“Замбуутивийн эгшиглэн”-д саатсан төгөлдөр үдэш

Г.Ганчимэг | Zindaa.mn
2025 оны 04 сарын 23

Билгийн тооллоор хаврын дунд сарын 21-ний шар морь өдөр буюу өнгөрсөн бямба гарагт МҮЭСТО-нд Дундговь аймгийн утга зохиолын "Замбуутив" нэгдлийн 75 жилийн ойд зориулсан "Замбуутивийн эгшиглэн" хүндэтгэлийн тоглолт нээлтээ хийлээ.

Улаанбаатарт ажиллаж, амьдарч буй Дундговь аймгийн уугуул, суугуул иргэд, төрсөн, тэлсэн гээд худ ургийн халуун төрлүүд, бийр бэх, билэг оюунаараа шадарласан номын садан нөхөд хуран цуглаж, сэтгэл цэнгэсэн сайхан үдэш байлаа. Ёстой л “Дэлгэр найрын хоймор” шигээ ямар сайхан цэнгэл үүсгэж, дуу хуурын өлгий нутагт хүмүүн заяаг онож төрж, хүй цөглөсөн үе үеийн уран бүтээлчдийнхээ уран бүтээлийн дээжээс түмэн олноо өргөн барив аа.

Хувьтай хүн хур борооноор гэж ярьдаг. Харин Дундговийнхон нар дагуулж явдаг ч байж мэднэ. Үүний нэг тод жишээ нь Монголын уран зохиолын дээжис 108 ботийг санаачлагч нь бас л Дундговийнх гэхээр үе үеийн монголчуудынхаа оюун санааны нарыг мандуулах их үйлсэд хүчин зүтгэж иржээ. Энэ их өв соёлоо одоо ч тээсээр, түүчээлсээр яваа нь их талын цээжинд дэргэж яваа бөөн адуу шиг авьяаслаг, залуу уран бүтээлчдийнх нь сэтгэлгээний тэлэлтээс  тодхон харагдана. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Чимэддоржийн хэлдэгчлэн, төгөлдөр байлаа. Цаашид ч төгөлдөр болтугай!   Нөгөөтэйгүүр, дуу хуур, шүлэг яруу найраг хоёр яалт ч үгүй хүйн холбоотой. Намрын сар гурав биш зургаа юм шиг дуу хуурын дугараа тасардаггүй өв соёлын өлгий нутаг Дундговь аймаг билээ. Эх орныхоо зүрхэн тушаа, өвөр энгэрт, улсынхаа нийслэлээс 270-хан км зайтай орших буйдхан энэ л ахуйгаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, аугаа их Н.Норовбанзад төрснийг эрхэм уншигчид андахгүй мэднэ.

 

 

Он цагийг урагшлуулаад харвал, Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг,  алдарт гавьяат уран зохиолч, хувьсгалт хэвлэл, утга зохиол, судлал шүүмжлэл, урлагийн нэрт зүтгэлтэн С.Буяннэмэх мөн л энэ нутгийн сортоотой хөвгүүдийн нэг. Араас нь үе үеэрээ үелэж, сунаж тогтсон Их, Бага газрын чулуу шиг ээ Монголын их утга зохиолд нэртэй, зүстэй эрхмүүд өрж байх нь сүртэй. Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Дашдооров, Монгол Улсын Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Долгорын Нямаа, Монгол Улсын Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Төрбат, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом” яруу найргийн наадмын 1989, 1999 оны тэргүүн Ц.Чимэддорж, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, доктор профессор, “Утгын чимэг-2023” наадмын тэргүүн Д.Цэнджав, “Болор цом-1995” наадмын тэргүүн Б.Доржпалам, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор С.Батмөнх, Монгол Улсын гавьяат багш Х.Эрхэмбаяр, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Н.Баянмөнх, Их зохиолч Д.Нацагдоржийн МЗЭ-ийн шагналт, “Болор цом-2024” наадмын тэргүүн Аюурбуянаагийн Лхагва, Их зохиолч Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт зохиолч Ц.Түмэнбаяр гээд зөвхөн нэр цолыг нь дуудаж эхлэхэд л дуу хуурын өлгий нутгийнхны бяр, бяд нь гийнэ. Араас нь авьяас дундрахгүй ээ гэсэн шиг Их зохиолч Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт, хэл бичгийн ухааны доктор П.Нямлхагва, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч А.Сүглэгмаа, Монголын уянгын их түүчээ яруу найрагч, зохиолч Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Б.Дэлгэрцэцэг нарын газрын цээжинд дэргэж яваа бөөн адуу шиг сайхан залуу уран бүтээлчид энэ цаг үеэ өнгөлөн байх нь бахархалтай сайхан. Дундговийн зохиолчид шүлэг дуугаа өргөн барихад Монгол Улсын Ардын жүжигчин Г.Равдан, Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа, Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сийлэгмаа, Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэг, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Отгонжаргал, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ц.Туяацэцэг, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ц.Отгонцэцэг, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Э.Төрмандах, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Анхбаяр, Б.Чанцалдулам, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Л.Нарангэрэл, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан О.Сүглэгмаа, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Д.Сайнтод, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, нэвтрүүлэгч .Г.Алтанбагана нар ирж хүндэтгэл үзүүлж байна. “Бяр амтагдаад” гэдэг шиг ямар чансаатай тоглолт болох нь эндээс харагдаж байгаа болов уу. Даанч ганц, ганцхан дуу, шүлгийн “хатуу норм”-той. Эс тэгвээс үзэгчдийн хүсэлтээр нэг хүн гурван дуу дуулаад байвал тоглолт сунжраад 2-3 цаг байтугай 5-6 цагт ч багтахгүй болно байх. Ямартаа ч Улаанбаатарт болсон "Замбуутивийн эгшиглэн" хүндэтгэлийн тоглолт “дэгээ барив”. Төрөлх тоонот Дундговьдоо хэрхэхийг хэн мэднэ. Магад, Мандалговийнхон нэг хүнээс гурван дуу хүсэж ч мэдэх. Угаасаа ч тэгээд удаан жилийн зузаан түүхтэй утга зохиолын нэгдэл нь өдгөөг хүртэл ажиллаж байдаг аймаг одоо цагт ховор биз. Тэр ч утгаараа тус нэгдлийн гишүүд, дэмжигчид нь зөвхөн орон нутгийн хэмжээнд л ажиллах биш Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа утга зохиолын бодлогыг түмэнд түгээсээр явна. “Замбуутивийн эгшиглэн” хүндэтгэлийн тоглолтын үеэр МЗЭ-ийн гүйцэтгэх захирал О.Энхжавхлан “МЗЭ энэ жил 96 дахь жилийнхээ ойг тэмдэглэж байгаа. Монголын орчин үеийн уран зохиолын 96 жилийн түүхэнд газар зүйг хэрэв зурдаг бол 21 аймгаас хэдхэн аймаг товойн тодорч харагдана.

 

 

Эдгээрийн нэг нь Дундговь аймаг юм. Дундговь гээд дуудахад зон олон монголчуудын сэтгэл зүрхэнд нэр бүхий алдартай уран бүтээлчид дурайтал тодорч буудаг. Монголынхоо их утга зохиолд тодоос тод мөрөө тамгалж, голомтоо түшсэн энэ их айл, Дундговь аймгийн утга зохиолын Замбуутив нэгдэл 75 жилийнхээ ойгоор Улаанбаатар хотод зон олонтойгоо, нутгийнхантайгаа, уншигчидтайгаа уулзаж байгаа билэг ерөөлт сайн өдөр байлаа. Нэн их баярлаж байна. Уншигчид, зон олонгүй бол зохиолч бид хэнсэн билээ. Зохиолчдын уран бүтээл үгүй бол зон олон юу билээ гэж бодоход үнэхээр зохиолч, уншигч хоёр салшгүй холбоотой. Ингээд МЗЭ, 1000 гаруй гишүүдээ төлөөлөн Дундговь аймгийн утга зохиолын Замбуутив нэгдлийнхээ 75 жилийн ойг амжилт бүтээлээр дүүрэн хийж байгаа, уран бүтээлийнхээ тайланг уншигч түмэндээ тавьж байгаа эрхэм нөхдөдөө гүн талархал илэрхийлье. Нөгөөтэйгүүр, зохиолч нөхдийг минь урмын жигүүр ургуулсан нутгийн олон, уран бүтээлчид, Дундговь аймгийн удирдлагадаа нэн их талархаж байна” хэмээн онцлоод МЗЭ-ийн “Утга зохиолын төлөө” шагналыг эрхэм хоёр хүнд гардуулсан юм. Энэхүү “Утга зохиолын төлөө” хэмээх МЗЭ-ийн дээд шагналыг Монголын утга зохиолыг түгээн дэлгэрүүлэхэд идэвх зүтгэл гаргасан, бодитой дэмжлэг үзүүлсэн хүмүүст хүртээдэг. Дундговь аймгийн утга зохиолын Замбуутив нэгдлийн 75 жилийн ойд зориулан зохиолчдынхоо уран бүтээлийн дээжийг эмхэтгэсэн ном, CD ӨМӨЗО-ны Хөх хотод хэвлэгдэж байгаа аж. Удахгүй энэ ном, CD-ний нээлт Дундговь аймагт болж, “Замбуутивийн эгшиглэн” хэмээх энэхүү тоглолтоо дахин тоглох юм. Энэ бүхэнд бодитой дэмжлэг үзүүлж, ном, CD хэвлэх зардлыг шийдэж өгч, нутаг орныхоо зохиолчдыг дэмжиж, утга зохиолд ч бодитой дэмжлэг үзүүлсэн тул Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуунд энэхүү эрхэм хүндтэй шагналаа гардуулсан юм. Монгол туургатны утга зохиолыг хөгжүүлэх үйлсэд хичээл зүтгэл гаргасан явдалд талархан үнэлж “Утга зохиолын төлөө” хэмээх хүндтэй шагналыг хүртээн соёрхов. Энэхүү шагналыг хүртсэн дараагийн эрхэм бол МЗЭ-ээс зохион байгуулдаг “Болор цом”, “Утгын чимэг” наадмууд, мөн “Замбуутивийн эгшиглэн” тоглолтын арын дэлгэц, лед, билетийн эх загвар гээд бүх зүйлийг хийсэн “Талын Монгол” телевизийн дэд захирал, Дундговь аймгийн Хулд сумын уугуул О.Бадам-Очир байсан юм. Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун “Монголын утга зохиолын өндөрлөгүүд “Замбуутивийн эгшиглэн”-д саатан морилсон сайхан үдэш байлаа. Тоглолт үзэж, мэндчилгээ дэвшүүлэх гэж очоод гэнэтийн сайхан зүйл болсон. Багаасаа л хүндэтгэж явдаг Монгол Улсын Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Төрбат ахынхаа уран бүтээлийн дээжээр мялаалгаж, МЗЭ-ийн нэр хүндтэй шагналыг гардаж авсандаа маш их баяртай байна. Аймгийн удирдлагын хувиар өв соёлоо түгээн дэлгэрүүлэх их үйлсэд дэмжиж ажиллах болно” хэмээсэн юм. Ташрамд өгүүлэхэд, өчүүхэн бичигч би бээр Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Дашдооров мэндэлсний 90 жил, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Ц.Чимэддоржийн мэндэлсний 70 жил, Монгол Улсын Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Төрбатын 70 насны ой тус ойтой ташилсан тоглолтын уур амьсгалаа дагаж, газар дээрээс нь сурвалжилсан тул тухайн үйл явдалд оролцсон алдарт хүмүүсийн нэр энд дурдагдсан билээ. Түүнээс биш дуу хуур, өв соёлын өлгийн нутгийн авьяаслаг хөвгүүд охид, тэдний шүлэг, найраг, уран бүтээл яндашгүй арвин баялаг юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu