Д.ДУЛАМСҮРЭН: Хүнд үед Эрдэнэтдээ "Эмэгтэйчүүдийн ордон" бариулж чадсандаа бахархдаг

2024 оны 11 сарын 21

Монголын Эмэгтэйчүүдийн  Холбооны 100 жилийн ойн босгон дээр гэр бүлийн сайн сайхан, эмэгтэйчүүдийн эрх ашиг, нийгмийн хөгжлийн төлөө 40 жилийн амьдралаа зориулсан Эмэгтэйчүүдийн байгууллагын ахмад ажилтан Д.Дуламсүрэнг “Өглөөний зочин”-оор урьж ярилцлаа.


Дончинбуугийн Дуламсүрэн Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, хүнсний инженер, технологич мэргэжилтэй, эдүгээ 80 насны босго давсан ч залууст биеэрээ үлгэрлэж яваа нийгмийн зүтгэлтэн. Энгэртээ Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алдарт эхийн хос одон зүүж, “Нийгмийн зүтгэлтэн шилдэг эмэгтэй”-гээр өргөмжлөгдөж явсан, Монголын гэр бүлийн холбооны “Жинхэнэ гэр бүл”, Орхон аймгийн “Шилдэг, тэнгэрлэг гэр бүл”-ээр шалгарсан өрх гэрийн эзэгтэй, хүний сайхан хань, сайн ээж билээ.

-Эмэгтэйчүүдийн сонгуульт  байгууллагад анх ажиллаж эхэлсэн талаар тань яриагаа эхэлье.

 -Би 1970 онд Москва хотын Хүнсний технологийн дээд сургууль төгсөж найрамдлын Дархан хотын Хүнсний комбинатад инженерээр томилогдон ирсэн юм. Шинэ үйлдвэр хүчин чадлаа дүүрэн ашиглах, төлөвлөгөө биелүүлэх хариуцлагатай зорилттой тулгараад байсан үе. Төлөвлөгөөгөө яаж биелүүлэх вэ гэж л бодно. Тэгээд Дархан хотод байсан Орос цэргийн ангийн талхны цехийг хаалгахын төлөө зориглон хөөцөлдсөнөөр зогсоож дотоодын Хүнсний үйлдвэрийн талхаар хангах болсон. Тухайн үед Зөвлөлтийн байгууллагын үйл ажиллагааг хөндөнө гэдэг ихээхэн зүрх зориг шаардсан ажил байсан.

Хүнсний комбинатыг төслийн хүчин чадлаар нь ашиглалтад хүлээн авах  нээлтийн ёслол 1971 онд болж  Ю.Цэдэнбал дарга, Элчин сайд С.Н.Щетинин нарын хүндэт зочид ирэхэд би үйлдвэрийн үйл ажиллагааг орос хэлээр танилцуулж байв.

 

 

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед боловсон хүчний бодлогод анхаарал тавьж, залуу инженерүүдэд итгэл хүлээлгэж, залуусыг их ч дэмждэг байв.  Тэр итгэлийн дагуу намайг Дархан хотын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгчээр сонгосон юм. Киевт Хөнгөн үйлдвэрийн дээд сургууль төгсөж ирсэн Л.Болд Нэхий эдлэлийн үйлдвэрийн ерөнхий инженер, гэргий М.Энхмандах нь ерөнхий технологич, миний нөхөр Б.Дүгэржанцан Хүнсний комбинатын ерөнхий инженерээр томилогдон ажиллаж бид олон жил найзалж нөхөрлөсөн. Манайхыг хүүхэдтэй гэр бүл гэж дэмжиж Орон сууц олгох комиссоор хэлэлцээд хоёр өрөө байр олгож байлаа. Намайг ажилд ороод жилийн дараа ихэр хүүгээ төрүүлэхэд хотын дарга  Ч.Сүрэн, Намын хорооны нэгдүгээр  нарийн бичгийн дарга С.Гомбосүрэн нар санаа тавьж, шинээр Анагаахын дээд сургууль төгсөж ирсэн Х.Хаш-Иш /Хожим гавьяат болсон/ эмчид биднийг даалгаж өгч, долоо хоног бүр гэрээр ирж хүүхдүүдийг үздэг байлаа. Хотын Намын хорооны нарийн бичгийн дарга  Б..Доньд гэж ажлаа мэддэг мундаг дарга их дэмжиж тусална.

ЗХУ-ын хошой баатар, сансрын нисэгч, Зөвлөлт-Монголын Найрамдлын Нийгэмлэгийн тэргүүн В.В.Горбатко гуайг ирэхэд би хурлын индэрт шууд орчуулга хийсэн. Орос хэлэнд гайгүй байсан болоод тэр үү, хүмүүс  намайг чи оросын буриад уу гэж асуудагсан.

ХХҮЯамны томилолтоор 1972 онд Политехникумд багшаар томилогдлоо. Энэ үеэс ажлынхаа хажуугаар Соёлжих танхим байгуулж, эмэгтэйчүүдэд талх нарийн боов, хүнсний чиглэлээр сургалт явуулдаг болов. Эмэгтэйчүүдийн бага хуралд МЭХорооны дарга С.Удвал гуай ирж оролцсон цагаас тэр эрхэм хүнтэй танилцаж ажлаа уялдуулж, зөвлөгөө авч, Эмэгтэйчүүдийн байгууллагад 40 гаруй жил сонгуульт ажил хийсэн. Одоо Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн “Хүндэт тэргүүн” хэмээн өргөмжлөгдөж МЭХ-той байнгын холбоотой явж байна даа.

-Та Эрдэнэтэд анх ирэхдээ л үсээ толгой дээрээ гурван үе болгон овоолж, оросоор ус цас шиг чанга тод ярьж инээсэн бүсгүй байсныг тань санадаг юм.         

 -Миний нөхөр 1980 онд Эрдэнэт хотод баригдаж байсан Хүнсний комбинатын ашиглалтын өмнөх захиргааны даргаар, би хотын ҮЭ-ийн  зөвлөлийн Үйлдвэр, олон түмний хэлтсийн даргаар томилогдон ирж байлаа.

Дараа жил нь Улаанбаатарт Эх, нялхсын улсын анхдугаар зөвлөлгөөнд төлөөлөгчөөр сонгогдож, дараа нь Эмэгтэйчүүдийн чуулганд оролцсон юм. Тэгэхэд МЭХорооны тэргүүн С.Удвал дарга надтай уулзаж, Эрдэнэт хотын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн ажлыг сайн хийхийг захисан. Ингээд би зааварлагчаас эхлэн даргаар нь 30 жил ажилласан даа. С.Удвал дарга залуус бидэнд элгэмсэг ханддаг, тулхтай удирдагч байв. Намайг үсээ урдуур нь тайрч задгай тавьдаг байхад С.Удвал дарга надад “Чи над шиг үсээ овоолж янзалж бай” гэж зөвлөсний дагуу өнөөдрийг хүртэл үсээ ингэж янзалж явна. Зах зээлд шилжсэн үед ч би ажлаа орхиж үйлдвэрт оролгүй нэг ёсондоо  С.Удвал даргынхаа захиасыг биелүүлэхээр зүтгэж явлаа.

-Таны үед хотын Эмэгтэйчүүдийн зөвлөл мэргэжил боловсролтой  чадварлаг олон сайхан сэхээтэн бүсгүйчүүдээр багаа бүрдүүлдэг байсан. ОХУ-ын Ерөнхий консулын газрын Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй маш сайн хамтарч ажиллаж байсан даа?

-Ажлыг ёстой гялалзуулж байсан. Орон нутаг, Ерөнхий консулын газар, ”Эрдэнэт” үйлдвэр, Барилгын “Медьмолибденстрой” удирдах газар, үйлдвэр аж ахуйн газрын удирдлагууд ч дэмжиж Эмэгтэйчүүдийн анхан шатны зөвлөлүүд ч сайн ажиллаж байсан. 1982 онд Монгол-Зөвлөлтийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгуулж, аймаг, хотын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга нарт хороолол доторх хүүхдийн тоглоомын талбайг хэрхэн тохижуулах талаар сургалт явуулж байлаа. Засгийн газраас 1984 оныг “Хүүхдийн жил” болгон зарласныг дэмжиж хотын Хүүхдийн номын санд 5000 ширхэг ном, зурагт, пянз тоглуулагч, систем хөгжим авч өгч иж бүрэн тохижуулсан. Хүүхдийн эмнэлэгт 12500 төгрөгийн үнэтэй  “Москвич” машин бэлэглэсэн нь эх хүүхдийн эрүүл мэндийг  хамгаалахад чухал дэмжлэг болсон юм. Эмэгтэйчүүдийн зөвлөл жилд гурван удаа хонжворт сугалаа гаргаж, тэндээс олсон орлогоор машин худалдан авах хөрөнгө босгосон хэрэг л дээ. Мөн Жаргалант сумын сургуулийн 60 хүүхдийн дотуур байрыг гэрийн нөхцөлд ойртуулж бүрэн тохижуулж өгсөн юм.

Консулын газрын Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй маш олон ажлыг хамтран зохион байгуулж “Хусхан”, ”Чередайка”,”Урангоо” зэрэг  олон клуб байгуулж эмэгтэйчүүдийг амьдрах ухаанд сургасан. ЗХУ-ын Корпоткин хотын туршлагаар Эрдэнэт хотод Гэр бүлийн баярыг тусгай удирдамжийн дагуу явуулж ”Хэнийх уран бэ”,”Хэний хоол амттай вэ?”, “Гэрээ гоёцгооё” сэдэвт үзэсгэлэн гаргаж, гэр бүлийн концерт, спортлог гэр бүл шалгаруулдаг болсон. Зах зээлд шилжсэн хүнд үед бид бүсгүйчүүдээ амьдрах ухаанд сургах зорилгоор “Тохирсон хувцас биеийн чимэг”, ”Өнгөлөг шал,тунгалаг цонх”,”Орчноо цэцэгжүүлье” сэдэвт ажил зохиож  хямд төсөр материалаар өөрсдөдөө дээл хувцас оёж  сурцгааж байлаа.

 -Тэр үед төсөрхөн үнэтэй эрээн даавуугаар та өөртөө өнгө өнгийн дээл оёж өмсдөг байсан шүү дээ. Эхлээд мэдэхгүй  гоё хээтэй, тод өнгийн торго л гэж хардаг байлаа. Сүүлд танилцаад нарийн учрыг нь ойлгосон...

-Би багадаа ээжээсээ өнчирч үлдээд дөрөвдүгээр ангиасаа дээлээ оёж өмсөж сурсан. Нэгдүгээр ангиасаа сургууль төгстөлөө дотуур байранд сууж, зуны амралтаар аавдаа тусалж үнээ мал сааж, цагаан идээ хийж сурсан нь насан туршдаа надад хэрэг болж байна. 1983 онд Говь-Алтай аймагт “Төрөхийн өмнөх эмэгтэйчүүдийн байр”-ны танилцуулах ажил болж энэ үеэр аймгуудын зөвлөлийн дарга нар миний эрээн даавуун дээлийг ихэд сонирхож, туршлагаа ярьж, дэлгэрүүлж явлаа. “Эрээн даавууны баяр” хийж олон ч бүсгүй гоё дээл хийж өмссөн. Цэцгэн хээтэй даавуун дээлээрээ хилийн цаана ч гангарч л явлаа.

-Дээр үед лекц, улс төрийн сонсгол, хурал, зөвлөлгөөн тасардаггүй байлаа. Танайх хоёр охин, таван хүүтэй. Ялангуяа танай хөвгүүд гэрийн ажил сайн сурсан байж билээ. Ээж дэлгүүрээс мах, гурил, элсэн чихэр л авч өгдөг, бид талхаа барьж хоолоо хийдэг гэж том хүү тань ярьж байсан шүү?

-Хүүхдүүдээ ажилтай, амьдрал мэддэг болгох гэж зорьж, хүнсний технологич мэргэжилтэйн хэрэг юу билээ, бүгдийг зааж сургасан. Талх, боовоо барьж, төрөл бүрийн монгол, европ хоол хийж, хувцсаа оёж шидэж тордоод биеэ цэвэр боловсон авч явахад  сургасан. Бүгд дээд боловсрол эзэмшиж, инженер, эдийн засагч, соёл урлаг гээд салбар бүрд гайгүй хөдөлмөрлөж явна.Манайх зундаа ойрхон хөдөө гарч хэдэн үнээгээ сааж өвөл хэрэглэх ааруул, ээзгий, цөцгий, масло бэлтгэж, жимс, мөөг түүж чанамал хийж, дарж даршилж авдаг. Хүний сурсан эрдмийг хэн ч булааж авахгүй гэж өөрийн ч, хүний ч хүүхдийг сургаж ирсэн.

-Хотын эмэгтэйчүүдийн зөвлөлийн “Ахуйн соёлын кабинет” тухайн үедээ амьдрах ухааны чиглэлийн том сургалтын бааз байсан тухай та дэлгэрүүлж ярина уу?

-Ахуйд соёл нэвтрүүлэхийн тулд бодитоор үзүүлж, сургаж дадлагажуулах хэрэгтэй байсан. Политехникумд багшилж байсны хэрэг гарч залуу гэр бүл, гэрийн ажилтай бүсгүйчүүдэд сургалтаа явуулж эхэлсэн. Хот газрын эмэгтэйчүүдэд гал тогоо, хүүхдийн, зочны, унтлагын, ариун цэврийн өрөөг хэрхэн тохижуулах, яаж угааж цэвэрлэхээс эхлээд заадаг байлаа.Хатгамал, нэхмэл, макраме, нарийн боов, хоол хийх, салат, ногоо дарах, хадгалах, цэцэг тарьж арчлах сургалтуудад бүсгүйчүүд хамрагдаж их зүйл сурсан. Энэ кабинетдаа бас амьдралд алдаж онож явсан хүмүүст тусгайлан сургалт явуулж, сэтгэл санааг нь засаж өгдөг байлаа. Хожим  тэднээсээ “Баярлалаа” гэдэг үгийг сонсоход сайхан байдаг даа.

-Таны буянаар Эрдэнэтийнхэн тагтан дээрээ цэцэгтэй болсон байх аа?

-Эрдэнэт хотод 1986 онд болсон Монгол-Зөвлөлтийн залуучуудын найрамдлын наймдугаар их наадмыг угтаж ахуйд соёл нэвтрүүлэх гурван сарын аян өрнүүлж, зөвлөлтийн залуучуудын төлөөлөгчдийг гэртээ зочлуулах 50 залуу гэр бүлийг бэлдэж, зочдыг хүлээн авсан. Дараа жил нь албан байгууллага, айл өрхийн соёлжилтыг дээшлүүлэх зорилгоор “Хороолол сайхан бол хот сайхан” сэдэвт найман сарын аян зарлаж, Монголын эмэгтэйчүүдийн Холбоо, Эрдэнэт хотын Намын хорооны хамтарсан үзлэг явуулсны дүнд 3000 цэцгийн сав хийлгэж, 5000 гаруй айл өрх тагтаа цэцэгжүүлж, 20 гаруй цэцгийн мандал байгуулж цэцэгжүүлсэн. Сүүлд Улсын ариун цэврийн ерөнхий байцаагчийн үзлэгт бэлтгэж, ахуйд соёл нэвтрүүлэх аянаа үргэлжлүүлж явуулснаар Эрдэнэт хот “Цэвэр хот” болж чадсан. Эрдэнэтчүүд ахуйн соёлоор бусад аймаг, хотоос эрс ялгардаг даа.

-Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн систем нурж, төсвөөс санхүүждэг байсан Эмэгтэйчүүдийн зөвлөлийн үйл ажиллагаанд бэрхшээл гарч эхэлсэн үед та  Эмэгтэйчүүдийн ордон барихаар ханцуй шамлан орж, барилгын даамал шиг хэдэн жил явсан санагддаг. Тэр тухай яриагаа үргэлжлүүлэх үү?

-Дархан хотын туршлагаар Эмэгтэйчүүдийн ордон барих санаачилгыг минь дэмжиж 1988 онд Эрдэнэт хотын Намын хорооны товчооноос тогтоол гаргасан юм. Барилгын бэлтгэлийг хангаж, дөрөвдүгээр сургуулийн хашаанд газартай болсон. Эмэгтэйчүүдийн ордон барихад Эрдэнэт-Булганы цахилгаан шугам сүлжээний газрын Ц.Өнөр даргатай Эмэгтэйчүүдийн зөвлөл хоёр өдрийн цалингаа хандивлах санаачилга гаргаж хүмүүс дэмжиж эхний хөрөнгө 930.0 мянган төгрөгийг босгосон. Зураг хэрэгтэй тул ажиллаж байсан Дархан хотдоо очиж дарга нартай уулзлаа. Хамгийн сайхан нь Дархан хотын Намын хорооны удирдлагууд Эрдэнэтэд ажиллахаар очсон инженерүүдээ сайн яваасай гэж дэмжиж тусалсан шүү. 200 хүний суудалтай сумын соёлын төвийн зургийг бага зэрэг өөрчилж өгсөн. Хэнээр бариулах шийдвэр гаргуулахын тулд нэлээн явсан. Эрдэнэтийн Барилгын цэргийн 110 дугаар ангиар бариулахаар хурандаа И.Чилхаасүрэнтэй ярьж  тохироод Барилгын цэргийн ерөнхий газраас зөвшөөрөл авахаар хотод очиж Е.Жаргал даргатай уулзахад “Төлөвлөгөө биелүүлэхэд хэрэгтэй юм байна, бид бие дааж шийдэж чадахгүй, П.Жасрай даргын зөвшөөрөл хэрэгтэй” гэсэн юм. Тэр үед П.Жасрай гуай Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Улсын төлөвлөгөөний комиссын даргаар ажиллаж байсан. Уулзах гээд өдөржин хүлээж, орой 20 цаг гэж  өрөөндөө ирэхэд нь туслах нь “Эрдэнэт хотын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга тантай уулзахаар хүлээж байгаа” гэж дуулгасан. Сайд нарын Зөвлөлийн хуралд сууж байгаад ирсэн П.Жасрай дарга халуун цай уунгаа зорьж  ирсэн хэрэг асууж лавлаад “Дархан хотын Эмэгтэйчүүдийн зөвлөл ордон барихаар бас ирж байсан, дэмжилгүй яахав” гээд зөвшөөрсөн. Барилгын ажил эхлэхийн өмнө би хотын ҮЭ-ийн зөвлөлд үйлдвэр, аж ахуйн газруудыг хэсэг хугацаанд хариуцаж овоо ч танилтай болсных Захиргааны дарга Ж.Лундаажанцан, Замын ангийн дарга Г.Цоодол нартай ярилцаад барилгын сууриа бэлэн болгочихож байсан юм.

Ерөнхий консулын газрын хүлээн авалт дээр хотын Дулааны цахилгаан станцыг барьж байсан “Эрдэнэтэнергострой” барилгын удирдах газрын дарга Казаковтой нэг ширээнд таарлаа. Манай барилгын хойд талд Дулааны станцын ажиллагсдын хүүхдэд  зориулж 140 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг /Одоогийн 19-р цэцэрлэг/ барихаар тэд ажлаа эхлүүлэх гээд амжихгүй байсан аж. Тэгсэн бид цэцэрлэгийн барилгын сууриа эхлүүлж чадаагүй байхад та яаж амжуулав гэхэд нь би “Эр хүн 13 мэхтэй бол эмэгтэй хүн 16 мэхтэй байдаг” гэж хэлээд инээлдэж  билээ. Барилгын ажил 1988-1992 онд үргэлжилж байтал алдарт 20 дугаар тогтоол гарч, мөнгөний ханш, бараа таваарын үнэ өссөөр 1.4 сая төгрөгийн төсөвт өртөг нь 4.3 сая болж өсөхөд нөлөөлсөн дөө. Ингээд МЭХолбоонд хандаж тэргүүлэгчдийн шийдвэрээр 500.0 мянган төгрөг зөвшөөрүүлж авсан, нэмээд өөрийн  орлого хуримтлалаа нэмж, үлдсэнийг нь орон нутгийн төсвөөс дэмжсээр “Дагинас” соёлын төвөө ашиглалтад оруулсан түүхтэй. Ингэж хүнд үед Эрдэнэтдээ Эмэгтэйчүүдийн ордонтой болсондоо бахархаж явдаг.

-Нийгэм зах зээлд шилжсэн хүнд үед Эмэгтэйчүүдийн  ордонд ажил хөдөлмөр ид буцалж бүсгүйчүүдэд их дэм болсон шүү...

-200 хүний суудалтай кино танхим,10 машинтай оёдлын цехтэй, тэндээ оёдол, эсгүүр, буриад гутлын сургалт, талх, нарийн боов хийхийг зааж сургаж, борлуулж орлого олж байсан. Сүүлдээ “Үйлчин” хоршоо хүртэл байгуулж зах зээлийн шуурганд хөл алдахгүйг хичээж явсан. Зарим өрөөгөө түрээсэлж ашиглалтын зардлаа төлж байсан. ”Дагинас” ордон хүнд үед эмэгтэйчүүдэд өгөөжөө өгсөн гэж боддог.

-Та хотын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн ажлаа ч гялалзуулдаг, гэр бүл, эмэгтэйчүүдэд хэрэгтэй зөвлөлгөө бичиж сонин, радиод өгдөг, бүр хотын Радио редакцын “Оны шагнал” хүртэж байсан хүн. Эрдэнэт хотын Радиогийн идэвхтэн бичигчдийн зөвлөлгөөн болж Ш.Сүрэнжав гуай “Нас тогтсон хүүхнүүд

Намбалаг бөгөөд өнгөлөг

Гэрийн халаадаа өмсөхөөр

Гэрэлтэй бөгөөд тунгалаг” ... шүлгээ тань руу харж байгаад уншиж билээ...

-Тэр шүлгийг уншиж байсан том найрагчийн гараас 2006 онд  МЭХ-ны “Нийгмийн зүтгэлтэн шилдэг эмэгтэй” өргөмжлөлөө гардах зуур мэнд мэдсэн удаатай.

-Азийн анхны Эмэгтэйчүүдийн  байгууллага болох МЭХ-ны 100 жилийн хөгжлийн 40 жилд нь гар бие оролцож явсан сайхан дурсамжаас тань хуваалцлаа. Танд эрүүл энх,саруул сайхныг хүсэн ерөөе!

-“Өглөөний сонин”-оор дамжуулан Монголынхоо бүх эхчүүд, эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүддээ МЭХ-ны 100 жилийн баярын мэнд өргөн дэвшүүлье.  

Ц.Aриунаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top