Засгийн газрын 14 төслийг дэмжих “КЬЮ ЭС СИ”-гийн гангийн үйлдвэрийн төсөл бэлэн бий

2024 оны 11 сарын 14

Манайд үндэсний үйлдвэрлэл хөгжих бүрэн боломж бий. Гагцхүү улс төр, бизнесийн бүлэглэлийнхэн өөрсдийнхөө эрх ашгийн төлөө татан унагаасан тохиолдол цөөнгүй бий. Ингэхээр Монгол Улсад хэчнээн хөгжил яриад ямар ч нэмэр байхгүй байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч өөрөө онцолж байсан.

Засгийн газрын бодлогын дагуу Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Н.Учрал “Захирлын урамшуулал нь зарлага болсон төрийн өмчит компанийг татан буулгаж, заримыг нь нэгтгэнэ. Төр хуушуур хийх, хоол хийх, хүүхдийг нь халамжлахаас бусдыг хийж байгаа асуудлыг таслан зогсоож, аутсорсинг байдлаар хувийн хэвшилд шилжүүлэх ажлыг хийнэ. Өдгөө байгаа 64 их наядын орлогын 70 хувийг Төрийн өмчит тавхан компани бүрдүүлж байна” гэдгээ мэдэгдсэн. Засгийн газрын байр сууриас харвал Монгол Улсыг хөгжүүлэх зорилго дор нэрлээд байгаа 14 мега төсөлд ч хувийн хэвшлийнхэн өндөр оролцоотой байх нь ойлгомжтой харагдана. 

Тухайлбал, "Кью Эс Си" компани хэрэгжүүлэхээр эхэлж байсан Гангийн үйлдвэр барих төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг гэнэт цуцалсан. Гэрээг цуцалсан шалтгаанаа "Кью Эс Си" компани төслийн ажлыг удаашруулсан хэмээн тайлбарладаг. Гэхдээ үүнийг төсөл хэрэгжүүлэгч компанид нялзаагаад орхиж болохгүй. Бодит нөхцөл гэвэл төслийн ТЭЗҮ-ээр бол эрчим хүчний өндөр хэрэглээтэй цахилгаан зуухны технологи ашиглан Гангийн үйлдвэр барих ёстой байсан ч Монгол Улс эрчим хүчний хомсдолд нэгэнт орчихсон учраас боломжгүй болж байв. Гэвч төсөл хэрэгжүүлэгчид тулгарсан бэрхшээлд сөхөрсөнгүй, цахилгаан бага зарцуулдаг “Домен” зуухны технологи ашиглах өөрчлөлт оруулсан. Тиймээс энэхүү өөрчлөлтийг оруулсан ТЭЗҮ-г 2021 онд батлуулсан. Тэдний хувьд цаг үе, нөхцөл байдалд уялдуулан, төслөө өөрчилж, арга зам хайж байсан ч улс төрийн шалтгааны улмаас хугацаа алдсан хэмээн гэрээг нь цуцалсан байх. Гэхдээ бодит саад нь Засгийн газар нь 2013 онд батлагдсан хэд хэдэн Цахилгаан станцын төслийг гацааж царцаасан учраас эрчим хүчний хомсдолд орсон нөхцөл байдал байв. Харин өдгөө Засгийн газар эрчим хүчний хомсдлыг арилгах томоохон шинэчлэл хийхээр төлөвлөөд ажиллаж эхэлсэн нь сайн хэрэг. Тиймээс "Кью Эс Си" компанийн хэрэгжүүлж эхэлж байсан Гангийн үйлдвэрийг төслийг дэмжих нь гарцаагүй болж байна.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө УИХ-д өргөн барьж батлуулсан. Засагт хамтарсан гурван намын хувьд улс орны хөгжлийн төлөө нэгдэж, хурдтай хөгжихийг зорилго болгосноо мэдэгдээд буй. Түүнчлэн, томоохон бүтээн байгуулалтыг хурдтай эхлүүлж, хэн нэг нь гацаахгүй гэдгээ МАН, АН, ХҮН намын дарга нар боловсноор амлаж, хамтын ажиллагааны гэрээгээ албажуулаад ажилдаа орсон. Тус 14 мега төсөлд эрчим хүчний хэрэглээг хангах хэд хэдэн эх үүсвэр байгааг онцолсон. Мөнхүү тус төслийн жагсаалтад Гангийн үйлдвэр нэлээд жин дарж, засаглагчид нь үүнийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлсэн.

Засгийн газар элдэв тендер зарлаж, төсөв хөрөнгө зарж, ТЭЗҮ ч хийх шаардлага алга. Гагцхүү "Кью Эс Си" компанийн бэлэн төслийг дэмжихэд л энэ ажил ямар ч саадгүй урагшлах юм байна гэж харагдаж байна.

Ямартай ч урьд өмнөх зарим баримтаас харъя. "Кью Эс Си" компани анх 2010 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, уул уурхайн металлургийн цогцолбор болгохоор зорин ажилласан гэдгийг та бүхэн мэднэ. Анх хөрөнгө оруулалтын гэрээг концессын гэрээ болгон өөрчилж, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн бүх менежментийн эрхийг “Кью Эс Си” компанид шилжүүлж байсан нь саяхан санагдах ч бас чиг хугацаа өнгөрчээ.

Засгийн газрын бодлогод туссан нийт төслийн хүрээнд “Кью Эс Си” зургаан чиглэлд, 20-30 дэд төсөл хэрэгжүүлж эхлүүлсэн. Хамгийн гол нь тус компани хэрэгжүүлсэн төслүүдээ ихэнхийг нь хөдөлгөсөн байдаг. Тэгэхээр ганцхан жишээн дээр бодит зүйл түшье. “Кью Эс Си” анх Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг аваад ажиллуулж эхлэх үед жилийн орлого 40-50 тэрбум төгрөгийн орлоготой, улсад 2-3 тэрбум төгрөгийн татвар төлдөг байжээ. Харин концессын гэрээгээ хэрэгжүүлж үйлдвэрийг ажиллуулж эхэлснээр жилийн орлого 400 гаруй тэрбумд хүрч, улсад төлөх татвар ч 80 гаруй тэрбум төгрөг болж өссөн баримт бий.

“Кью Эс Си" ХХК 2010 онд эл үйлдвэрийг ажиллуулж эхэлснээсээ хойш хөрөнгө оруулалт тасралтгүй хийж ирсэн. Ингэхдээ улсаас давж өөрсдийн нэр нүүрээр гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж ирсэн дотоодын томоохон компани гэдэгтэй маргахгүй баримт бий. Ялангуяа 2014 оноос хойш уул уурхайн том том тоног төхөөрөмжүүдийг оруулж ирж тоноглосон. Өмнө нь байгаагүй шанаган зуух, тасралтгүй цутгах тенологи бүхий электрон тоног төхөөрөмжийг ч тавьсан. Ган бол Монгол Улсад нэн шаардлагатай стратегийн гол бүтээгдэхүүн. “Кью Эс Си” компани гангийн шинэ үйлдвэр барих төслийг төрийн өмнөөс үүрч байсан нь үнэн. Одоо ч үүрээд гарахад бэлэн байгаа компани. Энэ чиглэлийн судалгааг сүүлийн арваад жил хийж ажилласан туршлага ч бий.
 

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

Тоймч С.УУГАНБАЯР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top