Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийг 2024-2028 онд хэрэгжүүлж байгаа билээ.
“Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг” хэмээх эртний нэгэн сэтгэгчийн үг бий. Үүн лугаа эдийн засгаа солонгоруулахад энэ хөтөлбөр үнэтэй хувь нэмэр оруулна. Учир нь “Цагаан алт” хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлснээр монгол малын гаралтай түүхий эдийн үнэ цэн өсөж, тэр дундаа ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг 20-40 хувиар нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 1.5-2.3 их наяд төгрөг, экспортыг 398-690 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 3000 гаруй ажлын байр бий болгох зорилготой юм.
Хамгийн гол нь олон улсын стандартад нийцсэн өрсөлдөх чадвартай, гарал үүсэл, чанарын баталгаатай, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт нэмэгдэж, малын гаралтай түүхий эдийн үнэ цэн өсөхийн хэрээр малчдын орлого, амьжиргаа сайжирч, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбар шинэ шатанд гарна. Ийм том алсын хараа, амбицтай хөтөлбөрийн хэрэгжилт газар дээрээ ямар байгааг сонирхон үзэхээр томоохон үндэсний үйлдвэрлэгчдийн нэг “Ханбогд кашимер” ХХК-ийг зорилоо.
Ноолуурын чанарыг сайжруулъя гэвэл...
Анх 1998 онд үүсгэн байгуулагдсан тус компани өдгөө ч улам өргөжин тэлсээр, самнасан ноолуур, тансаг зэрэглэлийн сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод, гадаадын хэрэглэгчдэдээ нийлүүлдэг үйлдвэрийн нийт 10 шат дамжлага бүр дээр нь ажил хөдөлмөр өрнүүн угтав. “Ханбогд кашимер” ХХК-ийн Анхан шатны үйлдвэрийн захирал З.Ууганбаяр үйлдвэрийн шат дамжлага бүрээ тайлбарлан танилцуулсан юм. Тэрбээр “Ямааны нарийн ноолуураар нь сүлжмэл бүтээгдэхүүн хийдэг. Бүдүүн ширхэгтээр нь бүдүүн утас хийгээд, нэхмэл буюу даавуун утас гаргадаг. Манай компанийн хувьд экспортын гол бүтээгдэхүүн нь самнасан ноолуур учраас сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг томоохон брэндүүд манай үйлдвэрээс түүхий эдээ авдаг. Тийм учраас бид үйлдвэрийн гол түүхий эд болох нарийн ноолуураа авах сонирхолтой байдаг юм.
Сүүлийн үед үүсээд байгаа нэг асуудал буюу ноолуурын микрон яагаад бүдүүсээд байна вэ гэвэл малчид маань нэг алдаатай зүйл хийж байгаа нь зүүн аймгийн ноолуур сайн гэхээр нь зүүн аймгаас баруун тийш нь ухна аваачаад тавьчихдаг. Ингээд өөр уур амьсгалд зохицоогүй мал чинь хэзээ ч өөрийнхөө давуу байдлаа гаргаж чадахгүй. Нөгөө нутаг оронд дасах гэж зовно, стресстэнэ. Ингэхээр чинь нарийн микронтой ноолуур гарах боломжгүй болчихож байгаа юм. Тиймээс эрдэмтэн судлаачид юу гэж гэж зөвлөж байна вэ гэвэл бүс дотроо буюу тухайн аймаг, орон нутагт тохирсон үүлдрээр нь ямааныхаа үржил селекцийн ажлыг зөв зохион байгуулах юм. Тэгж байж малынхаа цусыг холдуулангаа чанарыг сайжруулна гэсэн үг. Түүнээс биш хаа байсан зүүн аймгаас баруун тийш нь ухна тавьж болохгүй. Ингэвэл өөрийн үндсэн генетикийн чадвараа алддаг” гэдгийг онцлон сануулав.
Хуучин тогтолцооны үед бүх малаа эрүүлжүүлээд, микроныг нь сайжруулаад, бүр үүлдрүүдээ баталчихсан байсан. Тиймээс тэр үед чанар ярьдаг байжээ. Харин одоо малчид маань малынхаа чанарт биш хэтэрхий их тоонд анхаараад, ноолуураа тушаахдаа хүртэл жин даруулахаа л боддог болсон нь нууц биш. Өөрөөр хэлбэл, зах зээлийн нийгэм сайн, муу зан, сайхан, муухайг эн тэнцүүхэн таниулсан л даа. Тиймээс малчид хэсэгтээ нэг ямаанаас сайн чанарын 350 гр ноолуур авахаасаа илүү 450 гр болгон авч ахиу мөнгө олохыг л хичээж ирсэн юм. Ингэхээр дараагийн шат дамжлага дээр юу болдог вэ гэвэл түүхий эдээ заавал боловсруулдаг үйлдвэрлэлийн горим, стандарт зөрчигдөнө. Ноолуураас хаг, бууц, хялгас, гадны биет гардаг. Тушаасан ноолуурын чинь 30-50 хувь нь иймэрхүү байдлаар хаягдал болж ялгагддаг байна. Өөрөөр хэлбэл, тушаасан нэг кг ноолуур угааж самнаад 700 гр болох нь байж болох ч 50 хувь буюу тал нь хаягдал болох нь арай биш гэдэг нь ойлгомжтой сэдэв юм.
Ноолуур хийгээд цагийн өнгө
Монголын ноолуур үндсэн дөрвөн өнгөтэй. Хамгийн эхний буюу I өнгө нь цагаан Нийт ноолуурын 10-15 хувийг цагаан өнгийн ноолуур эзэлдэг. Баянхонгор аймаг, Өмнөговь аймгийн өмнөд хэсгээр голдуу суурилдаг цагаан ямаанаас гардаг өнгө юм. II өнгө нь зүүн гурван аймгийн улаан ямаа тэр чигээрээ цайвар өнгийн ноолуур гаргадаг. Тэгээд III өнгө нь Дорноговь, Дундговь аймаг, Өвөрхангайн өмнөд хэсэг, Завхан аймгийн ямааны буурал өнгийн ноолуур. Энэ нь нийт сүргийн ганцхан хувьд байдаг. Тиймээс үндэсний үйлдвэрлэгч “Говь” ХК энэ өнгөөр тусад нь брэнд гаргажээ. Үлдсэн IV өнгө нь хар ямааны ноолуур. Хөвсгөлийн Эрчимийн хар ямаа гэж ярьдаг даа. Архангай, Булган, Хөвсгөл, Завханы зарим сум дан хар ямаатай гэдгээрээ алдартай.
Дэлхийн ноолуурын зах зээлд нийт түүхий эдийн 40 хувийг Монголоос бэлтгэдэг гэдэг ч энэ тоо үнэндээ 60 хувьд ч дөхөж очихоор гэдгийг тэд одоо мэддэг болжээ. Учир нь өмнөд хөрш БНХАУ-ын ноолуурын гол нийлүүлэгч нь ч Монгол Улс юм. Сүүлийн үед, олон улсын тодорхойгүй байдал Америк, Хятадын тарифын “дайн” зэргээс болж, хятадууд “шок”-ноосоо гараагүй байна. Хятадын ноолуур дотооддоо ч борлуулагдаж чадаагүй байгаа аж. Тийм учраас Монголын ноолуурыг хятадууд орж ирж их хэмжээгээр авч чадахгүй байгаа юм. Нөгөөтэйгүүр, наймааны ухаан сайтай тэд ноолуурын үнэ буурсны дараа орж ирж авна гэж төлөвлөж байхыг ч үгүйсгэхгүй. Ийм эгзэгтэй үед “Цагаан алт” үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгаа нь цагаа олжээ. Энэ жилийн хувьд үндэсний үйлдвэрүүд маань ноолуурын үнийг тогтвортой барихыг маш их хичээж байгаа юм.
“Ханбогд кашимер”-ийнхан 100 орчим хоршоо, 2000 малчинтай хамтарч ажиллаж байна
“Ханбогд кашимер”-ынхан SFA буюу Ноолуурын тогтвортой хөгжлийн гэрчилгээжсэн хоршоодтой хамтран ажиллах сонирхолтой байдаг юм байна. Яагаад гэвэл, тэдгээр хоршоо илүү чадавхжсан, гишүүд, малчид нь хөдөлмөрөө хоршиж, хамтарч ажиллаж сурсан байдаг нь давуу тал болдог гэнэ. Тухайлбал, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Явын булаг”, Өмнөговь аймгийн Номгон сумын “Лусын сэрчим” хоршоо зэрэгтэй хамтран ажиллаж байгаа аж. Тэд 100 орчим хоршоо, 2000 малчин хамтарч ажилладаг юм байна. Биднийг сурвалжилгаар очих үеэр Архангай аймгийн “Алтан ширхэгт” хоршооныхон ноолуураа тушаагаад явж байв.
Тус хоршооны дарга М.Ууганжаргал “Бидний хувьд хангайн бүсээс SFA стандарт буюу тогтвортой ноос ноолуурын эвсэлийн стандартыг мөрдөж, мөшгилтийн үйл ажиллагааг дамжуулан Монголынхоо үйлдвэрүүдтэй харьцдаг. Тэр дундаа “Ханбогд кашимер” ХХК-тай олон жилийн түншлэл, найдвартай харилцааг хангаж ажилладаг. Манай хоршоонд 350 өрх айл байна. Жилээс жилд нэмэгдсээр байгаа. Хангайн бүсийн буюу Архангайн ноолуур ямар онцлогтой вэ гэвэл маш гоё торгомсог, нарийн микронтой. Монголын охь болсон ноолууруудыг гаргаж чаддаг. Бид бүхэн мөшгилтийн стандартаа баримтлаад даавуу уутанд ноолуураа хийдэг болсон. Манай бүсийн хувьд бараан өнгийн ноолуурын гарц ихтэй. Хоршооны маань малчид сургалтын үр дүнд ноолуураа өнгө, насаар нь ялгаж сурсан. Энэ жилийн хувьд “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд үндэсний энэ хөдөлгөөн далайцтай өрнөж, бид ноолуураа маш сайн авч, бодит ажил хэрэг болж байна. Малчид маань ч ноолуураа хоршоондоо өгье гэж байгаа. Энэ жилийн хувьд манай хангайн бүсийн ноолуур 142 мянган төгрөгийн дундаж үнэтэй байлаа” хэмээн хуучилж амжсан юм.
Мөн Дархан, Сэлэнгийн ноолуур кг нь 130-133 мянган төгрөгийн ханштай байлаа. Харин зүүн аймгуудын малчид ноолуураа тушаагаад дуусчээ. Зургаадугаар сарын сүүлчээр Говь-Алтай аймгийн малчид, хоршоологчид ноолуураа тушааснаар энэ хаврын их ажил дуусах нь. Ташрамд өгүүлэхэд, бүс нутгийн онцлог, ямааны үүлдрээс шалтгаалан ноолуурын ханш өөр, өөр байдаг юм.
“Ханбогд кашимер” ХХК-ийн тогтвортой хөгжлийн менежер Х.Пагмасүрэн “Монгол Улсын хувьд ч, олон улсын хувьд ч тэр тогтвортой хөгжлийн хүрээнд байгууллага болон хоршоод үйл ажиллагаагаа яаж сайжруулах вэ гэдгийг сүүлийн үед байнга ярьдаг болсон. Манай компанийн хувьд түүхий эдээ бэлтгэхдээ хоршоодтойгоо хамтран ажилладаг. Хоршоод маань яаж чадавхжих вэ гэвэл малчид руугаа дэс дараатай, чанартай сургалт өгч, чиглүүлэх хэрэгцээ шаардлага бий. Дараа нь хоршооны гишүүддээ стандартын дагуу сургалт орох ёстой. Тэгж байж цаашид илүү олон хүнд тогтвортой хөгжлийн тухай ойлголт түгэж, үйлдвэрлэлийн шаардлага хангасан түүхий эд нийлүүлэгдэнэ. Ингэж байж үйлдвэрт хог хольц, гадны биетийг нь ялгасан, өнгөөр нь болон борлон, эр, эм ямаа гээд насаар нь ангилсан ноолуурыг малчид, хоршоологчид маань нийлүүлдэг болно. Энэ нь ямар учиртай вэ гэвэл жигд бус урт, микронтой буюу ойлгомжгүй бүтэцтэй ноолуур авахаас сэргийлнэ. Ингэснээр эцсийн бүтээгдэхүүн ч жигд, чанарын шаардлага хангаж үйлдвэрлэгдэнэ. Бид ийм стандартын шаардлага хангасан ноолуур авах сонирхолтой байгаа. Манайх SFA буюу Ноолуурын тогтвортой хөгжлийн олон улсын байгууллагын гишүүнээр 2019 онд элссэн. Тэр байгууллага маань хоршоо, үйлдвэр, малчин гээд гурван талыг холбож, илүү зангидаж өгсөн. Ингэснээр бид илүү баталгаажсан хоршоодоос ноолуураа авдаг болсон. Бид одоо нийт бэлтгэж байгаа ноолуурынхаа 40-50 хувийг хоршоодоос авдаг” гэлээ. “Ханбогд кашимер”-ийнхан ирэх наймдугаар сар хүртэл ноолуур худалдан авах төлөвлөгөөтэй байна. Тэд энэ жил нэг шинэ үйлдвэр ашиглалтад оруулж байгаа юм. Нийтдээ 1500 тн самнасан ноолуур бэлтгэх хүчин чадалтай. Самнасан ноолуураа ихэнхийг нь европ руу экспортолж байгаа учраас хамгийн сайн чанарын технологитой үйлдвэрээр өргөтгөл хийж буй нь энэ юм. Жилдээ тогмтол 200-300 гаруй тн ноолуур экспортолдог ч зарим жил 400 гаруй тн ноолуур гаргадаг. Энэ жилийн хувьд 400 гаруй тн ноолуур гаргахаар төлөвлөсөн учраас ийм их ажилтай байна. Олон улсын итгэмжлэгдсэн лабораторитай тул тос, чийгээ хоёр цаг тутамд нарийвчлан шинжлэн үзэж байна. Хялгас, урт, микронд байнга анхаарч, асуудал гарвал тэр дор нь технологич, ээлжийн ахлагч нартаа хэлж зохих арга хэмжээг авдаг юм байна.
Үндэсний үйлдвэрлэгчид байгаагүй бол энэ жил ноолуур 70-80 мянган төгрөг болох байжээ
Энэ бүгдээс харахад, “Ханбогд кашимер” компанийн хувьд түүхий эдийнхээ 50 хувийг хэдийн бэлтгэжээ. Үлдсэн 50 хувийг Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгуудаас бэлтгэнэ. Бэлтгэж ч байна. “Ханбогд кашимер" ХХК-ийн ерөнхий захирал Ч.Ганцэцэг “Энэ жилийн хувьд түүхий эдийн үнэ тогтвортой байна. Үндэсний үйлдвэрүүд анх удаа түүхий эдээ авлаа. Энэ бол бидний том амжилт. Хэрэв үндэсний үйлдвэрүүд байгаагүй байсан бол энэ жил ноолуур 70-80 мянган төгрөг болох байсан. Үндэсний үйлдвэрүүд маань төр засгийн оновчтой шийдвэрийн үндсэн дээр санхүүжилтээ шийдвэрлүүлж одоогоор түүхий эдийнхээ 60 хувийг бэлтгэчихсэн байна. Одоо үлдсэн 40 хувийг бэлтгэхэд ямар ч асуудалгүй шүү дээ. Энэ жил үндэсний үйлдвэрүүд ноолуурын үнийг тогтвортой барихыг маш их хичээлээ” гэсэн юм. Зүүн аймгуудын ноолуурын үнийг өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 10 хувийн уналттай байжээ. Харин Архангай, Хөвсгөл аймагт 10 хувийн өсөлттэй байлаа. Үлдсэн аймгуудын хувьд ноолуурын үнэ огцом унахгүй. Үнийг тогтвортой барьж ноолуураа татаж дуусгахаар төлөвлөж байгаа аж. Үндэсний үйлдвэрүүд байгаа учраас ноолуурын ханш үнэ цэнтэйгээр тогтвортой байсан гэж тэрбээр үзэж байна. Өмнө нь ноолуурыг 180 мянган төгрөг хүргээд л 110 мянган төгрөг болгож буулгадаг. Ханшийг огцом өсгөж, огцом бууруулдаг, энэ нь малчдад маш хүнд тусдаг байжээ. Энэ жилийн хувьд ноолуурын ханш тогтвортой байгаа нь том амжилт юм. Хойшид ч гэсэн үндэсний үйлдвэрүүд маань улам их бүтээн байгуулалт, экспорт хийж, улам их ажлын байр бий болгож, улам их валютын урсгалыг нэмэгдүүлж, маш олон амжилт гаргахаар харагдаж байна. Үүн дээр төрийн зөв бодлого тогтвортой явбал үндэсний үйлдвэрүүд маань хөгжиж дэвших цаг үе ирсэн нь харагдаж байна.
“Цагаан алт” хөтөлбөрийн хувьд үйлдвэрийн экспортын тоо хэмжээ нэмэгдэнэ. Ажлын байр нэмэгдэнэ. Яагаад гэвэл, үндэсний үйлдвэрлэгчид хийж чадахгүй байсан хөрөнгө оруулалт, авч чадахгүй байсан эргэлтийн хөрөнгөө анх удаа авч байгаа юм. Ноолуур өөрөө үнэтэй бүтээгдэхүүн. Тухайлбал, 100 тн ноолуур авахад л 15 тэрбум төгрөг байдаг. Тийм учраас бэлэн мөнгөөр хийгддэг бизнес. Ямар нэгэн байдлаар дараа төлбөрт ч юм уу бартераар хийгддэггүй. Малчид өнөөдөр ноолуураа авчирч өглөө гэхэд өдөрт нь мөнгөө авдаг. Ерөөсөө хүлээдэггүй учраас ноолуурыг яалт ч үгүй бэлэн мөнгөтэй байж л авна. Ийм л зах зээл. Тийм учраас тэд ч гэсэн “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд зээл авчээ. Тэр мөнгөөрөө ноолуураа бэлдсэн байна. Экспортынхоо урьдчилгааг ч авсан. Тэр мөнгөөрөө бас ноолуураа бэлдсэн юм байна. Өөрсдийнхөө ч мөнгө төгрөг, бүхий л зүйлийг шавхаж 400 гаруй тн ноолуур одоогоор худалдан аваад байна. Хойшид ч гэсэн ноолуураа худалдаж авна.
Энэ жил тус компани нийтдээ 850-900 тн ноолуур авах төлөвлөжээ. Ер нь наймдугаар сар хүртэл ноолуур авна гэдгээ ч хэлсэн. Тиймээс ч хагас, бүтэн сайнгүй ажиллаж байгаа аж. Үйлдвэр нь ч 24 цагаар ажиллаж байна. Тэд анхны экспортоо энэ сарын 1-нд хийжээ. Энэ тавдугаар сард нэлээд олон экспорт төлөвлөсөн байна. Итали, Англи руу томоохон экспортууд төлөвлөгдөөд байгаа аж. Самнасан ноолуур, сүлжмэл бүтээгдэхүүн, үүн дотроо оёмол, нэхмэл гээд зөндөө олон төрөл нэмэгдэнэ. “Цагаан алт” бол цагаа олсон, үнэхээр үнэ цэнтэй хөтөлбөр гэдгийг тэд баталж байна. Манай улсын хувьд уул уурхайн бүтээгдэхүүнийхээ дараа ноолуураа л экспортолдог. Ноолуур бол Монгол Улсын хувьд “цагаан алт”. Маш олон зуун хүн, малчдыг тэжээж байгаа. Малчдын орлогын 80 хувь нь ноолуур байдаг. Тийм учраас ноолуур хүн болгоны, тэр ч байтугай улстөрчдийн хүртэл анхааралд байдаг “халуун сэдэв”-ийн нэг юм.
Сэтгэгдэл ( 3 )
Гадаад зах зээлд ноолуурын үнэ төдийлөн сайн биш байх шиг байна. Эрэлт сул байна гэсэн үг шүү. Уул уурхайн биш экспортын гол эх үүсвэрийн ирээдүй ямар байх бол доо.
Тооны хойноос хөөцөлдсөнөөр ноолуурын чанар муудаж микрон нь улам бүдүүрч байгаа нь алсдаа муу үр дүнд хүргэнэ. Үүнийг анхаарахгүй байж болохгүй. Ноолуурын микрон нь бүдүүрэх тусам үнэ унах эрсдэлтэйг малчид ч ойлгохгүй байгаа нь харамсалтай. Нөгөө стандартын асуудал л хэрэгтэй байгаа юм.
Тооны хойноос хөөцөлдсөнөөр ноолуурын чанар муудаж микрон нь улам бүдүүрч байгаа нь алсдаа муу үр дүнд хүргэнэ. Үүнийг анхаарахгүй байж болохгүй. Ноолуурын микрон нь бүдүүрэх тусам үнэ унах эрсдэлтэйг малчид ч ойлгохгүй байгаа нь харамсалтай. Нөгөө стандартын асуудал л хэрэгтэй байгаа юм.