Улс, түмнээрээ улстөрчид болохдоо туллаа

2024 оны 11 сарын 05

Цагийн цагт л улс төр сонирхогч, өндөр сэнтий мөрөөдөгчид байсан. Социалист нийгмийн үеэс л сум нэгдлийн хурал дээр үгээ чанга хэрнээ дарга нарт тал засан хэлдэг, өргөл барьц барьж сэтэр зүүх гэсэн хандлага ч байсан. Харин өнөөдөр энэ байдал утгаа алдсаны нэг жишээ нь улс төрийн олон нам, өөрийгөө улстөрч гэж бодсон мянга мянган нөхөд, үүнийг дагасан зангиатнууд олширчээ. Туулсан амьдралаа тариалангийн талбайд өнгөрүүлсэн нөхөр цүнхээ буруу харуулж барьчихаад улс төр яриад яваад байхаар яаж улс орон хөгжих юм бэ. Газар тариалангаа эрхлээд улсаас урамшуулал авч, намартаа хэдэн төгрөгийн орлого олдог төдийгүй ажлын байр бий болгож явсан нөхөр ингээд юу юу ч үгүй улстөржиж үлдсэн нь цөөнгүй.

Сүлжээ хоолны газар байгуулан олон зуун хүн цалинжуулан ажиллаж байсан нөхөр сүүлийн 10 гаруй жил улстөржөөд өнөөдөр хоолны газар ч үгүй, намынхаа түрээсийн байрны өрөөний мөнгийг өгч чадахгүй лац тавиулчихсан сууна. Ингэхээр энэ нийгмийн амьдрал яаж хөгжих юм бэ. Уг нь зуун зуун хүнийг ажлын байраар хангаад өрсөлдөөнт нийгэмд өнгөлж явсан хүн юм сан. Энэ мэт жишээ дурдаад байвал амьдрал ахуйгаа сүйтгэсэн нөхөд олон бий.

Агуулгаараа бол энэ нийгэмд, Монгол Улсад хортой зүйл гэдгийг ухаарах хүн хэр олон байгаа бол. Улс төрд донтогсод олон байгаа учраас л Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 нам байгаа хэрэг шүү дээ. Гурван сая гаруй хүн амтай Монгол Улсад 37 улс төрийн нам байж болох ч энэ бүхний цаана өнөөх улстөржилт, хий хоосон мөрөөдөгчид ажил амьдралаа үрж байгаа нь харамсалтай. Өнөөдөр захын нэг нөхөр улс төрийн баруун зүүнийг магнайлж байгаа МАН, АН-д байр суурь эзлэнэ гэдэг үнэхээр хүнд.

Энэ хоёр намд багаасаа зүтгэсэн нэгэн өөрийн бууриа нэг засна, эсвэл хөндлөнгөөс их хөрөнгө хаясан нэгэн босгыг нь давдаг бичигдээгүй дүрэмтэй. Түүнээс таргийн таван ямаатай нөхөр энэ хоёр бүлэглэлийн хаалгыг тогшихын ч хэрэггүй. Үүнийг мэдсэн нөхөд л улс төрийн нам байгуулан улстөржиж байна. Ерөөсөө дэлхийн түүхэнд баруун зүүнтэн гэх хоёр бүлэглэл төрийн эрхийг ээлжлэхдээ ээлжилж, хамтрахдаа хамтран барьж ирсэн түүхтэй. Гуравдагч, өөр бусдын орон зай гэж тийм ч нөлөөтэй байсангүй. Манай шинэ үеийн улс төрийн түүхэнд ч ховор. Бид 2024 онд парламентын ардчиллыг бэхжүүлнэ, олон намын тогтолцоог бий болгоно хэмээн хуульдаа өөрчлөлт оруулсан. Нэг талдаа зөв байж болох ч улс түмнээрээ улстөрч болчих гээд байгаа оронд зөв тогтолцоо юу гэдгийг ч бодох хэрэгтэй. Хэн ажил хийж, улс орноо хөгжүүлэх юм бэ.

Уг нь бол бизнестэй нь бизнеэсээ хийгээд, малтай нь малаа маллаад, багш нь хичээлээ заагаад явах шиг өлзийтэй зүйл үгүй. Ардчилал шинэ тутам хөгжиж буй Монгол Улсад Сонгуулийн тухай хуульдаа байнга өөрчлөлт хийж, туршилтын замаар явж байна гэхэд болно. Цэл залуухан ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оролцож явлаа хэмээн цээжээ дэлдээд байгаа болохоос биш Монгол Улсад ардчилал нь дэндүү нялх, харин цээжээ дэлдэгсэд нь нэгэн жарны босго даваад оджээ. Манай улсад ардчилсан нийгэм тогтоод 30 гаруй жилийн нүүр үзэж байгаа гэхээр хүний амьдралын хэмжүүрээр авч үзвэл “Биеэ засаад гэрээ засчихсан, гэрээ засаад төрөө засалцаж суух” нас санж. Гэвч нийгмийн тогтолцоонд бол яах аргагүй нялх нас юм. Өөр арга ч байхгүй. Харин төрөө засалцах насандаа биеэ ч засч чадахгүй тэтгэвэртээ сууж байгаа ардчилагчид бол олон бий.

Сонгуулийн хууль солигдох бүрт ямар нэгэн үр дагавар гардаг. Сайн ч үр бий, муу ч үр бий. Ихэндээ тааруу үр дүнтэй байдаг. Гэхдээ гуравдагчдыг орон зайд гаргаж ирсэн 2004, 2012, 2024  оны тогтолцоо байдаг. Хуулийн өөрчлөлтийн үрээр 2004 онд олон намаас бүрдсэн парламент бүрэлдэж байсан түүхтэй. Тодотговол, өдгөөгийн МАН буюу тухайн үеийн МАХН 36, Ардчилсан Нам, Эх Орон Намын "Эх орон-Ардчилал" эвсэл 36, БНН нэг, гурван бие даагч гишүүн гэсэн бүтэцтэй парламент бий болж байв. Харин энэ удаагийн сонгуулиар МАН, АН, ИЗНН, ХҮН, Үндэсний эвсэл гэсэн таван намын бүрдүүлж өгөв. Эвсэлтэйгээ нийлвэл зургаан намын иж бүрдэл юм энэ парламент юм. Засгийн газар ч гурван намаас бүрдэж байна. Үүний нэг алдаа нь хэнийг хамаагүй сайд дарга болгодог муу талтай. Ямар сайндаа Л.Гүндалай, Б.Жаргалсайхан нар Засгийн газарт сайд болж байхав дээ. Өнөөдрийн Засгийн газарт ч үүнээс муу дүрүүд байгааг нуух хэрэггүй. Тэгэхээр Б.Жаргалсайханы тухай авч үзье.

Тэр анх УИХ-ын гишүүн, сайд болсноос хойш 20 гаруй жил улстөржиж, амьдралаа үрж байна. УИХ, Намын дарга, Ерөнхийлөгч, нөхөн гээд горилж өрсөлдөөгүй сонгууль гэж байхгүй ч амжилт гаргасан нь нэг ч үгүй.

Гэтэл хуулийн цоорхойгоор нэг удаа УИХ-д сонгогдож, аргагүй эрхэнд сайдын суудалд суулгасан нь түүнийг ийнхүү улс төрөөс гарах аргагүй болгочихлоо. Тэр хүний бизнест ямар хортой нөлөөлж байгаа бол гэхээс хэлэх үг үл олдоно. Тэр тусмаа олж байгаа орлогын хэдэн хувь нь энэ улс төрийнх нь үйл ажиллагаанд зориулагддаг бол гэхээс өмнөөс нь хармалмаар. Ямар ч харамч хүн мөнгө зарахгүйгээр улс төр хийх аргагүй. Ядахад Б.Жаргалсайханд нэрээ дэвшүүлэхгүй талбар гэж алга. УИХ-ын сонгууль болсон ч өрсөлдөнө, унана. Ерөнхийлөгчийн дотоод сонгууль болсон ч өрсөлдөнө, унана. Намын даргын сонгууль болсон ч өрсөлдөнө, унана. Энэ бүгдийн цаана асар их мөнгө урсаж байгаа. АН-ын даргад өрсөлдөх эрх авахад л 250 сая төгрөг, Ерөнхийлөгчийн дотоод сонгуульд өрсөлдөхөд 250 сая, УИХ-ын сонгуульд өрсөлдөх мандат хэдэн зуун сая гээд их мөнгө гаргаж байгааг бид гадарлана. Тэр тусмаа сонгуулийн зардал өдгөө тэрбумаар хэмжигдэх болжээ. Үүний оронд компанидаа хөрөнгө оруулалт хийхэд яана. Ажилчдынхаа цалинг таван хувиар ч болтугай нэмэхэд яана гэж бодогдохоор. Тэгээд ч Б.Жаргалсайхан шиг хүн улс төрд ямар ч хэрэггүй гэдгийг сонгогчид удаа дараа батлаад өглөө шүү дээ. Тэр бизнестээ хэрэг болж байвал их юм. Тэгэхдээ сонгогчдын сэтгэлгээ, санаа бодол өөр болсныг Б.Жаргалсайханыг олон удаа нэрээ дэвшүүлж байхад сонгохгүй байгаагаас харж болно. Өөрөөр хэлбэл, сонгогчдын боловсролд ахиц дэвшил гарч байна гэсэн үг. Үүнээс гадна 2012 оны сонгууль нь 48 нь тойргоос, 28 нь намын жагсаалтаар УИХ-д орж ирсэн. Энэ нь намд өгсөн саналын рейтинг харгалзан, жагсаалтад эрэмбэлэгдсэн нөхөд УИХ-д орж ирнэ гэсэн үг. Энэ өөрчлөлтөөр МАХН УИХ-д 10 орчим суудал авч, гуравдагчдын орон зайд заларч байв. Засгийн газарт хүртэл хамтарч, Хорооны Засаг дарга сайдын суудалд заларч байсан түүх бий. Энэ бол Н.Энхбаяр гэдэг нөхөр өөрийнхөө хязгааргүй хүсэл дор олон хүнийг улс төрд донтуулжээ.

Түүний дагаж улс төрд орж ирсэн О.Баасанхүү бол УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон, одоо тэр улс төрөөс гарах нь өнгөрсөн. Өнгөрөгч 2024 оны сонгуулиар өрсөлдөөд унасан. Одоо ахиад ч өөр зүйл рүү өнгөлзөж явна. Энэ мэт нь өнөөх л хуулийн алдаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тоглолцоонд өөрчлөлт орж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, 48 хүн намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон. Эдгээр нөхөд ахиад улс төрөөс явж чадахгүй. Хэтдээ энэ нь бас л хуулийн алдаа болно. УИХ-ын гишүүдийн тоог нэмж, намуудад боломж олгож байгаа нь улсаараа улстөрч болохын дохио. Тэгэхээр хэн ажил хийх юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zzzz(66.181.177.21) 2024 оны 11 сарын 05

tulakh bish , ali ert bolchikhson shuu dee , doloon buudlyn doljin awgaigaas ekhleed togdgor otgonbaatar , bosoo ganbaa geed yawaad ugnu , aa bas khoshin sahogiin amartuwshin , tetgeweriin baasan awgai , duuchin alia jawkhlan geed l\n

0  |  0
zzzz(66.181.177.21) 2024 оны 11 сарын 05

tulakh bish , ali ert bolchikhson shuu dee , doloon buudlyn doljin awgaigaas ekhleed togdgor otgonbaatar , bosoo ganbaa geed yawaad ugnu , aa bas khoshin sahogiin amartuwshin , tetgeweriin baasan awgai , duuchin alia jawkhlan geed l\n

0  |  0
Top