Бүтэн жил шахам шуугиан тарьсан Б.Хурцыг Английн шүүхээс Герман руу шилжүүлэхээр болжээ. Тэрээр Франц улсаас улс төрийн орогнол хүссэн гэх Дамирангийн Энхбатыг баривчлан авчирсан тагнуулчдын нэг гэдгийг хүмүүс сайн мэддэг болсон. Өнгөрсөн оны есдүгээр сард Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны даргаар ажиллаж байхдаа тэр Лондонгийн Хитроу нисэх онгоцны буудлаас Английн тусгай албаныханд баривчлагдсан юм. Тэр цагаас хойш 11 сар өнгөрчээ. Английн нутагт дипломат эрх ямбатайгаар хөл тавьсан Б.Хурц Вандсворсын хорих газарт хоригдож байв. Шүүгчид түүнийг Германы талд шилжүүлэх шийдвэрээ аль эрт гаргаад байсан ч манай талаас давж заалдах өргөдөл өгсөн тул дахин хуралдсаар, асуудлыг сунжруулсаар өдий хүрчээ. Дамирангийн Энхбатыг хэрхэн баривчилсан, эх оронд нь нууцаар авчраад яаж шуу тамлан зовоож, эрүүдэн шүүсэн, амийг нь хөнөөсөн зэргийг манайхан яг л детектив зохиолд шимтэж буй мэт сэтгэл шимшрүүлэн уншиж байсан биз. Одоогоос долоон жилийн өмнө Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа доодчуудынхаа “эх оронч” санаачлагыг дэмжин, талийгаач С.Зоригийн хэрэгт түүнийг холбогдуулан хүчээр хэрэг хүлээлгэх гэж оролдсон нь өнөөдрийн ийм байдлыг үүсгэжээ. Энэхүү дүгнэлтийг няцааж, маргах мулгуу хүн одоо олдохгүй болов уу. Н.Энхбаярыг тухайн үед тагнуулын ажилтнууддаа Д.Энхбатыг баривчилж авчрах үүрэг чиглэл өгч байсан гэж Гадаад харилцааны яамны ажилтан Монхоон олон нийтэд ил тодоор зарласан юм. Харин Н.Энхбаяр үүний хариуд телевизээр “Тэгж ярих юм бол дипломат ажилтнууд өөрсдөө улсын нууцыг даруулж байна” ухааны юм хэлж байлаа. Б.Хурцын буруу гэж юу байхав. Тусгай үүрэг гүйцэтгэсэн л хүн шүү дээ. Төрийнхөө өмнө тангараг өргөсөн албан хаагч байв. Тушаал бол тушаал. Өөр юмгүй. Харин одоо түүнд Германы тал яаж хандахыг чих тавин чагнаж суух үлдэв шив. Англичууд угаасаа баялагтай хэрнээ хөгжлөөр хоцорч яваа улс орнуудтай чимээгүй дипломат “дайн” зарлаж, тагнуулын албаараа дамжуулан дарамт учруулах замаар өөрсдийн эрх ашгаа гүйцэлдүүлдэг туршлагатай улс. Урьд нь Ази, Африк, Латин Америк, Оросын тагнуулчид Лондонд олонтоо баривчлагдаж байсан гэдэг. Магадгүй Английн талаас Б.Хурцаар далимдуулан ашигт малтмалын ордууд дээр маань эзэн суухыг хүссэн байх.
Б.Хурц сүүлдээ аргаа бараад “Намайг Германы талд шилжүүлээд өг” гэсэн гэх мэдээлэл ч ирж байна. Үүний өмнөхөн Дамирангийн Энхбатын өнчирч хоцорсон хүүхдүүд Монголын төр засагт хандан гомдол хүсэлтээ ирүүлсэн. Хүүхдүүд нь одоо Германд амьдарч байгаа. Тэд Германы холбогдох байгууллагуудад ч аавынхаа талаар мэдээлэл өгч, амь насыг нь хөнөөсөн эздийг олж, хариуцлага хүлээлгэхийг сануулсан. Мөн манай төр засгаас мөнгөн төлбөр нэхэмжлээд байгаа. Ийм нөхцөлд Монголын төр засаг иргэнээ хамгаалахын зэрэгцээ буруу шийдвэр гаргаж, хүний эрхийг зөрчсөн дарга нарыг олж тогтоох, ямар нэг хариуцлага хүлээлгэх нь зүй ёсны асуудал болж байна. Н.Энхбаяр үүнд гол хүн болно. Тэр Германы шүүх Б.Хурцыг хэрхэн шийдэхийг одоо хүлээж байгаа болов уу. Дамирангийн Энхбатыг Европын холбооны улсуудын хил дамнуулан хулгайгаар авчрах үүрэг өгсөн нь үнэн бол хариуцлагаа хүлээж л таарна даа, Н.Энхбаяр гуай.
Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )