ӨВ СОЁЛ I Нийслэл хотын сүм хийдийн өв соёл

2024 оны 12 сарын 13

Нийслэл Улаанбаатар хотод хэлмэгдлээс үлдэж хоцорсон эртний сүм хийдийн уран барилга, бурхан шашны өв соёл багагүй. Тэдгээрийн төлөөлөл болсон зарим хийдийн түүхээс товч дурдая.


ГАНДАНТЭГЧИНЛИН ХИЙД

 

Улаанбаатар хотод Бурханы шашны олон сүм хийд байдгаас хамгийн эртнийх нь Төгс баясгалант их хөлгөн хийд буюу Гандантэгчилэн бөгөөд өдөр тутам хурал хурж сүсэгтэн олонд үйлчилсээр ирэв. Тус хийд нь Монголын Бурханы шашинтны төв, гадаад, дотоодын хүмүүсийн зорин очдог олон хөлийн газар билээ. Тус хийдийн барилгуудыг Монгол, Монгол-Хятад, Хятад-Төвөд хэлбэр хийц бүхий мод, чулуу, тоосго, хөх паалантай төрөл бүрийн вааран эдлэлээр бүтээж, алтадсан ганжир, чойнхорол, бодь гөрөөс, домгийн амьтад, хонх зэргээр чимэглэжээ.

Хийдийн үндэс болох Шар сүмийг 1809 онд одоогийн Гандантэгчилэн хийдийн оршин байгаа, Хүрээний төвийн өндөрлөг газар болох  Далхын дэнж дээр байгуулжээ. Сүүлд 1824 онд Ламрим дуган, 1838 онд Y Богдын зарилигаар Их хот мандлын сүмийг байгуулж, хожим Дашчойнхор, Ягдачойлин зэргийг байгуулан өргөжүүлсэн. Наймдугаар Богд Жибзундамба хутагтад зориулан 1911 онд 80 тохой өндөр алтан Мэгжид Жанрайсиг бурханыг бүтээн залжээ.

Хийдийн гол Гандан сүмд Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн Өвгөн хутагтын хүрэл цутгамал дүр, XIX зууны үед монгол лам нар хар цаасан дээр алтаар бичсэн Ганжуурын 108 боть, 1956 онд Бурхан багшийн 2500 жилийн ойг тохиолдуулан Гандан хийдийн лам нарын урласан Буддагийн хөрөг, Энэтхэгийн Ерөнхийлөгч агсан Жавхарлал Неру 1957 онд Монголд айлчлахдаа бэлэглэсэн 2000 гаруй жилийн өмнө бүтээсэн Буддагийн цутгамал дүр, Шри-Ланкаас авчирсан мөнгөн суварга, 15 килограмм цэвэр мөнгөөр хийсэн Богд Зонховын дүр зэрэг шашин соёлын үнэт бүтээлүүд хадгалагддаг. Анхдугаар Богд Г.Занабазарын “долоон нандин” хэмээх шүтээнүүдээс Очирдарь бурхан, Ганжуурын Аюуш, Ноён шүтээний Манал, Дарь эх, Намсрай, Майдар зэрэг бурхад тэнд бий.

Их хэлмэгдүүлэлтийн үеэр 1938 онд хийдийг хааж, ихэнх сүмийг устгаж, өндөр  Мэгжид Жанрайсиг тэргүүтэй бурхдыг ЗХУ руу зөөсөн. Сүсэгтэн олны хөл тасрахгүй байсан тул нам, төрийн хяналт дор 1944 оны зун “Мөргөлийн дуган” нэрээр үйл ажиллагааг нь сэргээжээ. Ийнхүү сэргээхэд мөнөөх 1944 оны зун АНУ-ын Дэд ерөнхийлөгч Хенри А.Уоллес БНМАУ-д айлчилсантай ч холбоотой гэдэг. Тэрбээр Монголд ирээд буцахдаа Эрхүүд цаг агаар тааруу байна гэх нэрийдлээр эргэн ирж, Монголд шүтэж бишрэх эрх чөлөө үнэхээр байгаа эсэх, зөвхөн биднийг ирэхэд сүм хийд нээлттэй байгаа мэтээр харуулав уу хэмээн тандсан ч гэдэг. Үнэхээр Америкийн Дэд ерөнхийлөгч ирэхэд зориулж хийдийг түр нээсэн ч түүнээс хойш “Мөргөлийн дуган”-ыг байнгын ажиллагаатай болгожээ.

 

 

Социализмын үед МАХН-ын хатуу хяналт дор Монгол дахь буддын шашны ганц төв болж байв. Тухайн үед Гандантэгчинлэн хийдэд эргэл мөргөл хийж ном хуруулахаар очсон сүсэгтэн нэг бүрийн овог нэр, гэрийн хаягийг бүртгэж авдаг байсан юм.

Ард түмний хандиваар 1996 онд Мэгжид Жанрайсиг бурхныг дахин бүтээж залсан билээ. Энэхүү бурхны бие лагшин дотор эрдэнэсийн чулуу, нэн ховор эмийн ургамал, Монголын нууц товчоо, Гэсэр, Жангар зэрэг алдарт ном судар, тахийн азаргын сүүлээр хийсэн чавхдастай морин хуур зэрэг олон арван тонн жинтэй эд өлгийн зүйл багтаасан бөгөөд зөвхөн их биеийг бүрэхэд 5х5 см хэмжээтэй 75926 ширхэг алтан хуудас, магнайд нь 304 ширхэг эрдэнийн чулуу оржээ. Мөн Батцагаан хэмээх их сүмийг 2019 онд байгуулж, 2023 онд Х Богдыг залж Эрдэнийн ширээнд нь суулгасан билээ.

 

ЧОЙЖИН ЛАМЫН ХИЙД

 

Улаанбаатар хотын төв дунд нийслэл хотын сайн энергийн төв болсон эртний түүхт Чойжин ламын хийд бий. Дэлхийн хөшөө дурсгалын сангаас 2019 онд хэрэгжүүлсэн "World Monuments Watch 2020" хөтөлбөрт Монголын Урлагийн зөвлөлөөс дэвшүүлсэн Чойжин ламын сүм музей олон улсын 250 дурсгалт газартай өрсөлдөж, 25 ийм газрын нэгээр сонгогдсон юм. Хувьсгалаас өмнө 700 гаруй сүм хийд байснаас 1930-аад оны улс төрийн хэлмэгдлийн үед хөндөгдөөгүй үлдсэн цорын ганц сүм нь энэ юм. XIX зууны сүүлч, ХХ зууны эхэн үеийн Монголын уран барилга, уран баримал, уран зургийн дахин давтагдашгүй цогцолбор чуулга бүтээлийн нэг гэдгээрээ Чойжин ламын сүм онцгой.

Хийдийг Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, VIII Богд Жибзундамбын төрсөн дүү, Төрийн их Чойжин Лувсанхайдавт зориулан 1896-1902 онд ард түмний хандив тусламжаар босгосон ч 1903 онд галд хайлжээ. Одоо буй сүмийг 1908 онд барьж ашиглалтад оруулсан байна. Гэхдээ энэ сүмийг байгуулахад Манжийн хааны зүгээс ихээхэн саад төвөг учруулж байсан гэдэг юм. Тиймд  сүм бүтээх ажил ид дундаа орж явсан 1906 онд Манжийн Бадаргуулт төр хаанд “Хаантан таны түмэн өлзийг бататган, шашин төрийн өмнөөс чойжин бууж, эх болсон хамаг амьтны тусын тулд залбирал үйлдэж, өдөр бүр ном хурах учир өөрийн хүч чадал хийгээд ард олны дэмээр 55 тасалгаа бүхий сүмийг босгов” хэмээгээд “Хаан таныг урт наслуулж, Манжийн төрийг өнө удаан оршуулах үүднээс чойжин бууж байх тул нэр хайрлахыг хүсье” гэсэн захидал илгээж сүм барьсан жинхэнэ учрыг далдлан есөн цагааны бэлэг дагалдуулан явуулж байв. Үүний цаад санааг ойлгоогүй Манжийн Бадаргуулт төр хаан бэлгийг ихэд таалж, шинээр босгосон хийдэд “Өршөөлийг хөгжүүлэгч” нэрийг шагнан Богдын төрийн шар ордон-Дэчингалбын хийдийн адил эрх олгож байжээ.

Тус музей нь Махранз сүм, Гол ба Занхан сүм, Зуугийн сүм, нууц тарнийн Ядам сүм, Хотол чуулган тус Энх-Амгалангийн тив сүм нийт таван сүм, хүндэтгэлийн таван хаалга бүхий Монголын түүх, шашин, соёлын өвийн цогцолбор юм.

 

 

Музейн сан хөмрөгт монгол орны түүх, соёлын өв, шашны уламжлал зан заншлыг илэрхийлсэн 6000 гаруй үзмэр хадгалагддаг. Үүнээс 77 үзмэр нь “Монгол Улсын түүх, соёл хосгүй үнэт дурсгал”-ын жагсаалтад багтдаг. Гол сүмд баруун талд Чойжин лам Лувсанхайдав хутагтын шуумал дүр, зүүн талд Хамба Номун хан Балданчоймболын занданшуулсан дүрийг хүндэтгэлтэйгээр залсан нь амьд мэт судас нь ил харагддаг. Жанч халсан тухайд нүүрээс нь хэв авч, мөнгөн ус, ургамлын ханд тэргүүтнээр биеийг цэвэрлэн занданшуулсан шарилын дотор эрхтнийг авалгүй хатааж чадсан нь олон орны эрдэмтдийн гайхлыг төрүүлдэг. Эндээс монголчууд хэрхэн их хүмүүсийн цогцсыг занданшуулж байсныг харж болно. Жамсран, Гомбо бурхадын цамын иж бүрэн өмсгөл, догшид, сахиусуудын цамын багууд нь чамин тансаг ур хийцээрээ олны сонирхлыг ихэд татдаг. Тус хийдэд зочилбол Өндөр гэгээн Занабазарын урласан хосгүй үнэт хүрэл цутгамал, алт шармал бурхад, түүний ур хийцийн гайхамшигт сонгодог бүтээлүүд болон уран гоёмсог зурмал хийгээд цутгамал бурхдыг харж болно. Мөн тамын орон, диваажинг харуулсан зургуудтай.

Сүүлийн жилүүдэд зуны улиралд Чойжин ламын хийдэд шөнийн шоу зохион байгуулах болсон нь  өвөрмөц шинэ төрхийг бүрдүүлж, зочид гийчид, жуулчдын нүд хужирлах болсон билээ. Өнгө өнгийн гэрэл дор зургийн үзэсгэлэн, загварын үзүүлбэр, урлагийн тоглолт тольдуулах нь хийдийн шинэ зууны содон төрх гэлтэй. Шөнийн тэнгэр дорх орчин цагийн үзүүлбэртэй хийдийн өнгө төрх үнэхээр чамин нийцэж, үлгэрийн мэт гайхамшигт орчноороо олны бахдалыг төрүүлж, гадна дотнын үзэгчдийг татах болсон юм.

 

БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙ

 

Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жибзундамбын өвлийн Ногоон ордныг Туул голын хөвөөнд 1893-1903 оны хооронд барьжээ. Ордныг удаа дараа өргөтгөж, 1903-1905 онд Өвлийн ордон буюу европ маягийн хоёр давхар цагаан байшинг Оросын II Николай хааны бэлэглэсэн зураг төслийн дагуу Их хүрээн дэх Оросын консулын газраас эрхлэн буриад барилгачдаар бариулжээ. VIII Богд Жибзундамбыг Богд Хаант Монгол Улсын эзэн хаанаар 1911 онд өргөмжилсөн түүхэн үйл явдалд зориулж 1912-1919 онд Амгалан энхийн хаалгыг босгов. Түүнийг монголчуудын эрх чөлөөний ялалтын хаалга ч гэдэг. Өвлийн ордонтой залгуулан 1913 онд хувцасны сангийн барилга, Богдын тэжээдэг байсан бор зааны өвлийн байшинг бариулсан байна.

 

 

XIX-XX зууны эхэн үед ихээхэн хөгжиж зээгт наамал хэмээн алдаршсан Монголын торгон зургийн бүтээлүүдийг Богдын ордноос үзэж болно. Алдартай урчууд зээгт наамлыг зохиомж, өнгө хослол, ур хийцээрээ урлаг, уран сайхны өндөр түвшинд бүтээж торго, хоргойгоор өнгө тохируулан хатгасан нь будгаар зурсан зургаас дутуугүй төгс харагддаг. Шүтээн зургийн сүмд XIX-XX зууны эхэн үеийн нэрт зураач Жүгдэр, Хасгомбо, Гэндэндамба нарын бүтээл, Их хүрээний дэг сургуульд хамаарах зураач урчуудын олон бүтээлийг сонирхож болно. Сүмийн голд Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын хөрөг баримал байдаг. Лавиран сүмд Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн Ногоон дарь эх тэргүүтэй, металлаар огт зүйдэлгүй атлаа өмсгөлийг нь торго мэт уран тансаг урласан хосгүй үнэт 21 Дарь эх зэрэг олон үнэт шүтээн бий. Богд хааны ордон музейн хажууд түүний нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн оршдог. Үүнээс гадна Богдын зуны орд болох Хайстай буюу Хүрэн ордноос үлдсэн сүүлийн ганц барилга Удирдлагын академийн хашаанд бий бөгөөд Төрийн Шар ордон галд хайлж, уран зургийн галарей маягийн байсан Цагаан ордныг нэгдүгээр цахилгаан станц барих үеэр буулгасан гэдэг.

 

ДАШЧОЙЛИН ХИЙД

 

Зүүн хүрээ буюу Дашчойлин хийд нийслэл хотын төвд, Төрийн ордноос хойхно талд бий. Анхдугаар Богд Өндөр гэгээн Г.Занабазар 1651 онд өргөөнийхөө зохион байгуулалтыг өөрчлөн Андуу нарын, Жасын, Сангай, Зоогоо, Хүүхэн ноёны, Дархан эмчийн, Өрлүүдийн долоон аймгийг анхлан үүсгэснээр Зүүн Хүрээ үүсчээ. Тус хийд XX зууны эхэн үед Их хүрээний нэгэн бүрэлдэхүүн хэсэг болж “Хүрээ 30 аймгийн Вангай болон Эрхэмийн дуган” хэмээн алдаршиж байв. 1939 он хүртэл Хүрээ 30 аймагт Монголын өнцөг булан бүрээс эрдэмтэн мэргэд, лам хуврагууд чуулж, шашин соёлын үйл ажиллагааг тасралтгүй явуулж иржээ. Их хэлмэгдүүлэлтийн үед тэдгээр Хүрээ 30 аймгийн үйл ажиллагааг хааж, дуган сүмүүдийг сүйтгэн Вангай, Эрхэм, Эх дагины аймгийн дуганууд үлдсэнийг агуулах, цирк, бусад зориулалтаар 1990 он хүртэл ашиглаж ирсэн. Монгол гэр хэлбэрийн дуганууд нь энэ хийдийн архитектурын онцлог юм. 

 

 

Эдүгээ тус хийд нь Цогчин, Сахиус, Ганданчойнхорлин зэрэг гурван дугантай. Уламжлалт шашин соёлын мартагдсан зан үйл, дэг жаягийг сэргээн Хүрээ Майдар эргэх, Хүрээ цам харайх зэрэг ёслолуудыг жил бүр тогтмол зохион байгуулдаг. Мөн уран нарийн хийцтэй бурхад бий. Монгол Улсын нандин шүтээнүүдийн нэг байсан Хүрээний 80 тохой Майдар бурханыг дуганы хамт сэргээн бүтээх их ажлыг эхлүүлээд буй.

 

ДАМБАДАРЖААЛИН ХИЙД

 

Улаанбаатар хотын зүүн хойно байх Дамбадаржайлин буюу Шажныг бадруулагч хийдийг их эзэн Чингис хааны Алтан ургаас тодорсон хоёр Богдын нэг болох Халхын шашны тэргүүн II Богд гэгээний дурсгалд зориулан байгуулжээ. Тэрээр 1758 онд манжийг эсэргүүцсэн хөдөлгөөнийг толгойлсон гэх хэрэгт сэжиглэгдэн хорлогдож таалал төгсөхөд уг хийдийг шарилын сүм хэмээн байгуулсан байна. Хийдийг Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу Сэлбэ голын зүүн салаа, Сэлхийн голын цутгал Зонхов хайрханы энгэрт 1765 онд байгуулан аравнайлжээ. Хэлмэгдлийн 1937-1938 оны үед хийдийг хааж, бурхан тахил, ном судруудыг устгаж, модон барилгуудыг буулган зөөж, ямпай хаалга, хэрмэн хашаан руу орох хаалган байшин, Махаранзийн сүм, дөрвөн суваргыг нурааж, хөх тоосгон хэрмэн хашааны заримыг буулгасан гашуун түүх бий. 1940-өөд онд олзлогдсон япон цэргийн эмнэлэг, 1990 он хүртэл амралт, эмнэлэг, асрамжийн газрын зориулалтаар ашиглаж байгаад 1990 оноос хийдийн үйл ажиллагааг сэргээн өдгөө өдөр тутмын уншлага, цагийн их хурлуудыг ёс жаягийн дагуу хурж байгаа бурхны шашны нэг төв юм.

 

 

ГЭСЭР СҮМ

 

Нийслэл хотын төвд байх шашны бас нэг түүхэн газар бол Гэсэр сүм. Гэсэр сүм анх Элбэг Амгалант гацаа хэмээх Маймай хот буюу Амгаланд байсныг 1919-1920 онд хөхийн шашныг шүтэгч Гүвэ овогт Захар хэмээх хүн Их хүрээний хятадуудын хуримтлуулсан хөрөнгөөр нүүлгэн Тасганы овооны өвөрт шинээр бариулжээ. Хөхийн шашин нь МЭӨ V зуунд хятадад дэлгэрсэн Буддын шашны нэгэн урсгал ажээ. Гэсэр сүм нь хэнгэрэг болон хонхны равса, гол сүм буюу Дарь эхийн сүм, мөргөлчдийн байшин, хөлгийн сүм, Захарын өөрийн сууж байсан байшин, хөхийн шашны сургуулийн хоёр байшин, хэрмэн хашаанаас бүрддэг. Гол сүмийн хойморт Тансан ламын үлгэрийн намтарчилсан зураг зэргийг байрлуулжээ. Гэсэр сүмд жүжигчилсэн байдлаар шашны үйл хийдэг, ший янгуу буюу ший жүжгийг цагаан сарын шинийн нэгнээс 15-ны өдрийг дуустал тоглодог байжээ.

 

 

Сүмийг 1933 онд улсын хөрөнгө болгосноор анхны төрх байдлын заримыг өөрчилж, зураач лам Данзан 1966 онд Гуандийн хятад баримлын оронд  Гэсэрийн туужаас сэдэвлэн Гэсэрийг морь унасан баатрын дүрээр урлажээ. Гэсэр сүмийн барилга нь хятад хийцийн төрөлд хамаарах бөгөөд 1998 онд улсын хамгаалалтад авсан. Одоо уг сүмд Гандантэгчилин хийдийн харъяа Бадма Ёга дацан, шашны дунд сургууль байрлан үйл ажиллагаа явуулж, хурал ном хурж сүсэгтэн олонд үйлчилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top