Ховд аймгийн Засаг даргын орлогч асан Д.Энхболдтой ярилцлаа.
-Монгол Улсын аймаг бүрд уул уурхай эрхэлж байгаа. Энэ бүгдийг гадна, дотны хөрөнгө оруулалттай компани эзэмшиж, ихэнх нь хэл ам дагуулдаг. Тэгэхээр та Хөшөөт төслийг эхлэхэд аймгийн удирдлагад ажиллаж байсан хүн. Хөрөнгө оруулж байгаа “МоЭнКо” компанийн хувьд ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?
-“МоЭнКо” компани 2007 онд Хөшөөтийн уурхайд хөрөнгө оруулахаар ирж байхад нийгэм, эдийн засгийн байдал хүндхэн байсан. Ийм үед хөрөнгө оруулагчдыг аймгийн удирдлагууд зөв талаас нь харж хүлээж авсан. Тухайн үед алс хязгаар нутагт зам харгуй ямар байлаа, тээвэр ложистик ямар байв гэхээр үнэхээр хүндхэн байсан. Уурхай хаагдаж, аймгийнхаа хэрэгцээний нүүрсийг хөрш зэргэлдээ Увс аймгийн Тарвагатай, Баян-Өлгий аймгийн Хотгорын уурхайгаас авч гал алдахгүй амь зогоож байсан үе. Уурхайн техник технологийг тоноод хятад руу төмрийн хог болгоод гаргачихсан. Уурхайн ажилтнууд тараад явчихсан. Бууриа сахиад зургаа, долоохон айл үлдсэн, ийм л нөхцөл байдалтай байлаа.
-Тэгэхээр одоо төсөл хэрэгжүүлж байгаа “МоЭнКо” компани бол бүх зүйлийг шинээр эхлүүлсэн гэж ойлгож болох уу?
-Үнэнийг хэлэхэд уурхайг ашиглана гэхэд ой тойнд багтахааргүй байсан. “МоЭнКо” үүнийг сэргээж ажиллуулна, шинэ техник технологи оруулж ирж, зам харгуй барина, ажлын байр олноор бий болгож, үйлдвэр үйлчилгээ барина. Аймгийнхаа хэрэгцээг хангаад зогсохгүй нүүрс экспортлоно гэж байсан нь саяхан мэт боловч бас л олон жил өнгөрчээ. Бид ч хууль эрх зүйн хүрээнд хариуцлагатай уул уурхайг эрхэлнэ гэх мэтээр ярилцаж, анхны санамж бичиг байгуулж байлаа.
-Төрийн өмчит томоохон компаниуд улсын хэмжээнд экспорт хийж байгаа ч зам харгуй тавиагүй байна. Гэтэл Хөшөөтийн уурхайгаас хил хүртэл “Нүүрсний зам” гээд нэрлэчихсэн зам байдаг юм билээ?
-Алтайн өндөр уул, даваа давуулж, Барлагийн хавцал гатлуулан 311 километр хатуу хучилттай зам тавьсан. Экспорт хийхээсээ өмнө зам тавьж байгаа хэрэг шүү дээ. Манай Хөшөөтийн уурхай нь говь тал бүсийн уурхай биш. Маш хүнд нөхцөлд, далайн түвшнээс 2100 метр өндөрт олборлолт явуулдаг. Үүнээс гадна говь талын уурхай шиг 3-4 метр ухаад хөрс хуулчихгүй. Байгалийн тогтоц нь өндөрлөгт, маш хүнд нөхцөлд олборлолт хийдэг. Нийгэм, эдийн засгаас эхлээд энэ мэт амаргүй нөхцөлд “МоЭнКо” шантралгүй явсан. Зам тавихаас гадна нүүрс ачиж буулгах талбай бэлдэх, кемп байгуулах, боловсон хүчин, ажиллах хүчээ бэхжүүлж дадлагажуулахаас эхлээд бэлтгэл ажлаа ч сайн хийсэн. Уурхайн ажил 2014 оноос жигдэрч, Ховд аймгийн хэмжээнд нүүрс бэлтгэж өгдөг болсон. Уурхайн нөхцөлд янз бүрийн бэрхшээл тулгарч өөрсдөө олборлож чадахгүй үедээ Хотгорын уурхайгаас нүүрс авахад тусалж, хөрөнгө мөнгө хүртэл гарган, гал алдуулахгүй гэж зүтгэж байв. Ингэж л цагийн саад бэрхшээлийг давж гадагшаа гаргаж эхэлсэн түүхтэй. Тухайн үеийн удирдлагууд “Нүүрс хилээр гарахдаа улсад татвар төлнө. Орон нутаг яаж үр ашгаа авах юм” гэж ярилцаж байгаад “Ховд Хөшөөт Хөгжил Сан” байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Тэгээд “МоЭнКо”-д санал тавьж, тонн тутмаас тодорхой мөнгө авъя. Үүнийг аймаг, орон нутгийн хөгжил, тулгамдсан асуудлыг шийдэхэд зарцуулъя гээд тонн тутмаас тодорхой мөнгө авдаг болсон. Ингэхдээ нэг сая тонноос дээш бол тонн тутамд нэг ам.доллар хүртэл нэмье, үүнийг дэмжээчээ гэж гуйсан. Тэд дэмжиж, хүлээн зөвшөөрсөн. Мөрдөгдөөд явж байна.
-Аливаа аймгийн удирдлагууд тухайн бүс нутагт уул уурхай эрхэлж байгаа компаниуд хооронд яг энэ асуудлаар маргаан өрнөдөг. Тэгэхээр “МоЭнКо” энэ үүргээ хэр биелүүлж ирэв?
-“МоЭнКо” компани тухайн жилд экспортолсон нүүрснийхээ хэмжээгээр “Ховд Хөшөөт Хөгжил Сан”-д мөнгөө төвлөрүүлж, үүгээр дамжуулан орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг. Үүнээс үүдэж, уурхайгаас орж ирж байгаа мөнгийг хэтэрхий жижиглэн тараадаг. Үр ашиггүй зарлаа гэх шүүмжлэл гардаг. Хуримтуулж байгаад томоохон бүтээн байгуулалт руу оруулж болно. Гэвч орон нутагт тулгамдсан олон асуудал байдаг. Сум, багийн эмч нарын унааг солих, хотын төвийн гэрэлтүүлэг, сумдад түргэн тусламжийн машин өгөх гэх мэтээр тулгамдсан олон асуудлыг шийдэхээс өөр аргагүй байдаг. “Ховд Хөшөөт Хөгжил Сан”-гийн мөнгийг аймгийн ИТХ жилийн төсөв хуваарилан баталдагтай адил тухайн жилд хийх ажлын жагсаалт гарган баталдаг. Энэ мэтээр “Ховд Хөшөөт Хөгжил Сан”-гаас олон асуудлыг шийдвэрлэхийг зорьсон нь амжилттай болсон.
-Хөрөнгө оруулагч тал, орон нутаг хоёрын байгуулсан гэрээнд тухайн нутгийн иргэдийг ажлын байраар хангана гээд хувь заачихсан байдаг. Хөшөөтийн уурхай ажиллагсадын хэдэн хувийг ховдчууд эзэлж байна?
-Өнөөдөр Хөшөөтийн уурхайд 1100 орчим жолооч нүүрс тээвэрлэдэг. Үүн дээр нэмэгдээд машин тэргэнд засвар үйлчилгээ үзүүлдэг, хоол унд хийдэг хүмүүс нь ч Ховд аймгаас байна. Тээврийн компаниудыг анх байгуулагдахад адил тэгш гараанаас эхлүүлнэ гээд “МоЭнКо” өөрөө машин авч өгч байсан. Одоо бол залуучууд өөрсдөө машин авч тээврийн компани байгуулдаг болчихсон. Гэрээгээ ч хатуу байгуулсан байх, зөвхөн Ховд аймгаас 1000 орчим жолооч тээвэр хийж байна гэдэг давуу тал. Түүнээс биш Монголын хаанаас ч хэн ч очоод тээвэр хийж болно. Одоогийн байдлаар 26 тээврийн компани байгаа болов уу. Энэ 26 тээврийн компани улсад 20 гаруй тэрбум төгрөгийн татвар төлсөн байдаг. Үүнээс харахад тээврийн компаниуд жилдээ 200 гаруй тэрбум төгрөг олж байна гэсэн үг. Том татвар төлөгч болж, нийслэлийн татварын албанд харъяалагддаг болчихсон. Эдгээр жолоочоос гадна уурхайд ажилладаг 500 орчим хүний 400 шахам нь Ховд аймгийн төв, Цэцэг, Дарви, Зэрэг сумдаас очсон хүмүүс байдаг. Нийт ажилчдынх нь 90 шахам хувь нь орон нутгийн иргэд байна. Шинэ Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтаар өөрчлөлт орж, уурхайн ажилчид 14 хоног ажиллаад 14 хоног амардаг болсон. Ийм нөхцөлд сарынх нь цалинг бүтэн өгч байгаа ганцхан төсөл бол Хөшөөт. Манай улсад олон төсөл орж ирсэн. Зарим нь бүтсэн, бүтээгүй. Замын дундаас буцсан, хөрөнгө оруулалт гацсан гээд янз бүр байгаа. Харин ховдчуудын хувьд их азтай. “МоЭнКо” бол шантрахгүйгээр явж ирсэн.
-Мэдээллээс харж байхад энэ компани арав гаруй жил үйл ажиллагаа явуулахдаа 20 гаруй удаа ямар нэгэн байдлаар зогсож байсан юм билээ. Гэхдээ л эргэж буцаагүй юм байна?
-Миний мэдэхээр уурхайн үйл ажиллагаа маш олон удаа зогссон. Малын гаралтай халдварт өвчин, өөр бусад халдварт өвчнөөс эхлээд хил, гааль нь зогсоно. Чухам ямар учиртайг мэдэхгүй, Шинжаан талаас хаана. Цар тахлын үе, эдийн засгийн хямрал гээд янз бүрийн бэрхшээл тохиолдсон. Энэ бүхэнд зогсохгүй явж байгаагаараа сайн талтай. Тиймээс бид нэг зүйлийг үнэнээр харах ёстой. Манай улсад Хятад, Хонконг гээд газар газрын хөрөнгө оруулагчид бий. Гэтэл монголчууд хятад гэж таагүй ханддаг. Манайхан энэ өнцгөөс харж болохгүй. Өнөөдөр нүүрсийг хаашаа ч хамаагүй аль болох их хэмжээгээр экспорлох Төр засгийн бодлого байна. Нүүрсний экспортод зориулж төмөр зам, автозам барьж, боомтуудын үйл ажиллагааг сэргээхийг зорих болсон. Ийм үед хятад энэ тэр гэж хөрөнгө оруулагчдыг ад шоо үзэх хэрэггүй. Нүүрсний дараа дараагийн эх үүсвэр яригдаж байгаа үед аль болох ахиухан гаргаад хөрөнгө болгож авах хэрэгтэй. Эрдэмтэн судлаачид нүүрс нэг л өдөр хог болохыг анхааруулж байна.
-Хөшөөт төсөлд нүүрс баяжуулах үйлдвэр барих тухай тодорхой бий. “МоЭнКо” үнийгээ биелүүлээгүй юм биш үү?
-Төсөл төлөвлөгөөний дагуу баяжуулах үйлдвэр барихаар усны судалгаа хийж эхэлсэн ч нутгийн иргэд, малчид эсэргүүцээд хайгуул хийлгээгүй. Тиймээс 2013 онд цуцалсан. Харин “МоЭнКо” компанийн цаад талын хөрөнгө оруулагч нь Шинжаан талд, Ташкен боомт дээр угаах үйлдвэр барьчихсан. Хилийн цаана гэсэн үг. Тэндээс нэмүү өртөг шингээд цааш явж байгаа. Наана бол хуурай аргаар чулуу шороог нь салгаад явуулдаг. Манайхан Хөшөөт орчимдоо барих боломжгүй байсан бол Булган, Үенч сумын нутагт барьчих байсан юм. Үүн дээр алдсан. Гэхдээ манай ахмад геологчид нүүрс угаах үйлдвэр нь нүүрсний хамгийн бохир зүйлийг авч үлдээд нүүрс нь гадагшаа гардаг. Тэр нь эргээд байгаль орчинд ихээхэн хэмжээний лаг шаар, хөө тортог үлдэж, түүнийг булшлах гэж газраа ухах учраас хэрэггүй гэж үздэг юм билээ. Тэгээд ч манай уурхай чинь Сутай хайрхны баруун өвөр, Баатарын нуруу хоёрын дунд байдаг учраас эко талаасаа дэмий байсан болов уу. Манай нутгийн иргэд, малчид ихээхэн эсэргүүцэж байгаад зогсоочихсон юм. Түүнээс бусад тал дээр асуудал алга.
-Орон нутагт олборлолт явуулж байгаа компаниуд тухайн орон нутийн аж ахуйн нэгжүүдээс худалдан авалт хийдэг хамтын ажиллагаа байдаг. Зарим нь давж гаднаас импортоор хэрэглээний бараагаа авах нь ч бий. Хөшөөтийн хувьд ямар зарчмаар ажиллаж байна?
-Хөшөөтийн уурхай бол орон нутгаас маш сайн худалдан авалт хийдэг. Жишээ нь, ажлын гутал хувцсыг Ховд аймгийн компаниуд хийж нийлүүлдэг. Үүнээс гадна үйлдвэрлэсэн гутал, хувцсаа Оюутолгой болон бусад уурхайд санал болгоод үйлдвэрлэлээ хөгжүүлээд явж байна. Үүнээс гадна мах махан бүтээгдэхүүн, бусад хүнсний бүтээгдэхүүн, хүнсний ногоо гээд бүгдийг ховдчууд нийлүүлдэг.
-Тээвэрчид хөрс хуулалтын компани, инженер техникийн ажилчид гээд нийтдээ хэдэн хүний ажлын байр байна вэ. Энэ нь орон нутгийн хэмжээнд амьжиргаанаас эхлээд бусад зүйл дээр хэрхэн мэдэгдэж байна?
-“Алтайн зам” компанид гэхэд 400 гаруй хүнтэй. Үүн дээр 1000 гаруй тээвэрчид, мөн инженер техикийн ажилчид, бусад туслах ажилчин гээд нийтдээ 2700 гаруй хүнийг ажлын байраар хангадаг. Энэ нь Ховд аймгийн хөгжил цэцэглэлт, иргэдийн ахуй амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ гээд харахаар маш сайн. Манай Ховдод худалдааны битүү захууд олон болсон. Сүүлийн жилүүдэд орон сууц олон баригдаж байна. Жилдээ 200 орчим орон сууц ашиглалтад орж, энэ үзүүлэлтээрээ баруун бүсдээ тэргүүлдэг. Үүнийг хэн худалдаж авч байна вэ гэвэл Хөшөөтийн уурхайд өндөр цалинтай ажиллаж байгаа, тэр уурхайтай ажил амьдралаа холбосон хүмүүс л гол төлөв худалдан авдаг. Манай худалдааны зах дээр олон жил наймаа хийсэн хүмүүс “Сүүлийн жилүүдэд уурхай овоо сайн жигд ажиллаж, үүний нөлөөгөөр бидний ашиг орлого сайн боллоо. Ховд аймгийн бараа эргэлт, чанар эрс сайжирсан" гэж ярьдаг юм. Манай аймагт арваад битүү зах байна. Барилгын материалын зах гэхэд тав бий. Увс, Завхан, Говь-Алтай аймгуудад барилгын материалын дагнасан зах байдаггүй. Ховдын хүнс барааны зах дээр ашиг орлого сайн байна гэдэг хүмүүсийн амьдрал гайгүй байгааг харуулж байгаа хэрэг. Өнөөдөр ЗДТГ-т туслах ажил хийж байгаа хүн 600-700 мянган төгрөгийн цалин авч байгаа бол Хөшөөтийн уурхайд туслах ажил хийж байгаа хүний цалин доод тал нь 1.2 саяас эхэлж байгаа юм. Ховд аймгийн сүүлийн 10 жилийн хөгжил, хүн амын суурьшил, бизнесийн орчин гээд харахаар тэс өөр болсон. Учир мэдэх хүмүүс энэ өөрчлөлтийг уурхайтай холбон тайлбарладаг. Манай тээврийн компанийн зарим нэг захирлууд Улаанбаатар хот, Яармагийн дэнжид хороолол барьж байна. Энэ бол гайгүй сайн орлоготой байна гэсэн үг. Энэ бүх зүйлээс харахад хөрөнгө оруулалт маш сайн байгааг харуулж байна.
-Хөрөнгө оруулалт гэснээс Хөрөнгө оруулалтын тухай хуулийг буцаалаа. Ховдчуудыг парламентад төлөөлдөг гишүүд УИХ-аар ийм хууль батлах гэж байна, хууль санаачилж байгаа гэх зэргээр мэдээлэл өгдөг байх. Ер нь УИХ-ын гишүүд улс төрийн талаасаа хэрхэн хамтарч ажилладаг вэ?
-Уул уурхайн төсөл улстөрчдөөс хол байх хэрэгтэй. Улстөрчид ч өөрсдөө жамаараа явж байгаа уул уурхайн төслөөс хол байх ёстой. УИХ-ын гишүүдийн хувьд "Ховд Хөшөөт Хөгжил Сан”-гаар дамжин хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн хүрээнд ИТХ-тай хамтарч, зөвлөж ажилладаг байсан байх. Харин сүүлийн үед өөр хандлагатай болж байх шиг. Би дээр цухас дурдсан. УИХ-ын гишүүн асан Ш.Адьшаа “Алтайн зам” компанитай С.Бямбацогт гишүүнийг холбох гэх мэтээр янз бүрийн зүйл ярьж байгаа нь иргэд хооронд хардлага төрүүлэх магадлалтай юм.
-Ямар хардлага?
-Нутгаас сонгогдсон гишүүд маань яагаад Хөшөөтийн уурхайтай нэг нэгнээ холбож яриад эхлэв гээд бодож үзэх асуудал. Би “Жамаараа явж байгаа төслөөс улстөрчид хол байх хэрэгтэй” гэж хэлсэн. Нэг талаасаа төр маань маш нээлттэй хөрөнгө оруулалтыг дэмжинэ, хамгаална. Нүүрсийг дэлхийн зах зээл дээр үнэтэй байгаа дээр нь их хэмжээгээр гаргах гэж олон боомт нээж, төмөр зам барьж байна. Үүнээс үзэхэд хэн нэгэн төрийн бодлоготой харшлах зүйл гаргах ёсгүй юм. Ялангуяа УИХ-ын гишүүдийн оролцоо бол хэрэггүй. “МоЭнКо” компани сүүлийн хэдэн жил Монголын топ аж ахуйн нэгжүүдийн тоонд орсон. Д.Сумъяабазар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байхдаа нэг удаа очиж, “Хөшөөтийн уурхай жижиг ч гэсэн загвар уул уурхай юм байна” гэж байсан. Арга ч үгүй, зам харгуйгаа барьчихсан, шинэ суурьшлын бүс босгочихсон. Хамгийн гол нь байгаль дэлхийд халгүй өөрийн гэсэн замтай. Улсдаа ч орон нутагт ч татвар хураамжаа төлдөг нь загвар болчихсон. Тэр ч бүү хэл нөлөөллийн бүсийн сум гээд Дарви, Цэцэг суманд тэрбум тэрбумаар мөнгө өгдөг. Ер нь бол маш сайн жишиг уул уурхай. Аливаа юмыг муулах гээд муу талаас нь харъя гэвэл байж л таарна. Гэвч энэ төслийн ерөнхий ноён нуруу маш сайн. Энэхүү төсөл нь сүүлийн арваад жил хаагдан боогдон зогсолгүй явсны хүчинд Ховд аймаг баруун бүсийн аймгуудаасаа хөгжлөөрөө ялгарч байгаагаас харж болно. Үүнийг ховдчууд сайн мэддэг, ярьдаг.
-Төслөөс УИХ-ын гишүүд хол байх нь бүү хэл С.Бямбацогт гишүүн Хөшөөтийг стратегийн ордод бүртгэж авах тухай байр суурь илэрхийлж байсан. Тэгэхээр ихэд анхаардаг юм биш үү. Ийм боломж байдаг уу?
-С.Бямбацогт гишүүн чухам яагаад ийм зүйл ярьсныг мэдэхгүй. УИХ-ын гишүүн асан Ш.Адьшаа өөрийнх нь хамаарал бүхий компани Хөшөөтөд байдаг гэх мэт эсрэг зүйл ярьсан. Үүнд эмзэглээд ингэж ярьсан болов уу, мэдэхгүй юм. Стратегийн орд гэх үү бүтээгдэхүүн гэх үү гэхээр асуудал бий. Манайд бол стратегийн бүтээгдэхүүн гэх ойлголт бий. Жишээ нь, жонш, нефть, химийн ховор элементүүд, уран бол стратегийн бүтээгдэхүүн. Нүүрс бол стратегийн бүтээгдэхүүн биш шүү дээ. Төрөөс бүхий л боломжоороо экспортлоно гэж байна. Нүүрс ирээдүйтэй бүтээгдэхүүн биш. Дараа дараагийн эх үүсвэр гарчихсан. Улстөрчдийн зүгээс яах гэж ингэж тайлбарласныг мэдэхгүй юм.
-Цаашид олборлолт, тээвэрлэлтээ нэмэгдүүлэх талаар төлөвлөсөн юу байна. Экспорт нэмэгдэнэ гэдэг орон нутагт хөрөнгө оруулалт өсөж, тэр хэрээр хөгжил дэвшилд нөлөөлнө гэсэн үг?
-Юуны өмнө боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Манай ганц боомтоор бүх зүйл орж гардаг учраас экспорт нэмэгдүүлэхэд асуудал бий. Харин одоо Цонж аймаг тал руу боомт нээх тухай ярьж байгаа юм билээ. Хэрэв энэ нээгдвэл нэвтрэх чадвар сайжирна. Уул даваанаас гадна манай говийн эмзэг хөрсөн дээр тээвэр хийх боломжгүй. Хатуу хучилттай замаар тээвэрлэхгүй бол болохгүй.
Тиймээс зам харгуй тавих асуудал ярьж байгаа юм билээ. Одоогийн нөхцөлд хоёр сая, сайндаа гурван сая хүргэж чадах уу, үгүй юу л байгаа. Одоо ч маш хүнд замаар явдаг. Алтайн том даваа даваад, Барлагийн хавцал гатлаад говиор гээд 311 километр зам туулж байж хил дээр очдог. Өвөлдөө цас унахаар даваа гүвээ хэцүү. Зундаа даваа давж уруудахын тулд накалад руугаа байнга ус шүршиж байж бууж очдог гээд чамгүй хүнд нөхцөлд тээвэр хийдэг.
Сэтгэгдэл ( 1 )
Ard tumnii omch oor mongo olj baigaa bol huvia aviy bitii gonshignood bai chadahgui bol omchoo bucaaj aviy