Ардчилсан намын Улс төрийн зөвлөл энэ долоо хоногт хуралдаж, Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд дараах шийдвэрүүдийг гаргасан нь улс төр дэх онцлох үйл явдлын нэг байв.
Намын үйл ажиллагааг улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх замын зургийг хэлэлцэж, шилжилтийн үед ажиллах Ардчилсан Намын Үндсэн Дүрэм болон намын Хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хэлэлцүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хурлаас томилжээ.
Энэ хүрээнд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Н.Ганибалыг Улс төрийн зөвлөлд танилцуулан, Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг хуулийн хүрээнд хэрэгжүүлэх эрхийг баталгаажуулсан байна.
Улс төрийн намын хуульд заасан намын дотоод аудитораар Үндэсний Аудитын дарга асан А.Зангадыг, Санхүүгийн удирдах ажилтны үүрэгт ажилд Г.Чулуундоржийг томилов.
Түүнчлэн, улс төрийн орчинд хиймэл оюуны хэрэглээ нэмэгдэж буйг харгалзан хиймэл оюуны хэрэглээ ардчилсан тогтолцоо, хүний эрхтэй холбоотой асуудалд хэрхэн нөлөөлж буйд байнгын ажиглалт хийх, хиймэл оюуны ашиглалтын бэлэн байдлын үнэлгээ бүтцийн нэгжийг намын бүтцийг намын дотоодод бий болгох шийдвэр гаргажээ.
Улс төрийн зөвлөлийн хуралд Ардчилсан Намын дарга Л.Гантөмөр макро эдийн засгийн өнөөгийн байдал, зах зээлийн эдийн засагт тулгарч буй сорилтуудын талаар танилцуулга хийж, цаашид чөлөөт зах зээлийг дэмжих, татварын дарамтыг бууруулах, хөрөнгө оруулалтыг урамшуулах бодлогын асуудлуудыг хэлэлцүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
хувхай архичингаар яаахч билээ