Б.Дэлгэрсайхан: Хил холболтын төмөр замыг богино хугацаанд барих бодлого баримтална

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2025 оны 02 сарын 20

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд энэ сарын 14-ний өдөр Харбин хотноо  гарын үсэг зурсан юм. Энэ талаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхантай ярилцлаа


-Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох хэлэлцээрт хоёр тал гарын үсэг зурсан. Манай улс дотооддоо анхаарах, түүнчлэн ЗТЯ-ны зүгээс ойрын үед хийх ямар ажлууд хүлээлттэй байгаа вэ?

-Монголчууд бидний хувьд түүхэн чухал гэрээ зурагдлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нарын уулзалтын хүрээнд хоёр улсын хооронд хил дамнасан төмөр зам, ялангуяа Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил холболтын төмөр замыг холбох асуудлаар Засгийн газар хоорондын гэрээ зурах ёслол Харбин хотноо энэ сарын 14-нд боллоо.

Бидний зорилго бол энэ төмөр замыг маш богино хугацаанд хурдан шуурхай барих. Манай салбар, миний эрхэлж буй ажлын хүрээнд энэ төмөр замыг холбох асуудлыг онцгой анхаарахыг Ерөнхий сайд үүрэг болгосон. Энэ гэрээ ирэх сарын 15-нд УИХ-аар соёрхон батлагдаж, түүнийг дагасан дараагийн гэрээ, хэлцлүүд хийгдэнэ. Тодруулбал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам нүүрсний олборлолт, борлуулалттай холбоотой асуудлыг, Зам тээврийг яам хил холболтын төмөр замын ажлыг хурдан эхлүүлэх асуудлыг тус тус хариуцаж байна. Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил холболтын төмөр замын ажлыг аль болох хурдан эхлүүлбэл, дараа дараагийн төмөр замуудыг холбох асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ. Иймд юуны түрүүнд боломжтой байгаа  замуудаа холбоё гэдгийг хоёр улсын Ерөнхий сайд ярилцсан. Бид Ерөнхий сайдын  өгсөн үүргийн дагуу дотооддоо энэ олон сая тонн нүүрсийг ачих дэд бүтцээ бэлэн болгох ёстой. Энэ хүрээнд Тавантолгой төмөр зам, Монголын төмөр замын менежментийг нийлүүлж, төмөр замаа уурхайн ам руу аль болох ойр дөт болгож байж олон сая тонн нүүрсийг ачих нөхцөл бүрдэнэ. Манай яам энэ асуудалд онцгой анхаарч, хол­богдох газрууд, Монголын төмөр замтай хамтран ажиллаж байна.


ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОДНЫ БООМТЫН ХИЛ ХОЛБОЛТЫН ТӨМӨР ЗАМЫГ 2.5 ЖИЛД ХАМГИЙН ХЯМД ӨРТГӨӨР БАРИХ КОМПАНИЙГ СОНГОНО
 

-Хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын хугацааг 2030 он хүртэл гэж төлөвлөсөн. Энэ хугацааг наашлуулах боломж байгаа юу?

-Төмөр замын холболтын тухайд олон зүйлүүд яригдаж байна. Нэгдүгээрт, цаг хугацааны асуудлыг ярьж байгаа. Хятадын барилгын компаниуд хил дамнасан гүүрэн байгууламжийн барилгын ажлыг 2.5-3 жилийн хугацаанд барина гэсэн урьдчилсан тооцоолол гаргасан. Харин бид Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу энэ ажлыг хоёр жил хагасын хугацаанд  гүйцэтгэх боломжтой компаниудтай ярилцаж байна. Тодруулбал, 2025 оны дөрөвдүгээр сард барилгын ажлыг  эхлүүлж,  2027 онд багтаан  ашиглалтад оруулах чиглэлээр яриа хэлэлцээ хийж байна.

-Үнэ өртгийн хувьд ямар байх вэ? 

-Бидний ярьж байгаа хоёр дахь гол асуудал бол гүүрэн байгууламжийг барих үнэ өртөг. Үүн дээр УИХ-ын гишүүдийн зүгээс бидэнд нэлээд анхааруулсан. Гүүрэн байгууламж буюу холбох замын бүтээн байгуулалтыг ярихдаа үнэ өртөг дээр аль болох буулгах боломжуудыг судалж ирээрэй гэсэн үүрэг өгсөн. Энэ чиглэлээр олон уулзалт, хэлэлцээг үргэлжлүүлэн  хийж байгаа. Хил дамнасан төмөр замын барилгын ажил гэхээр нэлээд онцлогтой. Яаж хийхээс хамаарч өртөг зардал нь шийдэгдэнэ. Гуравдугаарт,  төмөр замын компаниудын дунд тендер зарлах уу, эсвэл гүүрэн байгууламжийг хамтад нь хийх компанитай ярих уу гэдгийг УИХ-аар шийдүүлнэ. УИХ-ын 68 дугаар тогтоолд “Чайна Энержи” компани буюу зам эзэмшигч  тус холболтыг хийнэ гэж заасан учраас үүнийг өөрчлөх ёстой. Тэгэхгүй бол “Чайна Энержи” өөрөө эрчим хүчний компани болохоос төмөр зам барьдаг компани биш. Төмөр зам барих компанийг “Чайна Энержи” компанийн талаас санал болгож байгаа. Бид мөн санал ирүүлсэн бусад компаниудтай уулзаж ярилцаж байна.


ХИЛ ХОЛБОЛТЫГ ХУРДАН ХИЙЧИХВЭЛ  БУСАД БООМТЫГ ТӨМӨР ЗАМААР ХОЛБОХ БОЛОМЖ БҮРДЭНЭ
 

-Бүтээн байгуулалт дууссаны дараагаар нүүрсний тээвэр явж эхэлнэ. Нүүрс олборлолт, ачаа тээврийн  эргэлт нэмэгдэнэ гэсэн. Үүн дээр ямар зохицуулалт хийх бол?

-Энэ төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын  хүчин чадал хоёр дахин нэмэгдэнэ. Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгаа нь дунджаар 165 саяд хүрч, нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ.Тавантолгойн амнаас  гэхэд 30-аас доошгүй сая тонн нүүрс тээвэрлэнэ гэдгийг Ерөнхий сайд мэдэгдэлдээ онцолсон.  Энэ асуудал тодорхой болсон. Гэхдээ цаана байгаа уурхайн аман дээрээс бид нүүрсээ ачиж чадах уу, үгүй юу гэдэг асуудлаа хоёр жилийн хугацаанд шийдэж, хийж дуусгах ёстой. Тухайлбал, олон улсын жишиг уурхайнуудад ам болгон руу нь төмөр зам орсон байдаг. Түүнээс биш өнөөдрийнх шиг автомашинаар төмөр зам дээр авчраад, тэндээсээ дахиад ачаад цааш явна гэвэл бид хэзээ ч 30 сая тонн нүүрс гаргаж чадахгүй. Тиймээс дотоод дэд бүтцээ давхар анхаарч асуудлаа зэрэг шийдээд явах ёстой. Ингэж ажиллахыг өмнөх Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайд үүрэг болгосон.
 

-Одоо хүлээгдэж байгаа  гэрээ, хэлцэл гэвэл ямар асуудлууд байгаа бол?

-Хоёр Засгийн газрын хооронд хийгдсэн олон улсын гэрээний араас  миний ойлгож байгаагаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам хоёр янзын гэрээ хийнэ. Зам тээврийн яамны тухайд нэг л гэрээ хийнэ. Тэр нь хил дамнасан төмар замын бүтээн байгуулалт. Монголын талаас 19.3 км гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалт хийнэ. Үүний 10.8 км нь 30 гаруй метрийн өндөрт байна. 9.5 орчим км нь арай доогуур төвшинд байх юм. Тэгэхээр үүнийг хийж чадах компаниудтай бид гэрээ, хэлэлцээр ярьж байгааг түрүүн хэлсэн. Хамгийн ойрын зорилго бол богино хугацаанд чанартай бөгөөд  шуурхай барих, хоёрдугаарт үнийн хувьд харилцан тохиролцох. УИХ-аас ийм үүрэг өгсний дагуу бид энэ чиглэлээр ажил гүйцэтгэдэг компаниудтай ярилцаж байгаа.

Ний нуугүй хэлэхэд,  ийм том хэмжээний гүүрэн байгууламж барихад манайхны хүчин чадал тааруу. Нөгөөтэйгүүр, бид монголчуудаа аль болох туслан гүйцэтгэгчээр оруулж, ажилтай болгох, тухайн байгууламжийг хурдан шуурхай барих боломж бололцоо олгох асуудлыг гэрээ, хэлэлцээр хийж байгаа компаниудад тавьж байгаа. Гуравдугаарт, энэ том гүүрэн байгууламжийг барьдаг компаниуд бас ч гэж олон байна. Хамгийн гол нь хурдан шуурхай бөгөөд чанартай хийдэг компани л бидэнд хэрэгтэй. Цаг хугацаа чухал. Өнөөдрийн эрин цаг үе бол мөнгөнөөс илүү үнэ цэнтэй.


ЦАГ ХУГАЦАА МӨНГӨНӨӨС ИЛҮҮ ҮНЭ ЦЭНТЭЙ
 

-Та түрүүн хугацааг 2-2.5 жил гэж шахаж байгаа гэсэн. Ажил гүйцэтгэх компаниуд бол тэгж амлаж чадахгүй байх, яагаад гэвэл  тэд далдыг хардаггүй л юм бол ямар бэрхшээл, эрсдэл гарах нь таашгүй шүү дээ?

-Тийм, бид хоёр жил гэж шахаж байгаа. Мэдээж нөгөө газрууд бол найдвартай, баталгаатай, чанартай ажил гүйцэтгэх үүднээс 2.5-3 жил гэж байна. Би бодохдоо 1-1.5 жилийг туршилтын хугацаа гэж үзэж байгаа юм байна гэж ойлгосон. Иймээс бид холболтыг аль болох богино хугацаанд хийхийг эрмэлзэж байна. 

-Нүүрсийг уурхайн амны үнэ, жишиг үнэ гээд бид ярьдаг. Урагш гаргах нүүрсний хэмжээ нэмэгдэнэ, гол нь ямар  үнээр өгөх юм бол. Үүнтэй холбоотой хуулдийн төслүүдэд ямар  нэмэлт,өөрчлөлт оруулах шаардлага гарч байгаа вэ?

-Миний сонссоноор бол амны үнэ дээр 4-5 компани байдаг гэж дуулсан. Яг энэ асуудал нь миний ажил үүргийн хүрээнд байдаггүй учраас нарийн ярих боломжгүй. Тухайн салбарыг хариуцсан сайд, холбогдох албаны хүмүүсээс тодруулах нь зүйтэй байх.

-Тэгвэл өнгөрсөн жил дэд бүтцийн зарим  ажлыг эхлүүлэх шийдвэр гарснаас хойш ямар ажлууд хийсэн бол. Өмнө хийгээд байсан ажлууд одоо шаардлага хангах болов уу?

-Өмнө нь Монгол талаас төмөр замаа хил рүүгээ татсан. Хятад талаас буюу Ганцмодны боомтоос манай хил хүртэл зам нь  300 метр дутуу байгаа. Харамсалтай нь энэ дэд бүтэц баригдаад олон арван жил өнгөрсөн учраас холболт хийхийн тулд шинээр эхэлсэнтэй адил тийм ажлыг дахин хийнэ гэсэн үг.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
W(202.9.41.72) 2025 оны 03 сарын 13

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

1  |  0
mnbvcб(176.66.87.78) 2025 оны 03 сарын 13

Женкогын гай аль эрт хийчих байсан оросын даалгавар гүйцэтгэгч нохой...

1  |  0
Close menu