Дундговьд “Яргуй-2025” урлагийн бага наадам дэлгэрлээ

2025 оны 05 сарын 09

Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Яргуй-2025" хүүхдийн урлагийн бага наадмыг Дундговь аймагт энэ сарын 7, 8-ны өдрүүдэд зохион байгууллаа. Бага наадмын нээлтийн ажиллагаанд Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Эрдэнэсүрэн, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Х.Цогзолмаа нар оролцов. "Яргуй-2025" урлагийн бага наадамд 13 сумын 18 сургуулийн 560 гаруй хүүхэд оролцож, 10 төрлөөр авьяас чадвараа сорин өрсөлдсөн юм. Энэ жилийн наадмын онцлог нь дуу хуур төдийгүй өв соёлыг өвлүүлэн, хөгжүүлэх зорилгоор үндэсний хэв шинжийг агуулсан, ардын язгуур урлагийн төрлүүдийг түлхүү оруулжээ. Тус наадмын шүүгчээр Монгол Улсын гавьяат жүжигчин, найруулагч, бүжиг дэглээч А.Даваахүү, Соёл урлагийн их сургуулийн уртын дууны багш, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Цогтсайхан, “Домог” хамтлагийн ахлагч, 2013 оны ардын урлагийн дэлхийн гран-при шагналт, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Бат-Орших нар ажилласан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu