2025 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара болон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Х. Тайванбаяр нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын дахивар нөөц хүлээн авах төвийн барилгын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурав. Уг ёслолын арга хэмжээнд Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д. Пүрэвдорж оролцов.
Уг төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд дахивар нөөц хүлээн авах төвийн барилга барих юм. Тус суманд хүн амын өсөлт, аялал жуулчлалын салбарын сэргэлт болон бизнесийн үйл ажиллагаа идэвхэжсэнтэй холбоотойгоор хог хаягдлын хэмжээ нэмэгдэж байгаа нь тулгамдсан асуудал болоод байгаа ажээ. Энэхүү төсөл нь хог хаягдалд эзлэх дахивар нөөцийн гарцыг нэмэгдүүлэх, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, амьдрах орчин нөхцлийг сайжруулах зорилготой юм.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 35 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 611 дэх, Хөвсгөл аймагт хэрэгжих 31 дэх төсөл болж байна. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 103,632 ам.доллар юм.
Сэтгэгдэл ( 0 )