Энэ дугаарын “Хэн юу хэлэв” буланд УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Нийслэлийн Прокурорын газрын I хэлтсийн дарга, ахлах прокурор Ц.Гансүлд нарын үгийг онцолж байна.
УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:
-Бүх аймаг, гурван хот, 330 суманд зам тавина гэхээс илүү Монгол Улсын эдийн засагт үр өгөөж өгөх гурван зам дээр төвлөрч ажиллана. Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Даланзадгад, Мандалговийг дамжсан, Хөшигийн хөндий рүү орж ирсэн автозамыг дөрвөн эгнээ болгоно. Мандалговиос нааш авто зам тавихын тулд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас зээл авч шийдвэрлэнэ. Энэ замыг төлбөртэй болгоно. Монголын анхны төлбөртэй автозам Цогтцэцийгээс-Гашуунсухайт хүртэл тавигдаж байсан. 130 тоннын даацтай автомашин 200-300 мянган төгрөгийн төлбөр төлөөд явдаг байсан. Ийм замыг аль болох эдийн засгийн үр өгөөжтэй маршрут руу тавина. Замын-Үүд, Сайншанд, Чойр, Багахангай, Хөшигийн хөндий рүү татна. Эргэж мөнгө олдог зам тавина.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Би Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хууль, Хэвлэл мэдээллийн байгууллагын хуулийг тусдаа байлгах ёстой гэж үзэж байгаа. Дараагийн хөндөх ёстой асуудал бол сэтгүүлчийн ёс зүй. Нэг талдаа хэвлэл, мэдээллийн байгууллагын хөрөнгө орулагчид буюу эзэд, нөгөө талдаа сэтгүүлч, редакцийн хараат бус байдал бий. Хамгийн чухал нь мэдээлэл авах гэж байгаа иргэдийн эрх ашиг бий. Үүнийг бодож хууль хийхгүй бол зөвхөн хэвлэл, мэдээллийн байгууллага, сэтгүүлч гэж харж болохгүй.
Нийслэлийн Прокурорын газрын I хэлтсийн дарга, ахлах прокурор Ц.Гансүлд:
-Төгрөг нуурын ордын хэрэгт Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй болон Үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй гэх асуудлаар хэрэг нээгээд шалгасан. Мөн мөнгө угаасан байж болзошгүй, мөнгө завшсан гэх үйлдлүүд гарсан байж болзошгүй. Бүгдийг нь хамруулан шалгаж байгаа.
Сэтгэгдэл ( 0 )