Улс төрийн амьдрал ороо бусгаа хэвээр байна. Сонгууль ойртох тусам улам ч бусгаж, булгисан улс төрөөр бид амьсгалах бололтой. Ардын нам хоёр хэсэг болоод хуваагдчихсан байгааг хэлэх үү. Энэ намаас хуучин МАХН нь дахин мэндэлсэн. Шинэ намын магнайд өнөөх золигийн Н.Энхбаяр нь яваа. Тэр улс төрөөс гарахыг хүссэнгүй. Ер нь улс төрийн их өргөөнд нэгэнт орсон бол гарах хаалга олддоггүй юм болов уу даа. Яг л ширэнгэн ойд төөрсөн сармагчингийн зулзага шиг болдог ажээ. Н.Энхбаяр нэлээд будилж, хараалгаж, зүхүүлэн байж МАХН-ынхаа нэрийг Дээд шүүхэд бүртгүүлээд, сая л нэг юм ойн цоорхойд гарч ирлээ. Харин үүнийх нь дараахнаас хуучин андууд буюу Ардын намынханаас нь түүн рүү хандрах хүн цөөнгүй болж байна. Ирэх сонгуульд нэрээ дахин дэвшүүлэхийг горилсон хүмүүсийн зарим нь тойргоосоо жийгдэж буй тул тийшээ нүүдэл хийж эхэлсэн гэнэ. Тиймээс тэдгээр гологдогсод МАХН хэмээх нэрийг дахин сэргээсэнд нь битүүхэндээ баяртай байна. Ардын намын “удирдагчид” хэрвээ тэдэнд сонгуулийн тойрог хуваарилахгүй бол Н.Энхбаяр руугаа яваад өгнө гэцгээх ажээ.
Тухайлбал Баянзүрх дүүрэгт Ц.Батбаяр гишүүн нэрээ дэвшүүлэх боломжгүй гэсэн яриа Ардын намын байрнаас гудамж, хороолол руу тархаж эхэллээ. Энэ нь тус намын томчуудаас мессеж тээлгэж нисгэсэн бор шувууд. Ардын намын удирдлагуудад халгаатай, Сү.Батболдын Засгийн газрыг хамгийн их шүүмжилж, гороолдог гишүүн гэгдээд байгаа Ц.Батбаяр 2012 оны сонгуульд ямартай ч тойроггүй үлдэхээр болж байна. Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах санал тавьж, шуугианы гол эзнээр тодорч явсан нь түүнд ийм “ял” сонсоход хүргэв. Тэрээр өөр хаана ч хамаагүй нэг тойрогт хор шарандаа нэр дэвших гэж намынхаа удирдах зөвлөлтэй тэрсэлдэх л байх. Багануур, Багахангай хавилдуу нэрээ дэвшүүлэх санал тавьж магадгүй. Гэвч намынх нь удирдлага хүлээж авахгүй болов уу. Баянзүрхийн иргэд түүнийг адгийн худалчаар нь дуудаад эхэлчихсэн. Мань хүн 2008 оны сонгуулиар намынхаа мөрийн хөтөлбөрөөс давж харайгаад, гэр хороооллын айлуудын газрыг байраар солино гэж амласан нь талаар болж буйг Багахангай, Багануурынхан цөмөөрөө сонсож суугаа хойно доо. Улс төрийн салхи нэгэнт ингэж буруу зүг рүү эргэснийг Ц.Батбаяр мэдмэгцээ сүүлийн үед Н.Энхбаяр руу яваад очсон ч яахав гэсэн бодлоо ойр орчмынхноосоо нуухгүй байх шиг байна. Ер нь МАХН албан ёсоор бүртгүүлснээс хойш түүн шиг ийнхүү таахалзах хүн мэр сэр гарч ирсээр байгаа аж. Ардын намын удирдлага УИХ-ын гишүүн Д.Арвиныг Хэнтийгээс жийж буй сурагтай. Түүнд Баянзүрх, Чингэлтэй дүүргийн аль нэгэнд нэрээ дэвшүүлж болох юм гэсэн ерөнхий чиглэл өгчээ. 2008 оны сонгуулиар Чингэлтэй дүүргийнхэн Ардын намын хашир, турлагатай гишүүн Л.Одончимэдийг яг ийм маягаар Дорноговь аймгаасаа туугдаж ирэхэд нь огтхон ч тоолгүй унагаж орхисон. Ер нь Чингэлтэйнхэн сонгуульд хэнийг нь унагаж, хэнийг нь авч үлдэн өөрсдийн элч төлөөлөгч болгохоо сайтар тунгаадаг болжээ. Ц.Шаравдоржийг бас тэд өнгөрсөн сонгуулиар шууд л баяртай гэсэн. Тэдэн шиг Баянзүрх дүүргийнхэн урьд урьдын сонгуулиар Ж.Гүррагчаа, Ц.Батбаяр зэрэг хүмүүст хулхидуулсандаа нэлээд омголон бөгөөд хянуур болоод байгаа. Хэнтийдээ уг нь их юм хийсэн Д.Арвин энэ хоёр дүүргийн аль нэгэнд нэрээ дэвшүүлэхээр болвол нэлээд шүүсээ шахуулах байх. Хоосон амлалт, мухар сохор, баримжаа муутай суртал нэвтрүүлгээс эдгээр дүүргийн сонгогчид ихээхэн залхсан улс. Хууль тогтоох үйл ажиллагааг ч сайтар мэдэрсэн иргэдтэй болсон. Намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга У:Хүрэлсүхэд жийгдсэн Д.Арвин гишүүн энэ бүхнийг төсөөлж яваа бололтой. Тиймээс “Хэнтийдээ дахиад нэрээ дэвшүүлнэ. Хэрвээ тэнд мандат олдохгүй бол МАХН байгаа юм чинь, тэндээс мандат олдож л таарна” гэж сөргөж үзжээ. Энэ нь ч зөв биз. Адилхан зүүний чиг баримжаатай нам шүү дээ. Тэгээд ч Н.Энхбаярыгаа тэр ямар танихгүй, мэдэхгүй биш. Цаадах нь ёстой шүүрээд авах байлгүй дээ. Н.Энхбаяр Ардын намынхаа хуучин андуудыг тэртээ тэргүй “Хүрээд ирцгээ” гэж урьж байгаа.
Хөвсгөлийн Ц.Даваасүрэнд Ардын нам нь бас л мандат олгохгүй сураг дуулдаж байна. Ц.Шинэбаярыг мань эр өмөөрч, намын даргадаа асуудал тавьж байсан нь одоо түүнийг гайтуулах боллоо. Угийн шазруун У.Хүрэлсүх “Дараагийн сонгуульд нэрийг нь дэвшүүлэхгүй” хэмээн албан ёсоор зарласан удаатай. Ц.Даваасүрэнтэй хамтдаа иймэрхүү ялын “тогтоол” сонссон Д.Тэрбишдагва Сонгино хайрхандаа мөн буцаж очих боломжгүй болж байна. Тойргоосоо жийгдсэн тэд Д.Арвингийн адил “Хажууд маань Хан Хэнтий налайж байхад...” гэж кинонд гардаг шиг “МАХН дэргэд байхад яасан ч яахав” гэсэншүү жишим ч үгүй, толгой дээгүүр алхаж байгаа ажээ. Ийнхүү тойргоосоо жийгдэх нь нэгэнт тодорхой гишүүд хуучин дарга Н.Энхбаярыгаа бараадахыг мөрөөдөх болоод байна.
Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )