Өмнөд Хятадын тэнгисээр хүрээлүүлдэг Хайнань арлыг монголчуудын зарим нь андахгүй мэддэг болжээ. Манай улсын иргэд гэр бүл, хамт олноороо очиж амардаг, очих дуртай аялал зугаалгын бүс нутаг юм. Мөн оросууд ч их очдог болжээ. Амарч зугаалж, аялж байгаа хүмүүсийн сэтгэлийг татаж, нүдийг баясгадаг зүйл нь далайн цэвэр агаар, жилийн дөрвөн улирлын туршид мөнхийн зунаараа байдаг байгалийн үзэмж, хөдөлмөрч хятадуудын хийж буй бүтээн байгуулалт, худалдаа үйлчилгээ юм. Рашаан усны олон ундаргатай, түүнийгээ хүнс, эрүүл мэнддээ хэрэглэдэг, дээрээс нь энэ газрын уугуул, суугуул хүмүүс далайн гаралтай хүнсийг өдөр тутамдаа хэрэглэдэг тул тарган хүн үгүй, урт наслалтаараа энэ бүс нутгийнхан тэргүүлдэг гээд сонирхолтой, эерэг мэдээлэл олонтой юм.
Харин Хятадын бизнес эрхлэгч, магнатуудын хувьд Хайнань гэр бүл, найз нөхдийн хамт очиж зугаалдаг үзэсгэлэнт далайн эргийн амралт байхаа больжээ. Сүүлийн үед инновацид суурилан хөгжиж байгаа тус бүс нутагт жил бүр Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт /BFA/ зохион байгуулагддаг. Энэ жил 25 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус чуулга уулзалтыг “Азийн Давос” гэж нэрлэх нь ч бий. Хэд хэдэн жижиг арлаас бүрдсэн, ижил нэртэй Хайнань мужийн Боао хотод энэ жил ч уламжлал ёсоор Боаогийн чуулга уулзалт зохион байгуулагдлаа. Өнгөрөгч гуравдугаар сарын 25-28-ны өдрүүдэд тус чуулга уулзалт “Өөрчлөгдөж буй дэлхий ертөнц дэх Ази тив: Хамтын ирээдүйн төлөө” сэдвийн дор болж өндөрлөсөн юм. Нээлтийн ёслолд Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян оролцов. Тэрбээр “Бүс нутгийн эдийн засгийн интеграцчлал бэхжиж, дэлхийн эдийн засаг дахь Азийн эзлэх хувь тасралтгүй нэмэгдэж байна” гэдгийг онцлоод мөн “Дэлхийн хэмжээнд тогтворгүй, тодорхойгүй байдал нэмэгдэж байгаа”-г ч дурдаад, “Дэлхий дахинд тулгамдаж буй сорилтуудыг даван туулах, Азийн хамтын нийгэмлэгийг байгуулах, Азид төдийгүй дэлхийн бусад орны хувьд илүү сайхан ирээдүйг цогцлоохын төлөө хамтаараа хүчин чармайлт гаргах”-ыг уриалсан юм.
Манай улсаас Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр энэ чуулга уулзалтын нээлтийн ёслолыг зорьсон бөгөөд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Шюэшянтай гуравдугаар сарын 26-нд уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, шинжлэх ухаан, технологийн паркийн талаар санал солилцсон тухай мэдээллийг бид өмнө нь хүргэсэн билээ. Тэрбээр мөн тус форумын нарийн бичгийн дарга, Элчин сайд Жан Жюньтэй уулзсан юм. Уулзалтаар Л.Гантөмөр сайд “Азийн төлөөх Боао чуулга уулзалт нь Азийн улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүс нутгийн хөгжил цэцэглэлтийг бий болгоход чухал хувь нэмэр оруулж буй”-г өндрөөр үнэлж, “Цаашид хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Монголын бизнес эрхлэгчдийг форумын жилийн чуулга уулзалтад идэвхтэй оролцуулж, хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх”-ээ илэрхийлэв.
Хөгжил гэдэг хөдөлгөөн аж
Боао нь хагас зуун жилийн өмнө загасчдын жижиг суурин байжээ. Харин 2001 онд Боаогийн чуулга уулзалтыг анх зохион байгуулж, түүнээс хойш аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ эрчимтэй хөгжиж, инновацид суурилсан өнөөгийн өнгө төрхийг олж, цэцэглэн хөгжиж, дэвжин тэлсээр байгаа юм байна. Цар хүрээ нь өргөжихийн хэрээр чөлөөт худалдааны боомт, олон улсын аялал жуулчлалын төв болон хөгжин тэлж буй Хайнань мужийн онцгой нэгэн хэсэг болох өнийн ирээдүй гэрэлтэнэ. Энэ оны эцэс гэхэд Хайнань нь Хятадын эх газартай хийх худалдаанд хэвийн хяналт тавихын зэрэгцээ хилийн чанадад бараа бүтээгдэхүүнээ чөлөөтэй тээвэрлэх гаалийн тусгай дэглэмийг хэрэгжүүлэх эхний үе шатаа эцэслэн дуусгана. Түүнчлэн тус арал нь Ази тивийн стратегийн онцгой гарц билээ. Учир нь дэлхийн 21 орноос энэ бүс нутагт дөрвөн цаг, 59 орноос найман цаг нисээд хүрэх боломжтой. Мөн Энэтхэг-Номхон далайн орнуудад усан замаар төвөггүй хүрэх боломжтой учир дэлхийн хамгийн чухал, худалдааны өргөн цар хүрээтэй шинэ зам юм. Эндээс харахад, хөгжил гэдэг товчхондоо хөдөлгөөн аж. Хайнань нь бүс нутгийн худалдааг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд ердөө таван жил болж байгаа ч аль хэдийн үр дүнгээ өгч эхэлсэн гэж ажиглагчид дүгнэв. Чуулга уулзалтад оролцож буй гишүүн орны төлөөлөгч, бизнес магнат, улс төрийн бодлого тодорхойлогч, салбарын мэргэжилтнүүдийн тооцоолж буйгаар 2024 онд тус арлын импорт, экспортын нийт хэмжээ 277 тэрбум 650 сая юаньд хүрч, жилийн 20 хувиар өсчээ. Мөн хугацаанд арлын ДНБ нь 793 тэрбум 500 сая юаньд хүрч, аялал жуулчлалаас 204 тэрбум юанийн ашиг олсон байна. Цаашид, Хайнань аялал жуулчлал, орчин үеийн үйлчилгээ, өндөр технологи, халуун орны хөдөө аж ахуй гэсэн дөрвөн тулгуурт салбарыг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхийг зорьж буй юм байна.
Мөнгөн цагаан хөлгүүдийн амсхийх зогсоолд
Энэ жилийн Боаогийн чуулга уулзалтад 60 гаруй орны 2000 мянган бүс нутгийн төлөөлөгч оролцсоноос гадна 150 орчим хэвлэл мэдээллийн байгууллагаас 1000 гаруй сэтгүүлч оролцлоо. Боаогийн Азийн чуулга уулзалтын ерөнхийлөгч Бан Ги Мун "Би болон манай хамт олон тус муж хэрхэн өөрчлөгдөж, шинэчлэгдсэнийг нүдээрээ харлаа. Дэд бүтэц, үйлчилгээнээс эхлээд өндөр технологийн аж үйлдвэр хүртэл Хайнань мужийн нөөц баялаг хүмүүсийг татах хүч болох замдаа явж байна. Энэ жилийн форум нь олон улсын хөгжил, хамтын ажиллагааг дэмжих зорилготой, нээлттэй яриа хэлэлцээг нэмэгдүүлж, салбар бүрийн шинэлэг хэлбэрийг судлах, бодит үр дүнд хүргэхэд чиглэсэн юм” гэдгийг онцоллоо.
Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтад оролцож буй гишүүн орнууд цаашид импорт, экспортын татваргүй, чөлөөт худалдааны бүс бүтээн байгуулах ажлыг эрчимжүүлэхийг уриалж байна. Хятадын Хайнань мужийн хувьд дэлхийн бусад худалдааны бүстэй харьцуулахад 21 орноос энэ бүс нутагт дөрвөн цаг, 59 орноос найман цаг нисээд ирэх боломжтойг дээр дурдсан. Тэгвэл Хайнаньд стратегийн энэхүү давуу талаа ашиглан татварын хөнгөлөлттэйгөөр хурдан хугацаанд агаарын тээврийг бүрэн засварлах үйлчилгээг хөгжүүлж байна. Шинэ эдийн засгийн нээлт гэж тодорхойлж болох уг үйл ажиллагаатай олон улсын хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийг танилцуулав. Чөлөөт худалдааны боомтын Аэронавикийн засвар үйлчилгээний аж үйлдвэрийн бааз /AMIBFTP/ нь Хайнанийн Хайкоу хотод байрлаж байна. Энд 2000 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй агаарын тээврийн онгоцыг будах, эд ангиудыг сольж шинэчилдэг төдийгүй нисэхийн эд ангиудыг худалдаалдаг олон улсын төв бүхий мега цогцолбор юм. Одоогоор тус баазад 1862 агаарын хөлгийг бүрэн засварлаж, 44 мянган онгоцны эд ангийг шинэчилж, 212 онгоцны будгийг сэргээн засварлажээ. Монгол Улсын агаарын тээврийн MIAT компанийн нисэх онгоц энэ оны эхээр анх удаа Хайнанийн чөлөөт бүсийн засварын баазад техникийн засвар үйлчилгээнд орсон байна. Харин өдгөө Хонгконг, Малайз, Канад болон Катарын агаарын тээврийн компаниудын мөнгөн цагаан хөлгүүд засвар үйлчилгээнд орж байна.
Чөлөөт худалдааны боомтын Аэронавикийн засвар үйлчилгээний аж үйлдвэрийн баазын захирал Ван Хайе “Хамгийн анх манай хамт олон энгийн засвар үйлчилгээг үзүүлдэг байсан бол одоо бүхий л засварын үйлчилгээг үзүүлдэг болсон. Чөлөөт худалдааны бүс байгуулах бодлогын тусламжтайгаар бид бусад агаарын тээврийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудаас 15 хувиар хямд үнийн дүнг санал болгодог. Жишээлбэл, олон улсад агаарын нисэх онгоцны будгийг сэргээх ажил дээд талд нь зургаан сар шаардагддаг бол бидний зүгээс 20 хоногийн дотор засвар үйлчилгээг бүрэн үзүүлэх хүчин чадалтай" гэсэн юм. Тус бааз нь FAA (АНУ) болон EAS" (Европ) зэрэг олон улсын 23 гэрчилгээтэй аж. Тоног төхөөрөмжийн импортын "Тэг тариф" бодлогын дагуу 80 сая юанийн татвар хэмнээд байгаа гэнэ. Тэд 2028 он гэхэд "GEnx-1B" хөдөлгүүрийн засвар үйлчилгээний /Boeing 787-д ашиглагддаг/ хүчин чадлаараа дэлхийн эхний дөрөвт жагсах болно. Өөрөөр хэлбэл, тэд агаарын тээврийн засвар үйлчилгээгээрээ “Номхон далай болон Энэтхэгийн далайд төвлөрсөн холболтын чухал зангилаа” болохоор ирээдүйгээ томоор зурж байна.
Сэтгэгдэл ( 0 )