Олон улсын тогтвортой байдлыг бэхжүүлэхэд БРИКС чухал үүрэг гүйцэтгэж чадна гэж үзэж байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 10 сарын 28

Олон улсын тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн түншлэлийг хөгжүүлэх болон уур амьсгалын өөрчлөлт, усны гачигдал зэрэг дэлхийн хэмжээнд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд БРИКС чухал үүрэг гүйцэтгэж чадна хэмээн Казахстан улс үзэж байна гэж Казахстан улсаас ОХУ-д суугаа элчин сайд Даурен Абаев мэдэгджээ.

“Юуны түрүүнд бид БРИКС-ийг олон улсын тогтвортой байдлыг бэхжүүлэх чухал механизм гэж үзэж байна. Өнөөгийн геополитикийн хурцадмал байдал дэлхийн хамтын нийгэмлэгт тулгарч буй гол сорилт, аюул болж байна. Иймд уг хурцадмал байдлыг намжаахад чиглэсэн хүчин чармайлт чухал юм. Манай ерөнхийлөгч Евроазийн эрх тэгш, нэгдмэл аюулгүй байдлыг хангах Оросын үзэл баримтлал болон Хятадын энхийн санаачилгыг онцлон тэмдэглэж байгаа билээ” гэж Казахстаны элчин сайд хэлэв.

“Хоёрдугаарт, БРИКСийн гишүүн орнуудтай эдийн засгийн түншлэлийг хөгжүүлэх боломж бүрдэж байгаа нь манай улсын хувьд чухал. Өнөөдөр БРИКС-ийн гишүүн орнууд дэлхийн эдийн засгийн өсөлтийг тэтгэгч, бизнесийн чухал төвүүд болоод байгаа юм. Тэгээд ч манай хоёр том хөрш, худалдааны гол түнш Орос, Хятад хоёр БРИКС-ийг үндэслэгч улсууд юм. Тэгэхлээр бид БРИКС-тэй эзийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг зүй ёсоор сонирхож байгаа билээ” гэж Даурен Абаев тэмдэглэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top