Төрийн байгуулалт бол УИХ дахь хамгийн чухал Байнгын хороо гэдгийг хаа хаанаа хэлж ярьдаг. Өдгөө тус байнгын хороог УИХ-ын гишүүн, туршлагатай түшээ Ж.Бат-Эрдэнэ тэргүүлэн ажиллаж байгаа. Үе үеийн УИХ-ын гишүүд, төрийн алба хаагчид Төрийн байгуулалтын байнгын хороо бол ачааны хүндийг үүрдэг хамгийн чухал байнгын хороо учраас УИХ-ын гишүүдээ ч сайн шилж сонгож ажиллуулах хэрэгтэй хэмээн ярьдаг.
Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Үндсэн хуулийн шинэтгэлийн асуудал, төрийн эрх барих дээд болон гүйцэтгэх дээд байгууллага, Ерөнхийлөгчийн асуудал, засаг захиргааны шинэтгэл, төвлөрлийг сааруулах бодлого, УИХ, Ерөнхийлөгч, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль, хот, тосгоны Зөвлөл, Захирагчийн сонгууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, хилийн цэс, хот, тосгоны эрх зүйн үндэс, төрийн алба, төрийн бэлгэ тэмдэг, төрийн дуулал, ард нийтийн санал асуулга, төр, сүм хийдийн харилцаа, хэвлэл мэдээллийн хараат бус байдал, төрийн ба төрийн бус байгууллага, улс төрийн намтай харилцах, гишүүний бүрэн эрхийн асуудал, гишүүний бүрэн эрхийн баталгаа, чуулганы хуралдааны дэгийн асуудал, бүсчилсэн хөгжлийн бодлого гэх мэт чухал чухал асуудал багтдаг.
Дээр дурдсан асуудал бол төрийн гол ноён нуруу болж явдаг чухал чухал зүйл заалтууд юм. Тиймдээ ч тус байнгын хороо нь өдгөө хамгийн олон буюу 25 гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Төрийн байгуулалтын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд ээлжит чуулганы хугацаанд 30-аас доошгүй удаа хуралдаж, дундажаар 60 асуудлын хүрээнд 30 гаруй хуулийн төсөл, УИХ-ын тогтоолын 20 орчим төсөл зэргийг хэлэлцэн шийдвэрлэдэг. Мөнхүү УИХ-ын Тамгын газрын албан тушаалтнуудын томилох халах тухай асуудал ч тус хороонд хамаарна. Мөн Төрийн байгуулалтын байнгын хороонд хамаарах томоохон асуудал нь УИХ-ын ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай, УИХ-ын ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай, УИХ-ын ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг газар. Түүнчлэн Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх ажлын хүрээнд багтдаг Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг нь томилох, чөлөөлөх асуудлууд, ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг бүх Байнгын хороод, улс төрийн намуудын УИХ дахь бүлэгтэй зөвшилцөн саналуудыг нь авч нэгтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулах, Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулиуд, тогтоолын төслүүд, Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль болон Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн төслөөс гадна иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай асуудал гээд энэ хороонд ажил мундахгүй.
Өнгөрөгч онд Монгол Улс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Үүнд төрийн байгуулалтын байнгын хороо үндсэн үүргийнхээ дагуу өндөр ач холбогдолтой оролцсон. Улмаар УИХ 126 гишүүнтэй болж буйтай холбогдуулан УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Төрийн ордны тухай хуулийн төслийг хэлэлцэхээс эхлээд олон ажлыг амжуулсаар ирсэн. Өдгөө ч энэ л үүргээ хүлээн ажиллаж байна. Хамгийн наад зах нь гэхэд “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл олгох тухай”, “Төрийн албан хаагчид шагнал олгох тухай”, “Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн мөнгөн урамшуулал олгох тухай”, “Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох тухай”, “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай”, “Албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд ар гэрт нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай”, “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэхэд цалин, урамшуулал олгох тухай”, “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”, “Төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэл хөтлөх, мэдээлэл авах тухай”, “Сургалтын агуулга, хөтөлбөр батлах тухай”, “Төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох тухай” дүрэм, журмыг хууль тогтоомжид нийцүүлэх зэрэг амьдрал ахуйд ойрхон асуудал ч энэ байнгын хороонд хамаарна.
М.Зул
Сэтгэгдэл ( 0 )