Католик шашины тэргүүн Ромын Пап Францис 88 насандаа таалал төгссөн тухай мэдээ өчигдөр Дэлхийгээр нэг тарлаа. Италийн хөлбөмбөгийн ертөнц гашуудлаа илэрхийлж, Сери А-гийн даваа гаригийн тоглолтуудыг хойшлуулан хүндэтгэл үзүүлэв.
Олон Улсын Олимпын Хороо, “Реал Мадрид”, “Барселона” зэрэг олон байгууллага, клуб эмгэнэл илэрхийллээ. Харин Францисын хар багаасаа хайрласан Аргентины “Сан Лоренсо” клубээс гаргасан зулд “Үүрд мөнх бидэнтэй хамт байх болно” хэмээн дурджээ.
Ромын Пап Францис буюу жинхэнэ нэр нь Хорхе Боргельо 1990 оны ДАШТ-ий финалд Аргентины шигшээ баг хожигдсоноос хойш хөлбөмбөг үзэхээ больсон гэдэг. Гэхдээ туслах нь хөлбөмбөгийн тоглолтуудын мэдээг өдөр бүр бэлтгэн ширээн дээр тавьдаг байжээ.
“Дэлхийн хамгийн гоё тоглоом бол хөлбөмбөг гэж олон хүн хэлдэг. Би ч гэсэн тэгж боддог” гэж 2019 онд Францис хэлсэн удаатай юм.
Хорхе Боргельо Аргентины нийслэл Буэнос-Айрест мэндэлсэн. “Би гавьтай сайн тоглохгүй ч гэлээ хөлбөмбөгт үргэлж хайртай байсаар ирсэн. Таг солгой болохоор түүгээр минь их шоолно. Гэхдээ л тоглоод л байдагсан. Яахав, жаахан тааруухан тоглодог болохоор хаалга руу их “жийгдэнэ”” гэж Ромын пап инээмсэглэн ярьж байлаа. Хаалгачаар голцуу тоглосноор хаанаас ч, хэзээ ч аюул ирэх магадлалтайг мэдэрч, сэрэмжлэх сэтгэлзүй гүн бат суусан гэж өөрөө үздэг байв.
Буэнос-Айресийнхан ихэвчлэн эх орныхоо хамгийн том хоёр клуб болох “Бока Хуниорс”, “Ривер Плейт” дээр хуваагдан дэмжинэ. Үлдсэн цөөн хэсэг нь “Индепендьенте”-г хөгжөөн дэмжинэ. Харин Хорхе Боргельо хүү олны нүдэнд тусахгүй, ойшоогдохгүй “Сан Лоренсо”-г дэмждэг байлаа. Насан туршдаа л “даруухан” гэж хэлмээр амжилттай энэ багаа дэмжсээр насан хутгийг олов.
2013 онд Ромын Папаар өргөмжлөгдсөнийх нь дараа “Сан Лоренсо” үнэнч фанатдаа баяр хүргэснээр аль багийг дэмждэгийг нь Дэлхий дахин мэдсэн юм. Хорхе Боргельо шашиныхоо толгой болсны дараахан “Сан Лоренсо” хоёрдугаар лиг рүү уналгүй дэнжигнэн үлдсэн төдийгүй Либертадоресийн цомыг гардсан. Үүнийг Аргентинд “Францисын нөлөө” гэж үздэг юм. Нөлөө гэдэг нь авлига гэсэн утга биш. Харин ариун гэгээний адислал өөд нь татлаа гэсэн утгыг илэрхийлж байгаа юм шүү. Өөрөө ч үүнд бага зэрэг эрдэн “Миний нүүр царайг өмсгөл дээрээ гэрэлтүүлснээс хойш л байнга хожих боллоо” гэж инээлгэж байлаа. Францис хайртай клубынхээ гишүүний 88 235 дугаарт үнэмлэхтэй гэж байгаа. Шинэ стадиондоо Францис гэх нэр өгнө гэсэн яриа ч байгаа юм билээ.
Шашины тэргүүн болсон үе нь Лионель Мессигийн ид мандаж байхтай зэрэгцсэн тул тэд уулзалдаж л таарна. Хоёулаа аргентин хүмүүс шүү дээ. Гэхдээ Мессигийн тухай “Тэр сайн нь сайн юм аа. Гэхдээ бурхан биш” гэж хэлсэн байдаг.
Бурхан гэснээс Аргентинд бурханы гартай нэгэн байлаа. Тэр бол Диего Армандо Марадона. Марадона бол өөрийн гэсэн том харизмтай, үг хэлээ хэнээр ч хориулалгүй хэлчихдэг яг л талбай дээр жижигхэн биетэй бяртай азарга шиг тонгочдогийнхоо адил үг хэл нь ч үргэлж тонгочиж, булгиж байдаг эрэмгий нэгэн. Тиймдээ ч Ромын Пап Иоан Павелийг шүүмжилж, “Ядуусын төлөө л гэх юм. Тэгвэл яах гэж ордныхоо дээврийг цэвэр алтаар хийлгэдэг юм бэ?” гэж арсалдсан удаатай. Харин Францис ширээнд суусны дараагаар Марадона зөөлөрч, өмсгөл бэлэглэсэн юм.
2020 онд Марадонаг тэнгэрт дэвшсэний дараагаар Францис “Талбай дээр яруу найрагч, аугаа аварга, ард олонд аз жаргал бэлэглэгч байлаа, чи. Мөн эмзэг, зөөлөн сэтгэлтэй эгэлгүй сайхан эр байлаа. Хар тамхитай хутгалдаж хайран нэрээ сэвтүүлснээс бусдаар хайрлам сайхан хүн байлаа” хэмээн өгүүлсэн байдаг.
Францис буюу Хорхе Боргельо шашиныхаа хүрээнд бол тэргүүн хамба, хөлбөмбөгийн ертөнцөд бол даруухан багаа насан туршдаа дэмжсэн үнэнч нэгэн хөгжөөн дэмжигч байлаа.
Сэтгэгдэл ( 0 )