрбумаар улсын төсөвт тусгах юм. Дархан-Уул аймгийн болон Ховдын арьс ширний цогцолбор, хөдөө аж ахуйн түүхий эд боловсруулах үйлдвэрлэл, технологийн паркууд тус хөтөлбөрийн томоохон ажил болох юм гэлээ.

Мөн тэрбээр, энэ өвөл 78 сая толгой мал өвөлжихөөр байгааг мэдээлж, өвөлжилтөд бэлтгэж тэжээлийн таримлыг эрс нэмэгдүүлэн 100 мянга орчим га-д тариалж, 200 гаруй мянган тонн тэжээлийг бэлдсэний дээр иргэд, малчид өөрсдөө тэжээл бэлдэж байгаа талаар яриад, гэсэн хэдий ч өвөлжилт хүндрэх тохиолдолд тэжээлийн хүрэлцээ хангалтгүй тул мал, мах бэлтгэх ажлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг дурдав. Манай улс өнөөдрийн байдлаар Төв Ази, Алс Дорнод, Арабын хойгийн улс орнуудад мах нийлүүлж байгаа бөгөөд энэ оны 12 дугаар сарын эхээр Евро-Азийн эдийн засгийн холбоо хөдөө аж ахуйн гаралтай 375 барааг гаалийн татваргүй, квотын хязгаарлалтгүйгээр нэвтрүүлэх гэрээг эцэслэнэ гэлээ. Ямааны ноолуураа манай улс 100 хувь угаадаг болсон бөгөөд дараагийн шатанд 100 хувь самнаж, нэмүү өртөг шингээн экспортод гаргахаар ажиллаж байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд онцолсон юм.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хариуцлагатай уул уурхайн кодексыг бүрэн нэвтрүүлэхээр ажиллаж буйгаа дурдаж, БНЭУ-ын Засгийн газрын 20 жилийн хугацаатай, 1.75 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийн нэмэлт зээлийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, уг төсөл 2027 оны 11 сард ашиглалтад орохоор байгааг мэдээлсэн юм.

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Гашуунсухайт боомтын шинэ цогцолборын бүтээн байгуулалтыг дуусгаж, энэ сарын 15-наас дулаанаар ханган, туршилтын ашиглалт эхлүүлээд байгааг ярьж, ирэх 11 дүгээр сарын эхээр хүлээж авч, ашиглалтад оруулах тухай, мөн Замын-Үүд боомтын ачаа тээврийн цогцолборыг өнгөрөгч онд туршилтад оруулсан бөгөөд одоо урт хугацааны буюу 24 цагаар ажиллуулах туршилтыг явуулж байгаа талаар танилцуулав. Мөн Сүхбаатар аймгийн Бичигт боомтоор нүүрсний экспортыг нэмэгдүүлэх хүрээнд автозам барих ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд ирэх 2025 оны 12 дугаар сард дуусах уг ажлын гүйцэтгэл 20 хувьтай яваа аж. 

Шивээхүрэн боомтын хүчин чадлыг өргөжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар чингэлэг тээврийн терминал, нарийн төмөр замын бүтээн байгуулалт, жолоочгүй тавцан тээврийн терминалууд барьж ашиглалтад оруулжээ. Үндсэндээ 2025 онд зорьж байгаа эрдэс баялгийн худалдааг БНХАУ-тай хийхэд боомтын дэд бүтцийн хүчин чадал хүрэлцэнэ гэсэн хариултыг сайд Б.Тулга өгөв.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүдийн тавьсан асуултад Засгийн газрын гишүүд болон холбогдох албаны хүмүүсийн өгсөн хариулт хангалтгүй байгааг Байнгын хорооны дарга С.Ганбаатар анхааруулаад, Улсын Их Хурлын гишүүн тус бүрд асуултынх нь хариултыг бичгээр өгөхийг даалгав.

Мөн УИХ-ын гишүүдээс гаргасан газрын тос боловсруулах үйлдвэртэй холбоотой асуулгын хэлэлцүүлгийг яаралтай хийх, “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн талаарх асуулгад ойрын үед хариулахыг үүрэг болголоо.

Ингээд Байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын гишүүд, нам, эвслийн бүлгүүд, төрийн аудитын байгууллагаас зөрчмын зөрүүтэй санал ирээгүй тул 2025 оны нэгдсэн төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Аж үйлдвэрлэлийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top