Дундговь аймаг хүүхдийн парктай боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 27

 Өнгөрсөн оныг Дундговь аймаг хүүхдүүддээ зориулсан бүтээн байгуулалтын жил болгож, хүүхдийн парк байгуулах томоохон ажлыг эхлүүлсэн юм. Өнгөрөгч оны эхэнд шавыг нь тавьж, урь унангуут бүтээн байгуулж эхэлснээр бүтэн жилийн турш ажил өрнөж, Мандалговь хотын зүүн хойд дүүрэгт хорин га газрыг эзлэн хүүхдийн парк сүндэрлэж, нээлтээ хийлээ. Хүүхдийн паркийг бүтээн байгуулахад 800 гаруй сая төгрөг зарцуулжээ. Хүүхдүүдийн тоглож наадах тоглоомоос гадна мод, цэцэрлэгжүүлэлт, зам талбай, барилга, хашаа хайс, гэрэлтүүлэгтэй, хүүхдийн задгай театр, монгол зан заншлын өргөөтэй, гэрэл цахилгааны дэд станц, төвлөрсөн усан хангамжтай, мод бут, өнгийн цэцгийн мандалтай гээд дурдах томоохон бүтээн байгуулалт энд цогцолсон байна. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид Мандалговь хотын хүүхдийн паркыг аймгийн Хүүхдийн төлөө хэлтэст харьяалуулж, төсвийнхөө тодорхой хувийг орон нутгаас, ихэнхийг өөрийн үйл ажиллагааны орлогоор бүрдүүлж ажиллах статусыг шийдвэрлэж өгчээ. Мөн үйлчилгээний үнийг 1500 төгрөгөөр баталсан байна. "Парк зөвхөн зуны улиралд үүдээ нээж, өвлийн цагт хаалгаа хаадаг биш. Өвөл зунгүй тогтмол үйл ажиллагаатай. Тухайлбал мөсөн гулгуурын талбай, цанын бааз байгуулна. Хүүхдүүд төрсөн өдөр гэх мэт дурсгалт үйл явдлаа тэмдэглэн өнгөрүүлэх боломж ч энд нээлттэй. Жилээс жилд шинэ шинэ тоглоомоор паркаа өргөжүүлнэ" хэмээн захирал Г.Энхтүвшин ярив. Хүүхдийн парк байгуулснаараа Дундговь аймаг Улаанбаатар, Орхон аймгийн дараа гуравдугаарт жагсч, хүүхдүүддээ шинэ бүтээн байгуулалтыг ийнхүү бэлэглэлээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top