Ард олонд “Допплер” хэмээн алдаршсан “Тархины судас” эмнэлгийн Ерөнхий захирал, мэдрэлийн мэс засалч Л.Дашцэрэнг “Өглөөний зочин” булангийн зочноор урилаа.
-Хүний алтан амийг аварч, нийгмийн эрүүл мэндийг хамгаалж байгаа эмчийн хөдөлмөрийг юутай ч зүйрлэшгүй. Тэр дотроос хүний тархи, мэдрэлийн мэс засалд хүрэх гэдэг нэн хариуцлагатай, хүн бүхэн хийчих ажил биш байх. Энэ замыг та хэрхэн сонгосон бэ?
-Би 1987 онд Анагаах ухааны дээд сургуулийн эмчилгээний ангийг цэргийн хээрийн мэс заслын эмч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгссөний дараа Ардын армийн 013 дугаар ангид эмнэнлэг албаны даргаар ажиллаж байгаад халагдаж, 1989 оноос Гуравдугаар эмнэлгийн эрчимт эмчилгээ-сэхээн амьдруулах тасагт эмчээр ажилласан. Жил гаруй ажиллаж байтал нэг өдөр эмнэлгийн дарга дуудаж “Мэдрэлийн мэс заслын тасагт орон тоо гарсан. Таныг энэ тасагт авах магадлалтай. Монгол Улсын мэдрэлийн мэс заслын зөвлөх Ж.Хайрулла эмч шийднэ” гээд бичиг хийж явуулсан.Ж.Хайрулла багштай очиж уулзахад төгссөн сургууль, ажлын туршлага зэргийг асуусны эцэст намайг авахаар болсон. Ингэж би мэдрэлийн мэс заслын тасгийн эмч болж, хүний уураг тархи, мэдрэлийн мэс заслын түүхтэй холбогдсон. Гуравдугаар эмнэлэгт ажиллаж байхдаа эмч, багш нараасаа их зүйл сурсан. Мэргэжлийн бүх ном орос хэл дээр, ажлаа тараад номын санд сууна, уншина, судална.
Тэрийгээ ахмад эмч нар, багш нараасаа асууж баталгаажуулж авдаг байлаа. Тэр үед ОХУ-ын Эрхүү хотын эмнэлэгтэй шефийн холбоотой ажиллаж, мэдрэлийн мэс засал, зүрхний мэс засал, тархины судасны ангиографийн мэргэжлээр хамтран ажиллаж, туршлага судалсан. Тархины судасны хэт авиан оношилгооны допплерографийн мэргэжил олгох курсыг Анагаах ухааны доктор, Төрийн соёрхолт, нейрорентгенологи болон допплерграфи-дуплекссонографийн зөвлөх эмч, клиникийн профессор Б.Оюуны удирдлага дор 2002 онд төгссөн.
2008 онд Австри улсад Европын холбоо болон Төв Азийн улс орнуудын Мэдрэлийн мэс засалч эмч нарын “Тархины судсан доторх бичил мэс засал ба допплерографийн оношилгоо” олон улсын семинарт оролцож, энэ үеэр Тархины судасны оношилгооны дэлхийн төв болох К.А.Допплерийн клиникт дадлага хийж, нарийн мэргэжлээр мэргэшсэн. Мөн ЭМШУИС-ийн анхны тархины судасны хэт авиан оношилгооны эмч-багшаар, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн болон Сүхбаатар дүүрэг, “Топаз” эмнэлэгт тархины судасны хэт авиан оношилгооны анхны эмчээр ажиллаж байлаа.
ЦУС ӨТГӨРСНӨӨС ААШ ЗАН ШИРҮҮСЭХ, ЦОЧМОГ УУРТАЙ БОЛОХ, КОВИДООР ӨВЧИЛСӨН ХҮМҮҮСИЙН 50 ХУВЬ НЬ ТАРХИНЫ, 60 ХУВЬ НЬ ЗҮРХНИЙ ЦУСАН ХАНГАМЖИЙН ӨӨРЧЛӨЛТӨД ОРОХ БОЛСОН
-Өнөөдөр тархи, тархины цусан хангамжтай холбоотой өвчлөлүүд Монголд ямар байна вэ. Шалтгаан нь юунаас болдог бол?
-Тархины цусан хангамжтай холбоотой өвчлөлүүд их байна. Цус харвалт залуужсан. 16-гаас гуч гаруй насны хооронд цус харвалтад өртөж байна. Судалгаагаар жилд 290 хүн харвадаг гэсэн үзүүлэлт бий. Яагаад энэ тоо нэмэгдээд байна гэхээр хооллолттой их холбоотой. Шалтгаан нь өөх тостой хоол иддэг, архи тамхины хэрэглээ их.Харвалтад өртөж буй хүмүүсийн ихэнх нь ээлжийн ажилтай, амьдралын ямар нэг дэглэм сахихдаа тааруу. Дээр нь цусны өтгөрөлт их байна.КОВИД-оос хойш илэрч байгаа үзүүлэлтээр энэ өвчнөөр өвчилсөн хүмүүсийн тархины цусан хангамжийн 50 хувь, зүрхний цусан хангамжийн 60 хувь нь гэмтэх болсон.
Энэ юуг хэлж байна вэ гэхээр цус өтгөрснөөс өвчлөл ихэссэн. Хүмүүсийн зан ааш ширүүсэх, харилцааны өөрчлөлт их гарах болсон. Та бүхэн анзаарч байгаа бол КОВИД-оос хойш хүмүүсийн зан ааш огцом ширүүн дориун, уур уцаартай, түргэн ааштай, цухалдуу болсон. Энэ нь цус өтгөрөлттэй холбоотой. Нэг үгээр хэлбэл, зүрхний агшилт өөрчлөгдөж байгаа гэсэн үг. Зүрх гэдэг эрхтэн дөрвөн тасалгаатай. Зүрхэн дотор юу болоод байна гэхээр, хоёрдугаар клапан хатуурч түүнээс үүдэн агшилт нь түргэн болдог.Мөн зүрхний орой, хажуу, арын хана руу шигдээс үүсдэг. Ингээд зүрхээр хатгуулж, бачуурдаг, амьсгаадах шинж илэрнэ. Зүрхэн доторхи цусан хангамж буюу цусны эргэлт 75 хувь байх ёстой. Гэтэл сүүлийн үед ихэнх хүнийх 60 болчихоод байгаа. 60-аас доош байх юм бол зүрхний титэм судасны битүүрэл /зүүн, баруун титэм/ үүсдэг. Үүнийг зүрхний ангиографийн шинжилгээгээр илрүүлж, тэлэгч тавьдаг. Зүрхний цусан хангамжтай холбоотой даралт ихсэх, бачуурах, түүнээс үүдэн тархины цусан хангамжтай холбоотой эрсдэл үүсдэг.
-Цус харвалт хэдэн янз байдаг вэ, ямар шинж тэмдгээр илрэх вэ?
-Цусан хангамжийн өвчлөл хоёр янз, нэг нь тархинд цус хурсан харвалт, нөгөө нь цус хураагүй харвалт гэж байна. Тэгэхээр тархины цусан хангамжийг /допплерографи/ тархины судасны хэт авиан оношилгооны аппаратаар оношилдог. Энэ аппаратыг 1846 онд К.А.Допплер гэдэг Австрийн физикч, математикч анх санаачлан шинжлэх ухаанд нээлт хийсэн. Тэгэхээр гавлын гадна талын артери, гавлын доторхи артерийг хэт авиан оношилгоогоор оношилдог. Гүрээний ерөнхий артери таван янзын хатуурал, гүрээний дотор артери зургаан янзын нарийсал байдаг.
Духны артерийн хэсэгт санах, мартах, дүгнэж цэгнэх, шийдвэр гаргах зэрэг таван янзын ой байна. Дунд артерын хойшоо эргэсэн замд дээд салаа, доод салаа гэж байна. Дээд салаа нь гавлын суурь хэсгийн цусан хангамжийг өгнө. Доод салаа нь хэл ярианы төвд нөлөөлдөг. Ингэж дөрвөн том салаа болдог. Эгэм доорхи артераас хүзүүний нугаламын артери гарч, тэнцвэрийн тархи, гавалын суурь хэсэг, дагз руу салаалдаг. Гуйвах, дайвах манарах зовиур нь үүнтэй холбоотой. Ерөнхий зовиурууд нь хараа муудах, ой тогтоолт буурах, мартамхай болох, толгой дүйрч өвдөх, таллаж өвдөх, тархины гэмтлийн дараа толгой өвдөх, чих шуугих /шуугихаас гадна дүнгэнэх, жингэнэх/, толгой эргэж гуйвах дайвах, нойронд хөнгөн болох, даралт хэлбэлзэх. Ийм зовиурууд илэрсэн тохиолдолд тархины цусан хангамжийн оношилгоог хийлгэх заалттай байдаг.
ЦУС ХУРЖ ХАРВАХ АЮУЛТАЙ, ЦУС ХУРААГҮЙ БОЛ ГАР ХӨЛ НЬ СААЖСАН Ч ТЭР НЬ ШИМЭГДЭЭД ЯВЖ БАЙДАГ
-Хүмүүст ойлгомжтой, энгийн үгээр асуухад харвалтын ямар тохиолдолд тухайн хүний амь насыг аврах боломжтой, ямар нь боломжгүй байдаг юм бол?
-Тархины цусан хангамжийг үзэхэд, ихэнх тохиолдолд гүрээний артерийн дотор хананд хатуурал үүссэн байдаг. Энэ таван янзын хатуурал байдаг. Гүрээний доторх артерийн судас нарийссан тохиолдолд чих шуугих, дүгэнэх, жингэнэх шинж тэмдэг илэрч, оношлуулж эмчлүүлэхгүй удаан явахаар эндээс тромб тасарч, жижиг тромб бол дунд артерийн дээд хэсгийг бөглөчихдөг. Цус хураагүй харвалт буюу эсрэг талын гар хөлийн саа саажилт үүсдэг. Доод талын буюу хүнд масстай тромб /нөж/ бөглөчихсөн тохиолдолд судас хагарч цус хурдаг. Энэ нь 2-2.5 см хэмжээтэй бол шимэгдэх магадлалтай. 2 см-ээс их буюу 5-6 см болсон тохиолдолд яаралтай мэдрэлийн мэс заслын эмч дуудаж, хагалгаанд орох ёстой. Ингэж харвасан хүн хурхирна, ер нь бол унтаа байдалд орчихдог. Тухайн хүн нас өндөр, харвалт нь 7-8 см-ээс томроод судас хагарч тархины ховдол руу орчихсон тохиолдолд сэргэх магадлал бага.
Мөн харвалт дунд тархи, тэнцвэрийн тархи, уртавтар тархи руу орох нь амьсгал, зүрх судасны төвд нөлөөлдөг учраас нэн яаралтай арга хэмжээ авахгүй бол амь насаа алдах магадлалтай.Тэгэхээр хүний тархийг үнэлэх ёстой. Ер нь бол гавлын суурь хэсгийн харвалтууд маш хүнд.Тархины тал бөмбөлөг дотор харвалт байлаа гэхэд түүний суурь хэсгээр харвах юм бол маш хүнд харвалтад тооцогддог.Мөн дух, чамархай,зулай, ховдол руу болон дагзанд харвалт өгөх магадлалтай.
-Цус хураагүй харвалт хөнгөн гэж ойлгож болох уу?
-Цус хурж харвах нь аюултай, цус хураагүй харвалтууд бол гар, хөл нь саажсан ч тэр нь шимэгдээд яваад байдаг гэж би түрүүнд хэлсэн. Гэхдээ цус хураагүй харвалт дээр нэг асуудал бий.Тэр нь юу вэ гэхээр цус хураагүй ч судас бөглөрсөн харвалтын үед тромб /нөж/ хайлуулах эмчилгээ хийдэг.Энэ эмчилгээ хоёр мянган ам.долларын өртгөөр Гуравдугаар эмнэлгийн харвалтын төвд хийгддэг. Тухайн хүн харвалт өгөөд ирлээ гэхэд эхлээд MRI оношилгоо хийж, тохирох эмчилгээг сонгоно.Тромб байгаа тохиолдолд заавал хайлуулах эмчилгээг хийнэ. Тромбыг хайлуулахгүй бол амь насанд нэн аюултай.Судас битүүрч тромб нь судасны дотор хананд хатчихдаг учир цааш цусан хангамжгүй болно.Нугалмайн артерид тромб бөглөрснөөс уртавтар тархи ажиллахгүй болж, амьсгал, зүрх судсанд аюул нүүрлэдэг.Үүнийг цавины артераар ангиографийн зонд оруулж, дээш явуулан тромбыг хайлуулах эмчилгээ хийхээс гадна зонд явуулж тархины бөглөрсөн судсыг онгойлгох эмчилгээ хийдэг.Тоноглол сайтай эмнэлэг, нарийн мэргэжлийн эмч нарын түвшинд эмчилгээг хийнэ.Энэ бол 80 саяас дээш өртөгтэй эмчилгээ байдаг. Чих шуугиж, дүнгэнээд даралт ихсээд байгаа үед гүрээний ерөнхий артери, гүрээний дотор артерийн ханыг бүтнээр нь дуплексээр харна. Аль хэсэгт нь бөглөрч, тромб үүсэх магадлалтайг тодруулаад,тэр хэсэгт тор тавьж байгаад, цавины судсаар зонд гүйлгэн өрөмдөж,артерийн судасны дотор ханыг угаах эмчилгээг хийдэг. Энэ эмчилгээг дэлхийн хөгжилтэй орнуудад 70-80 саяас дээш өртгөөр хийдэг. Манай улсад тархины судасны хэт авиан оношилгоо, дуплекссонографи,MRI болон нарийн оношилгоонуудыг хийж, оношийг бүрэн тодруулна.
ТАРХИНЫ СУДАСНЫ ЦУСАН ХАНГАМЖИЙГ ОНОШИЛЖ, 1-2 ЖИЛ ХЯНАЛТАД АВЧ ЭМЧИЛДЭГ
-Тархины цусан хангамжийн өөрчлөлтийг хөнгөн, дунд, хүнд хэлбэр гэж гурав хуваадаг гэсэн. Ямар шинж тэмдгүүд илрэх вэ?
-Хөнгөн хэлбэрт хараа муудах, толгой таллаж өвдөх, юм мартах шинж тэмдэг илэрнэ. Допплерграфийн шинжилгээгээр гавлын гадна болон доторхи артеруудын цусан хангамжийг хэт авиан оношилгоогоор оношилж, хөнгөн, дунд, хүнд гэсэн ангиллын дагуу эхний 3-5 сарын хугацаанд хяналтад авч эмчилнэ. Хараа муудаж, толгой таллан хатгаж өвдөхөд тоохгүй байж болохгүй. Тархины судасны мэргэжлийн эмчид хандаж эмчлүүлэх ёстой.
Нүдний хараа муудсан уу, чих шуугиж, тархи таллаж өвдөөд, толгой нь эргээд байна уу. Энэ бүхнийг үзэж, дэлхийн тархины артерийн судасны спектрограмийн нормтой харьцуулж байж эмчилгээг хийнэ.
Тархин доторх магистрал артериуд нь 30-40 артери болон цаана тархины төв, ой санамжийн төв, нойрны төв, хэл ярианы төв, баруун талдаа бол хөгжим сонсох төв гээд том төвүүдтэй холбоотой.
Хүн зүүн талдаа харвах магадлал 70 хувь өндөр тохиолддог. Яагаад гэхээр зүүн талын гүрээний артер шулуун цусан хангамжтай. Баруун талд харвах магадлал нь 20 хувь. Учир нь баруун талын гүрээний артери нь эгмэн доорх артериас салаалдаг. Үүнийг олон улсын нормтой харьцуулж тогтоох болохоос зүгээр нэг судас хараад явуулчихвал хэн ч юу ч мэдэхгүй.
Тархины цусан хангамжийн судасны өөрчлөлтийг эмч 1-2 жилээр хяналтад авч эмчилж байж үр дүнд хүрнэ.Тархинд гэмтэл авсны улмаас цус хуралтууд үүсэж, гэмтлийн хагалгаанууд хийгддэг. Дух, зулай, дагзанд гэмтэл авсан тохилдолд гуйвах, дайвах, манарах, гар хөлийн саа, саажилтай болох эрсдэлтэй. Тархины гэмтэл авч хагалгаанд орсон тохиолдолд эмчийн хяналтад ороогүйн улмаас хүндэрч, ухаан алдаж унах тохиолдол их байдаг.
-Тархины судасны тухай ярихад аневризм /цүлхэн/-ын талаар ярих ёстой гэж та хэлж байсан?
-Аневризм гэдэг нь артерийн судасны ханын цүлхэн юм. Цүлхэн жижиг нь 4 мм-ээс бага, дунд зэргийнх нь 5-6 мм хүртэл, 8-9 мм-2.5 см бол том гэж гурав хуваадаг. Судасны оношилгооны эмч-аневризмыг маш сайн мэдэж байх ёстой. Аневризм хаана байна гэхээр дотор гүрээний артерийн өгсөх хэсэгт үүсдэг. Тархин доторх духны холбогч артер дээр, дунд артерийн М1, М2 салаан дээр, дагзны судсан дээр үүснэ. Ховор тохиолдолд гавалын суурийн артерийн судсанд, хүзүүний нугалмын артерийн өгсөх салаан дээр тус тус аневризм үүсэж болно. Энэ бол төрөлхийн эмгэг, удамшдаг өвчин.
Аневризм их төлөв нас 40 гараад илэрнэ. Төрсний дараа илэрч бас болно. Даралт ихэсдэг, толгой хүчтэй өвддөг хүмүүс аневризмын шинжилгээ, оношилгоо хийлгэх хэрэгтэй. Энэ эмгэг мэдэгдэхгүй явж байгаад цүлхэн хагарч хүндэрдэг. Аневризмын илрэх шинж тэмдэг хана нь шүүрэх, хагарч байгааг MRI-аар оношлоод, тархины судасны ангиографи хийж, цавиар нь зонд оруулж, жижиг бол дотроос нь коль буюу ороомог /дүүргэлт/ хийдэг. Том байвал гавлын ясыг нээлт хийж, цүлхэнд хавчаар тавина. Алт, мөнгөн хавчаар, мөн ган хавчаар гэж бий. Манайд зэвэрдэггүй ган хавчаар олдоцтой. Алт, мөнгөн хавчаар бол олдохгүй, Араб зэрэг баян орнууд ийм хавчаар хэрэглэдэг. Хавчаар тавьсан тохиолдолд цүлхэн хагарахгүй байж болно. Түүнээс гадна цүлхэн нь олон янз, салаа байж болно, мөчидхөн эсвэл өргөн суурьтай байж болно. Эмчилгээний тухайд маш нарийн, судасны ангиографийн эмч, тархины мэс заслын эмч хавсарсан эмчилгээ хийдэг. Цүлхэн нь хүндээр бие засах юм уу, огцом юм өргөхөд, мөн тонгойход хүчтэй лугшиж өвддөг. Үндсэн зовиур нь ийм. Венийн судасны тухайд каверном гэж эмгэг байна. Венийн судсанд үүссэн жижиг каверномуудыг гамма цацрагаар шарж эмчилнэ. Монгол Улсад эмчлэгдэхгүй 26 төрлийн өвчин байдаг. Үүнд тархины хортой, хоргүй хавдар, артери-венийн судасны эмгэг сүлжээрэл, хавдар төст өвчнүүд болон хүүхдийн тархи, нуруу, нугасны хавдар орно. Тархины хортой, хоргүй хавдрыг одоогоос 77 жилийн өмнөөс гамма цацрагаар шарж, 20-30 минутад бүрэн төгс эмчлэх болсон. Сүүлийн үед тархины болон бүх биеийн хавдрыг робот удирдлагатай Кибер цацрагаар бүрэн төгс шарж эмчилдэг болсон. Тархи болон бүх биеийн хавдартай хүмүүс хугацаа алдахгүй эмчлүүлэх талаар зөвлөгөө авч, холбогдохыг хүсье.
МОНГОЛЫН ТАРХИ, МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН ШИЛДЭГ ЭМЧ НАР БҮГДЭЭРЭЭ МИНИЙ БАГШ, БИ ИХ АЗТАЙ ХҮН
-Таны нарийн мэргэжил эзэмшихэд зааж чиглүүлсэн эрдэмтэн багш нар ямар хүмүүс байв?
-Монголын тархи, мэдрэлийн мэс заслын шилдэг эмч нар бүгдээрээ миний багш, тэднээс номын дуу сонссон би их азтай хүн. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын болон хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич, Анагаах ухааны доктор, профессор, мэдрэлийн мэс заслын хүндэт зөвлөх Ж.Хайрулла, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын болон хүний гавьяат эмч, клиникийн профессор, Мэдрэлийн мэс заслын зөвлөх Б.Батчулуун, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын болон Хүний гавьяат эмч, клиникийн профессор, Мэдрэлийн мэс заслын зөвлөх А.Нота, Шинжлэх ухааны доктор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Олон улсын А.Эйнштейний нэрэмжит шагналт О.Лхагва, Монгол Улсын Төрийн Соёрхолт, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Цөмийн физикч, академич Х.Намсрай, Төрийн соёрхолт, Ардын эмч, хүндэт профессор Р.Пүрэв, Төрийн соёрхолт, хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор, профессор, мэдээгүйжүүлэх, сэхээн амьдруулах хүндэт зөвлөх Ж.Моондой, Анагаахын шинжлэх ухааны доктор, Хүний гавьяат эмч, профессор, зөвлөх О.Сүхбаатар, Шинжлэх ухааны доктор, Ардын болон хүний гавьяат эмч, Цөмийн анагаах ухааны ерөнхийлөгч П.Онхуудай, Анагаах ухааны доктор, Ардын багш, хүний гавьяат эмч, рентген, дүрс оношилгооны зөвлөх, академич Ц.Бадамсэд нарын олон сайхан багш нараасаа ихийг сурсандаа цаг мөнхөд баярлаж, бахархан дурсаж явдаг. Энэ ташрамд багш нартаа баярлаж явдгаа илэрхийлж,
“Багшдаа мөргөмүү
Цагаан сүүгээр тэжээсэн эхийн ач яндашгүй
Гэгээн номоор гийгүүлсэн багшийн ачийг хэмжишгүй
Нарт хорвоод байхгүй нандин сайхан албыг
Гагцхүү багш хүнд заяажээ” гэсэн чин сэтгэлийн үгсийг танай сониноор дамжуулан хэлье. Хуучнаар бол хоёрдугаар сарын эхээр Монголын багш нарын баярын өдрийг тэмдэглэдэг байлаа шүү дээ.
MRI ЗУРГИЙГ ШААРДЛАГАТАЙ ХҮНД ЗӨВ ЗААЛТААР ХИЙХ ЁСТОЙ
-Танд хүмүүст анхааруулж хэлэх, эрүүл мэндийн тухайд зөвлөгөө өгөх зүйлүүд байж таарна. Илэн далангүй хэлж өгөөч?
-Гэмтэл авсан хүн Гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орсны дараа аймаг, дүүргийн эмчийн хяналтад орох ёстой. Гэтэл дараагийн шатны эмнэлэгт очиж хяналтад ороогүйн улмаас өвчин хүндрэх тохиолдол гардаг. Тухайлбал, эмчийн хяналтад ороогүйн улмаас ухаан алдаж унадаг. Тэгээд “Төдөн жилийн өмнө гэмтэл авсан, тэгээд одоо ухаан алддаг болчихлоо” гээд цоо шинэ шинжлэх ухааны нээлт хийсэн аятай юм яриад ирдэг. Гэтэл тэр бол гэмтлээс шалтгаалсан өвчин илэрч байна. Сүүлийн үед хүүхдүүд ухаан алдаж унах нь их болсон. Энэ нь хоол унд муутай, гэрээсээ өлөн гараад хийжүүлсэн ундаа, ус уудаг. Дээр нь толгой нүцгэн явдаг. Ингээд бага үдийн үед 11 цагийн алдад ухаан алдаад, муураад уначихдаг. Энэ бол бие даасан уналт биш, сүүлийн үед “Оюутны уналт” гэх нэршилтэй болсон ийм зүйл. Залуус ихэнх тохиолдолд дулаан хувцаслахгүй, даарч хөрч явдгаас тархины судасны хана нарийсаж байна. Сүүлийн үед өглөө үсээ угаачихаад нойтон толгойтой, гель түрхэж арзайж сэгсийсэн залуус явах болсон, тэр нь мода юм гэнэ. Насаараа толгой нүцгэн явчихаад өвгөн хөгшин болоод ирэхийн цагт “Тархиар хатгуулж өвдөөд байна” гэж ярьж байгаа 50, 60 настнууд байдаг. Залуугаасаа дулаан явах хэрэгтэй шүү дээ. Хүзүүгээрээ дулаан ороолттой явахгүй бол гүрээний артери даардаг. Үүнээс болж тархи руу орох цусны урсгал нь өөрчлөгддөг. Тогооч нар газан плиткны хажууд урагшаа харж зогсоо байдалд удаан ажилладаг, энэ тохиололд гүрээний артерийн судасны хана халдаг. Үүнээс болоод гүрээний артери хатуурч, даралт ихсэж, улмаар харвалт үүсэх тохиолдол ажиглагдаж байна. Дээр нь халуун орчин, дулааны цехүүд, хүнд үйлдвэрүүд, ээлжийн ажилтай хүмүүс ийм шалтгаанаар өвдөж байна. Цус өтгөрснөөс түргэн цочмог ааштай болдог, уурладаг, уцаарладаг. Үүнээс болж зүрхний агшилт өөрчлөгдөж, даралт ихэсдэг, хүнтэй ам муруйж зодолддог. Мотоциклиос унах, гэмтэж бэртэх явдал хөдөө, хотгүй их байна. Сумын төвд архи ууж, хөдөө гэртээ харих замдаа дов, жалганд ойчоод өгдөг. Мотоцикль нь хоёр хуваагдчихсан, өөрөө тархиндаа гэмтэл авч хүзүү, нуруу нь муруйсан, эсвэл хүзүү хугарч дөрвөн мөч нь мэдээгүй болсон байх жишээтэй. Гэтэл зарим аймаг, сумын Засаг дарга мянган мотоцикль аваад сумынхандаа тараачихсан, хавар ямаагаа самнаад өгөөрэй гээд байж байх жишээтэй. Энэ чинь дэмжлэг биш доромжлол биз дээ. 10 жилийн хүүхдүүд гэрийнхээ хажууд байгаа мотоциклийг унаж давхиад жалганд онхолдчихож байна. Томчууд нь түрүүнд хэлсэнчлэн, архидаад осолд ороод байдаг. Монголд 60 давж насалж байгаа эрэгтэй хүн бараг л алга. Том тэрэг барьдаг, үйлдвэрийн ажил хийдэг, үүргэлж яваад осолд ордог. Том тэрэгнийхээ дугуйг өргөнө, нуруу нь суучихдаг. Хүзүү, бүсэлхий нурууны гэмтэл их байна. Нуруу нь суулт өгөөд жийргэвчүүд нь бүлтрээд суудлын мэдрэлийн ёзоорыг дарж өвдөлт үүсдэг. Тэрийгээ бариач дээр очоод мушгиулснаас нурууны жийргэвч холбоосуудыг бүгдийг нь тасалчихдаг. Тэгээд хагалгаанд ороход нэг жийргэвч нь таван саяар үнэлэгдэх хагалгаа болдог. Хүзүү, нурууных мөн адил. Гар нь бадайраад атгаж чадахгүй болно. Бүсэлхий нуруу нь гэмтэхээр алхаж чадахгүй, суудлын мэдрэл дагаж өвдөнө. Энэ бүхнийг MRI-аар оношилно.
-Шинжилгээ хийлгэх, MRI зураг авахуулахад хүмүүс юу анхаарах хэрэгтэй бол?
-Манайд нурууны нэг үенд нээлттэй хагалгаа таван саяар хийдэг байсан бол сүүлийн үед дэвшилтэт технологи, дурангийн хагалгаа хийх болсон. Дурангийн хагалгаа 10-20 саяар үнэлэгдэнэ. MRI хийлгэхдээ хүзүү, сээр, бүсэлхий нурууг бүтнээр нь авах хэрэгтэй. Хоёр гар бадайраад байна гэхээр 450-500 мянган төгрөгөөр хүзүүний MRI хийлгэчихдэг. Сарын дараа хөл өвдөөд болохоо байлаа гээд ирэхээр нь бүсэлхийний зураг аваад бусдыг нь хаячих жишээтэй. Сээрний нурууг хэн үзэх юм бэ. Ингээд үлдээчихдэг явдал их гардаг. Би бол хүзүү, сээр, бүсэлхий нурууны зургийг нэгмөсөн авахуулж бай гэж л зөвлөнө. Тэр зургийг яаралтайгаар 24 цагийн дотор авахуулахад үнэ нь хямдардаг. Зураг авахуулчихлаа гэхэд хариугаа бичиж чаддаггүй газрууд бас байна. MRI үзсэн зарим эмч тархины хавдартай гэж оношлоод байдаг. Огт хавдаргүй хүнийг хавдартай гэж бичээд явуулаад байна. Ямар зарчим байдаг юм, юу үзсэн хүн тэгж бичээд байдгийг гайхдаг. Жилийн өмнө хавдартай гэж бичээд, жилийн дараа дахиад хавдартай гээд биччихсэн байх жишээтэй. Гуравдугаар эмнэлгийн эмч нар үзээд, “Хавдаргүй байна” гээд байхад “MRI зургаар намайг хавдартай гэсэн, 5-6 удаа зураг авахуулаад хавдартай гэсэн шүү дээ” гээд зүтгээд байдаг. Зүгээр байгаа хүнийг хавдартай гээд биччихээр тэр хүн тэгж зүтгэхээс өөр яах вэ. Эмч нар нь тэгээд биччихсэн. Над дээр ирээд “Гадагшаа хариугаа явуулья. Хавдартай болчихлоо, байраа зараад эмчилгээнд явна” гэдэг. Үзэхээр тархин дотор нь хавдар гэх юм юу ч байдаггүй. “Гадагшаа явахаа түр хүлээ. Толгой дотор чинь хавдар гэхээр юу ч алга. Тархины мэс заслын эмчид үзүүл” гээд явуулдаг. Үзүүлээд “Энэ хүн ямар ч хавдаргүй байна” гэж байхад нөгөө MRI үзсэн эмч нь “Манайх оношоо хамгаална” гээд дайраад байдаг. Яг ийм асуудлаар шүүх, цагдаагаар явж байгаа хүн ч бий.
Сэтгэгдэл ( 3 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Ковидын үеэр бидэн дээр болсон болоогүй баахан вакцин туршсан гэдэгээ мартжээ.