Их мэдэхийн дон хэтэрвэл хэцүү. Юм болгон дээр зааж зааварлаж, өөрөөс нь илүү мэдэх хүнгүй мэт сагана. Хэдэн дагагчтай болчихвол бүр тэнгэрийн хүн болно. Сүү ууж болохгүй, нялх амьтанд л зохино. Том хүнд таарамжгүй. Мах идэж болохгүй, биед гэм болно. Дотор мах бол тэр чигээрээ хор. Гахай, тахианы мах идвэл хавдар тусна. Загасны мах хүртвэл лусын хорлол тусна. Ногоо их идэх тааруу, мал адгуус биш. Ингэвэл баяжина, тэгвэл хөлжинө гээд л цувуулж гарна. Тийм их мэдэх улстөрч болбол бүр гарч өгнө.
Хэлэлцсэн асуудал бүрээр хэвлэлийн бага хурал хийлгэж, "Мэдээлэл өгнө" хэмээн сэтгүүлчдийг хуйлруулна. Хуралдаанаар ямар ч сэдвээр асуудал хэлэлцсэн бай, хамгийн түрүүнд товчлуур дарж санал хэлнэ.
Мэдэхгүй сэдэв, хөндөхгүй асуудал гэж байхгүй. Баахан попорч, хүн амьтны сэтгэл санаа үймүүлнэ. Аягүй дур нь хөдөлбөл лайв хийгээд салахгүй. Тэгсэн атал гарсан үр дүн, гаргасан зөв дүгнэлт, хүрсэн шийдэл байхгүй. Ийм л их мэдэхүүд улсын хөгжилд ч, хувь хүний амьдралд ч саад тээг болж харагдах юм даа.
Сэтгэгдэл ( 1 )
Тэнэг нийтлэл