Таны харж байгаа эдгээр бяцхан хүүхдүүд өөрсдийн гараар бүгдийг хийж, амьдралын ухаанд суралцаж байна.
Харин тэдэнд тухтай, сонирхолтой орчныг бүрдүүлж, ахуйн хөдөлмөрт сурган, амьдралд хөтөлж байгаа хүмүүс бол цэцэрлэгийн багш нар нь юм.
Тэд бол Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Нэгдүгээр цэцэрлэгийн хамт олон. 1976 онд байгуулагдсан тус цэцэрлэг нь 3-6 насны 187 хүүхэдтэй, 31 багш, ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Цэцэрлэгийн багш, ажилтнууд өөрсдийн санаачилгаар хүүхдийг багаас нь амьдралын чадварт дасгах, аав ээждээ туслах, өөрөө өөртөө үйлчлэх энгийн хөдөлмөрт сургах зорилгоор “БИ ӨӨРӨӨ” танхимыг шинээр байгуулан, тохижуулжээ.
Энэ талаар тус цэцэрлэгийн Арга зүйч Б.Бямбагарав “Бид нэг ангийнхаа унтлагын өрөөг тохижуулж, “Би өөрөө” танхимыг байгуулсан.
Хүүхдүүд маань энд хувцас угаах, хоол бэлтгэх зэргээр айлын аав ээж, ах эгч нар нь гэртээ хийдэг бүх ажлыг багшийнхаа тусламжтайгаар хийдэг. Тэр боломжийг нь бүрдүүлж өгсөн” гэлээ.
Шарж идэх өндөгнөөс эхлээд энэ танхимд хэрэглэж байгаа бүх зүйл нь бодит. Ингэхдээ хүүхдийн биеийн өндөрт тохирсон хөргөгч, тавиур, угаалтуур, угаалгын машин, хувцасны индүү, хайруулын таваг, оёдлын машин, мужааны хэрэгсэл гээд дан жижиг овортой тавилгуудаар өрөөг тохижуулжээ.
БАГШ, АЖИЛТНУУД ӨӨРСДИЙН МӨНГӨӨР “БИ ӨӨРӨӨ” ТАНХИМЫГ ТОХИЖУУЛЖЭЭ
Б.Бямбагарав багш “Та, бид ялгаагүй жаахан байхдаа ээж, аавыгаа хоолоо хийхэд хамт хийх юм сан, өндөг шараад үзчих юм сан гэж гэсэн мөрөөдөлтэй байсан. Үүнийг багш, ажилчдынхаа хурлаар хэлэлцэн, багынхаа мөрөөдлийг биелүүлэнгээ хүүхдүүддээ хөгжих боломж олгоё гэдгийг бүгд дэмжээд, энэ орчныг бүрдүүлсэн. Бэлэн зүйлсээс бусдыг нь манай цэцэрлэгийн жижүүрээс эхлээд дарга, эрхлэгч бүгд оролцож, өөрсдийн гараар хийсэн. Танхимаа тохижуулах санхүүжилтаа багш, ажилтнууд өөрсдөөсөө хандив гаргаж, шийдвэрлэсэн. Эцэг, эхээс хандив аваагүй, шугам, сан техникийн хоолой гэх мэт ойр зуурын зүйлд төсвөөс багахан төгрөг гарсан” гэдгийг ярилаа.
Тус хамт олон шинэ танхимаа таван сая гаруй төгрөгөөр тохижуулсан бөгөөд төсвөөс 1 сая орчим төгрөг гаргажээ. Үлдсэнийг нь багш, ажилтнууд өөрсдөөсөө хандивласан байна.
Ийнхүү багш нарынхаа сэтгэлээр бүтээсэн шинэхэн танхим ашиглалтад орсноор хүүхдүүд идэвхтэй болж, хичээлээ таслахаа байжээ.
Цагааннуур сумын Нэгдүгээр цэцэрлэг 24 цагийн нэг, өдрийн цагийн зургаан бүлэг хичээллэдэг. Дунд ангийн 3-4 настай хүүхдүүд техник, хэрэгсэлтэй ажиллах нас нь арай бага. Тиймээс 5-6 нас буюу ахлах бүлэг, бэлтгэл ангийн нийт дөрвөн ангийг өдөр, өдрөөр ээлжлүүлж “Би өөрөө” танхимд хичээллүүлдэг. Тэр өдөр бүхэлдээ тухайн ангийн мэдэлд байна.
Өөр нэгэн давуу тал нь Цагааннуур сум нь хоёр цэцэрлэгтэй учраас хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт, анги дүүргэлт Улаанбаатар болон төв суурин газруудаас харьцангүй бага. Нэгдүгээр цэцэрлэгт нэг ангид хамгийн дээд тал нь 20 хүүхэд байна.
Тэгэхээр нэг буланд хэсэг хүүхэд хоол хийж байхад, нөгөө хэсэг нь угаалгаа, оёдол, хэсэг нь мужааны ажил дээрээ, бусад нь шигтгэмэл, наамал, хамтгамлаа хийгээд. Ингээд хэсэг хэсэг болгочихоор багш, хүүхдэд аль алинд нь ачаалалгүй байдаг аж.
ЦЭЦЭРЛЭГИЙН ЖААЛУУД ХҮНСНИЙ НОГООГОО ӨӨРСДӨӨ ТАРЬДАГ
Тус цэцэрлэгийн бяцхан жаалууд хоолондоо хэрэглэх төмс, хүнсний ногоог өөрсдийн гараар тарьж ургуулдаг.
Тухайлбал, бэлтгэл болон ахлах бүлэг нь тус бүртээ 3х4 хэмжээтэй хайрцагт ногоогоо тариалдаг туршлагын талбайтай. Тэндээ өөрсдөө ногооны үрээ суулгана. Хүссэн хүүхдүүд зуны амралтаараа багштайгаа ногооны талбайн зэрлэгийг зулгааж, усална. Эндээс хүүхдүүд ногоогоо яаж арчилж ургуулахыг энгийн дадлагаар суралцдаг байна. Намар хүүхдүүд ногоогоо хурааж, ангидаа оруулж ирээд угааж, хэрчин, зууш, салатаа хийнэ. Илүү гарсныг нь цэцэрлэгтээ нөөцөлдөг.
Өнгөрсөн жилд гэхэд 120 орчим кг төмс, 40 орчим кг лууван, 100 орчим кг өргөст хэмх хураан авчээ.
Мөн өвөлдөө чинжүү, сонгино, саримсаа анги танхимынхаа цонхон дээр хүүхдүүдээрээ тариулаад, тэндээс нь хоол хүнсэндээ хэрэглэдэг аж.
"Би өөрөө"
Үүнээс гадна тус цэцэрлэгийн хамт олон мандлын цэцэг тарьдаг аж. Мандлын цэцгээ цэцэрлэгтээ ашиглахаас гадна сум, орон нутгийнхаа төв талбайд зориулж зөөврийн цэцгийн мандал хийн, чимэглэлийн байдалтайгаар байршуулдаг гэв.
Зарим байгууллага, айл өрхүүдэд цэцгийн үрийг нь уутлаад хандивлаж, бэлэглэдэг. Энэ жилээс үрсэлгээ хийж байгаа бөгөөд одоогоор 1000 орчим үрсэлгээ бэлтгэжээ.
Цэцэг тарих цаг эхлэхээр үрсэлгээнийхээ тодорхой хэсгийг нь хандивт бэлэглэж, өөрсдөө хэрэглэнэ. Илүү гарсныг нь борлуулж, цэцэрлэгийнхээ дараагийнхаа санхүүжилтыг хийх зорилготой байгаа аж.
"Би өөрөө" танхимыг санаачлан байгуулсан багш, ажилчдад болон идэвхийлэн суралцаж байгаа цэцэрлэгийн багачууддаа талархал илэрхийлж, амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 5 )
yamr mundag tsetserleg be ingej um buriig uursduur ni hiij surgadag bbal bugd mundag amidralin anhnii medegdehund surgaj bn
Энэ бүтээлч, нийтэч хамт олны хөдөлмөрийг үнэлэн “Улсын тэргүүний цэцэрлэг” болгосон билээ, амжилт хүсье.
Mongold bas ungutui uudtei bolj butej bgaa yum bas bndaa
Woooooooow!!!! Saihan daa!!!!!
Ёстой зөв сургалт байна