ХЭН ЮУ ХЭЛЭВ I Б.Батжаргал: НДШ нээлттэй, ил тод байх ёстой

“Хэн юу хэлэв” булангийн энэ удаагийн дугаарт Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар нарын байр суурийг онцлов.


Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:

-Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын хамтын ажиллагаа нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон уг бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн "Шинэ сэргэлтийн бодлого", “Транзит Монгол” үндэсний хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдтэй нийцэж, манай улсын тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, ачаа тээврийн урсгалыг сайжруулж, транзит улс болох зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг болж байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал:

-Иргэдийн дунд НДШ бол татвар гэх ойлголт бий. Маш их санхүүгийн дарамт болж байна ч гэж ярьдаг. Энэ ойлголт зөвхөн манай улсад ч биш дэлхийн бүх улсад байдаг. Нэг судалгаа ярья. Олон улсын нийгмийн хамгааллын ассоциацаас дэлхийн 163 улс нийгмийн даатгалын шимтгэлд суурилсан тогтолцоотой гэх судалгааны дүн гарсан. Эдгээрийн 90 гаруй хувь нь ажил олгогч, ажилтан хоёр хамтарч төлдөг тогтолцоотой. Тэгэхээр дэлхий нийтээс өөр тогтолцоотой орон биш гэсэн үг. Гол асуудал нь юу вэ гэхээр нэгдүгээрт, нийгмийн даатгал буюу тэтгэврийн тогтолцоо нь хэр найдвартай байх вэ, хоёрдугаарт, хэр шударга байх юм бэ. Би төлсөн шимтгэлтэйгээ адилхан тэтгэвэр авч чадах уу, үгүй юу гэдэг асуудал байгаа юм. Тиймээс ил тод, нээлттэй байх ёстой.

Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар:

-Хувьд байгаа ашигт малтмалын оруудын 34 хувийг Баялгийн санд төвлөрүүлэх асуудлыг ярьж эхлэнгүүт стратегийн орд эзэмшигчид эгдүүцэж, уурлаж байна. Бид ямар хувийнх нь бизнесийг булааж авах гэж байгаа биш. Уул уурхайгаас орж ирсэн орлогоо төвлөрүүлье, байгалийн баялгийн сан бүрдүүлье гэж олон жил ярьсан. Одоо хэрэгжүүлэх гэхээр юу нь болохоо байгаад орилолдоод байгаа юм. Ямар эрх ашгаар хамгаалаад байгаа юм бэ. Хувийн аж ахуйн нэгжүүдэд байгаа стратегийн ордуудаас төр тодорхой хувийг эзэмших ёстой.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганаа(202.21.120.62) 11 цагийн өмнө

Стратегийн ордуудын 51%ийгээд Төр авах хэрэгтэй.

0  |  0
Close menu