Энэ удаагийн "ХЭН ЮУ ХЭЛЭВ" буланд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, АН-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, хотын дарга Х.Нямбаатар нарын хэлсэн үгээс онцолж байна.
УИХ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:
-Монголын улс төрд хүний нэр төрд эрээ цээргүй халддаг башир, бохир арга нутагшиж байгаа нь харамсалтай. Сүүлийн үед дарга, сайд болж чадаагүй, улс төрөөс хөндийрч байгаа зэрэг “ашиг сонирхол” нь биелээгүй хэсэг бүлэг, зарим улстөрчийн явуулж буй гүжир гүтгэлэг хэрээс хэтэрч, улмаар зарим сайт, хэвлэл мэдээллийн байгууллага уг гүтгэлгийг нягталж шалгахгүйгээр мэдээлэл болгон явуулж байна. Eguur.mn сайт нь удаа дараа худал мэдээлэл нийтэлж байгаадаа нэн даруй залруулга хийж, уучлалт гуйхыг шаардаж байна. Мөн тус худал мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээж, санаатайгаар олон нийтийг төөрөгдүүлж байгаа бүлэг хүнийг мөн залруулга хийж, уучлалт гуйгаагүй тохиолдолд холбогдох хуулийн байгууллагад хандах болно. Миний гэр бүл, хамаарал бүхий этгээдүүдийн хэн нь ч Тавантолгойн ордод битгий хэл өөр бусад ордод нэг ч метр квадрат лиценз эзэмшдэггүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.
Улсын ашиг сонирхлыг эрхэмлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх тангараг өргөсөн УИХ-ын гишүүний хувьд өөрийн хамаарал бүхий этгээдийн талаар бодит мэдээллийг олон түмэнд нээлттэй хүргэх, нийтийн албан тушаал эрхлэхдээ өөрт болон хамаарал бүхий этгээддээ албан тушаал, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, давуу байдал үүсгэсэн эсэх зэрэг асуудлаар хууль, шүүхийн байгууллагаар шалгуулах хүсэлт гаргаж байгааг мэдэгдэж байна.
АН-ын дарга, УИХ-ын гишүүн Л.ГАНТӨМӨР:
-Зөвхөн хүчтэй сөрөг хүчний даргаа хийгээд улстөржөөд явсан бол хувь улстөрчийн карьер, рейтингд ашигтай байсан ч байх. Гэвч, АН зөвхөн сөрөг хүчин хийх гэж сонгуульд өрсөлдөөгүй. Засгийн эрхийн төлөө өрсөлдсөн. Сонгуулийн мөрийн хөтөлбөрөөрөө ард түмэндээ амлалт өгсөн. АН засгийн эрх барилцахгүй бол сонгуулиар ард түмэндээ өгсөн амлалт нь хэрэгжихгүй. Хамтарсан засагт орж ажиллах шийдвэрийг ганцаархнаа сууж байгаад ганц өдөр гаргачихаагүй юм. Улс орны эдийн засгийн хөгжил, аюулгүй байдал, дэлхийд өрнөж буй үйл явдал зэрэг олон хүчин зүйлсийг судалсан, тооцсон. Намын гишүүд, бизнесийн салбарынхан, эрдэмтэн судлаачид гээд цөөнгүй хүнтэй уулзаж санал солилцсон.
Хотын дарга Х.НЯМБААТАР:
-Машин импортлохыг хориглосон эсвэл өмчлөх эрхэнд халдсан, хязгаарласан ямар нэгэн хууль дүрэм, журам Монгол Улсад байхгүй. Шинээр машин худалдаж авах, өөрийн эзэмшлийн дугаарыг хадгалах, шилжүүлэх бүрэн боломжтой зохицуулалт хийсэн. Бээжин, Шанхай, Сингапур гэх мэт томоохон хот тухайн хотод зорчих нийт авто машины квот тогтоодог болоод 30 жил болж байна. Улаанбаатар хот 80 мянган машины багтаамжтай байхаар анх төлөвлөгдсөн хэдий ч өнөөдөр 800 мянган машинтай болсон. УИХ-ын гишүүн энэ сэдвээр олон нийтэд мушгин гуйвуулсан ташаа мэдээлэл тарааж, попорч байгаад харамсаж байна. Хуулиа унш.
Сэтгэгдэл ( 0 )