Хүүхдүүдийг багаас нь хөгжүүлж эхэлдэг. Тэдэнд ном уншиж, оюуныг нь хөгжүүлдэг тоглоом авч өгч, янз бүрийн сургалтад явуулдаг. Энэ нь ч зөв. Гэтэл нэг л өдөр хүүхдийн сонирхол буурч, дургүй болно.
Сурган хүмүүжүүлэх ухааны мэргэжилтнүүдийн ярьснаар, хөгжил, эрх чөлөө хоёрын тэнцвэрийг хадгалах шаардлагатай. Амьдралын эхний жилүүд нь асар их өсөлт, хөгжлийн үе байдаг.
Зургаа хүртэлх насанд хүүхдийн тархинд олон тэрбум мэдрэлийн холбоос үүсэж байдаг байна. Энэ үед хүүхдэд ярих, сэтгэх, анхаарлаа төвлөрүүлэх, ертөнцийг танин мэдэх чадвар хөгждөг бөгөөд энэ үеийг л алдвал нөхөх бараг боломжгүй байдаг аж.
Бага наснаас нь хөгжүүлэх гэдэг нь сургуульд сургах гэсэн үг биш.
Тоглох замаар хүүхдийг өөртэй нь, ертөнцтэй, боломж нөөцтэй нь танилцуулж болдог. Энэ бол түүний итгэлтэй, бие даасан байдалд хөрөнгө оруулж байгаа хэрэг гэж шинжээч тайлбарлажээ.
Хүүхдийнхээ онцлогт тааруулалгүй эцэг, эхчүүд алдааг нь хүндээр хүлээн авах эсвэл тодорхой хүлээлт тавьдаг. Улмаар хүүхдэд онц сурлагатны хамшинж буюу төгс байх хүсэл төрж, алдаанаас айх, бусдад таалагдах хүсэл төрдөг.
Бусдын итгэлийг даахгүй байхаас эмээж, хөгжих үйл явцад баярлахаа больдог байна.
Нөгөө туйлд нь “үгүй” гэсэн хамшинж бий. Хүүхэд сурах дургүй, сонирхолгүй болж, эсэргүүцнэ. Энэ үед эцэг, эх айж, хүүхдээ тайван орхиж, буулт хийдэг. “Хүсэхгүй” байна гэдэг нь тэр бүр хэт их ачаалал гэсэн үг биш гэдгийг эцэг, эх ойлгох ёстой. Зарим тохиолдолд энэ нь насны хямрал байдаг байна. Гурав, тав, эсвэл долоон насандаа хүүхэд өөрийгөө илэрхийлж, зөвшөөрөгдөх хил хязгаар, үйлдлийн загвар, томчуудыг айлгахын тулд муухай аашлах хязгаарыг шалгадаг.
Хэрэв хүүхдийг зөвхөн үр дүнгийнх нь төлөө магтаж байсан бол шинэ зүйл эхлэхээс айдаг болдог байна.
Хөгжил бол үйл явц. Дардан байх албагүй ч урагшлах ёстой. Хичээл, сургалтын тоо бус харин үйл явцыг буруу зохион байгуулахад хэт их ачаалал өгдөг байна. Маш их даалгаврыг хүлээн авахад хүүхдийн сэтгэл зүй бэлэн бус байдаг тул хүлээн авахаас татгалзаж, сурах хүслийг бууруулдаг аж.
Өнөөдөр хуваарьгүй хүүхэд насны тухай их ярьдаг болсон. Гэхдээ эрх чөлөө гэдэг нь хийцгүйрэх гэсэн үг биш. Энэ бол хүүхдийн туршиж үзэх, алдах, сурах боломж юм. Хүүхэд тоглож, уйдах, мөрөөдөх ёстой. Гэхдээ тэр аливаад хүчин чармайлт гаргаж, даван туулж, дуусгаж сургах хэрэгтэй.
Хүүхдэд аюулгүй гэсэн мэдрэмжийг өгөх зүг чиг, дүрэм, хил хязгаар хэрэгтэй. Эцэг, эх байна гэдэг нь тэнцвэрийг олох гэсэн үг. Эцэг, эх бол тав тухыг нийлүүлэгчид биш харин хүндрэл, бэрхшээлийг даван туулахад тусалдаг дэмжигчид юм гэж шинжээчид онцолсон байна.
Сэтгэгдэл ( 0 )