Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Ц.ТУВААН: ГИШҮҮДИЙН САНАЛААР ГЭРЭЭНД ЗАСВАР ОРУУЛСАН
Монгол Улсад хийх томоохон бүтээн байгуулалтын асуудлуудад харилцан ашигтай хуулийн өөрчлөлтүүд хийнэ. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Засгийн газрын хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Б.Дэлгэрсайхан сайд бид хоёрт өгсөн. Б.Энхтүвшин нарын гишүүд бүтээн байгуулалтын гэрээнүүдийг сайжруулах санал дэвшүүлсний дагуу гэрээнд завсар оруулсан. Тухайлбал, нүүрс худалдан авах гэрээ, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал, төмөр замын бүтээн байгуулалт гэсэн онцлох ажлууд бий. "Гашуунсухайт-Ганцмод"-ын гэрээнд гарын үзэг зурмагц бусад төслүүд шууд зэрэг хэрэгжинэ.
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН: ТӨМӨР ЗАМЫН АЖИЛД ЯМАР КОМПАНИ СОНГОХОО ХЯТАДТАЙ ЗӨВШИЛЦӨНӨ
Гишүүдээс өгсөн үүрэг даалгаварын дагуу Хятадын талтай гэрээ зурахдаа "Гашуунсухайт-Ганцмод"-ын барилгын ажил эхлэхэд бүх боомтуудын ажлыг хамт хийж, хамтатган барих, зэрэг холбох ажилд анхаарна. Үүнийг Хятад улстай харилцан тохиролцож гэрээнд оруулсан. Тус тусын яамнууд өөрт хамаарах гэрээнүүдээ хийнэ. Тухайлбал Зам, тээврийн яам хил дамнасан төмөр замын байгууламжыг Хятадын сонгосон компанитай хийх үү, өөр компани сонгон шалгаруулах уу гэдгийг Хятад улстай зөвшилцөнө. Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт бол нэг бүтээн байгууламж учраас нэг компани гүйцэтгэх нь зөв гэж үзэж байгаа. Гэхдээ бид Монгол Улсын хуулийн дагуу тендер зарлаж, үнэ өртгийг хямдруулах чиглэл барьж байна. Үүнийг Хятад улстай тохиролцож, цаашид гэрээндээ илүү нарийвчилж өгнө. Цаашид томилогдсон ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллана. Түүнчлэн өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Багахангай өртөөнөөс Хөшигтийн хөндий рүү салаа зам тавих асуудал бий. Ингэснээр Улаанбаатарт орж ирдэг чингэлэг тээвэр болон бусад төмөр замаар орж ирдэг ачаа бараа, түүнийг зуучилдаг тээвэр зууч, мөн терминалуудыг Улаанбаатар хотоос шат дараатай гаргаж Хөшигтийн хөндийд төвлөрүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газраас үүрэг болгож, үүнийг хэрэгжүүлэх эрхийг олголоо.
УЛСЫН АВАРГА МАЛЧИН, СААЛЬЧИН, ФЕРМЕР, ТАРИАЛАНЧДЫГ ТОДРУУЛЛАА
Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэн, орон нутагт ажлын байр бий болгож нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсан тэргүүний малчин, тариаланчдын амжилтыг үнэлэн 2025 онд Улсын аварга малчнаар 140, Улсын хошой аварга малчнаар 14, Улсын аварга саальчнаар долоон иргэнийг, Улсын аварга фермерээр 10 иргэн, аж ахуйн нэгжийг, Улсын аварга тариаланч хамт олноор 17 аж ахуйн нэгжийг, Улсын аварга тариаланчаар 23 хүртэлх иргэнийг тус тус шалгарууллаа. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тэргүүлэх салбар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үндсэн ажиллах хүчин болсон малчид, тариаланчдын бүтээмжийг үнэлж жил бүрийн сар шинийн баярын өмнө улсын аваргуудыг шалгаруулдаг уламжлалтай. Энэ жил мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлж, бүтээмжийг нэмэгдүүлсэн, хөдөөгийн хөгжилд өөрийн хувь нэмрийг бодитой оруулж, манлайлан ажиллаж байгаа байдлыг голлох үзүүлэлт болгожээ. Малчид, фермерүүдийн дунд Монгол орны нөхцөлд нэг саалийн үнээнээс жилдээ 9.0 мянган литр сүү саадаг олон улсын жишигт нийцсэн сүүний үхрийн аж ахуй эрхлэгч, хотоос хөдөө гарч эрчимжсэн аж ахуй эрхлэн хөдөөгийн хөгжлийн загвар бий болгож байгаа залуу фермер гэр бүл, бэлчээрийн даацад тохируулан малын тоог бууруулж чанартай, таваарлаг үхэр сүргийг дагнан үржүүлж байгаа малчид, газар тариалангийн үйлдвэрлэлд шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлсэн, техникийн шинэчлэл хийсэн тариаланч хамт олон, шинэ нэр төрлийн таримал тариалж нутагшуулсан тариаланчид багтжээ.
БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ ТӨСЛИЙГ ХОЁР ҮЕ ШАТТАЙ ХЭРЭГЖҮҮЛНЭ
“Монголын төмөр зам” ТӨХК болон “Тавантолгой төмөр зам” ХХК-иудын 2024 оны цэвэр ашиг, 2025 оны хөрөнгө оруулалтаар, дотоодын нөөц бололцоонд тулгуурлан Багахангай-Хөшигийн хөндийн салбар төмөр замыг санхүүжүүлэхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдлагад зөвшөөрлөө. Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замыг холбогдох хууль тогтоомж, олон улсын стандарт, чанарын шаардлагад нийцүүлэн барьж байгуулах, ашиглалтыг “Монголын төмөр зам” компани хариуцна. Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч Хөшигийн хөндий хүртэл 87.2км, Хөшигийн хөндий-Шувуун фабрикийн чиглэлд 15.6км, нийт 102.8 км урт үргэлжилнэ. Төмөр замыг гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй байхаар төлөвлөж байна. Төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Төмөр замын суурь бүтэц, түүний иж бүрдэл болох инженерийн байгууламж, эрчим хүч, ус хангамж, өртөө, зөрлөг болон бусад барилга байгууламжийг барихад шаардагдах техникийн нөхцөл, холбогдох зөвшөөрлийг зохих журмын дагуу тухай бүрд шуурхай олгохыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.
“Хиймэл оюун ухаан, их өгөгдөлд суурилсан мэдээллийн сан, автоматжуулалтын системийг ашиглан автозамын түгжрэлийг ухаалгаар удирдах зохицуулалтыг Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах багц хуулийн төсөл”-ийн талаар Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнбүрэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулж боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцүүлж, Монгол Улсын Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд бэлэн болгохыг Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Заxирагч Х.Нямбаатарт даалгав.
Сэтгэгдэл ( 0 )