АЯНЫ БОГЦ I Дайныг бүү март

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2025 оны 05 сарын 12

Аугаа Эх орны дайны ялалтын 80 жилийн ойг ОХУ болон дайнд оролцсон улс орнууд, дайны хүнд жилүүдэд Оросын ард түмэнтэй зүрх сэтгэлээрээ хамт байж, халуун сэтгэлээр тусалж дэмжсэн Монголын ард түмэн ёслол төгөлдөр тэмдэглэв.

Тавдугаар сарын 9-нд олон газар  Аугаа Эх орны дайны ялалтын бэлгэдэл-Ялалтын парад болсон бөгөөд  Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотын төв талбайд болсон Ялалтын жагсаалд Буриадын тойргийн бүрэлдэхүүний цэргийн ангиуд оролцсон юм. Энэхүү ялалтын  парадыг Александровын “Ариун дайн” дууны  эгшиг дор сүрлэг эхлүүлж, тугчид ОХУ-ын Төрийн далбаа, ОХУ-ын Батлан Хамгаалах Яамны туг, домогт Ялалтын тугийн хуулбарыг Улаан-Үд хотын төв талбайд мандуулснаар эхлүүлэв.

Энэ үеэр туг залагчдыг дэд хурандаа Сухарников Дмитрий Евгеньевич удирдаж, ОХУ-ын Төрийн далбааг хүндэт ахмад Холявин Александр Юрьевич мандуулсан юм. Эх орныхоо өмнө үүргээ нэр төртэй биелүүлсэн эрхэм гавьяа зүтгэл нь түүнд энэхүү хүндтэй эрхийг олгожээ.
 

 

 

Анхаараарай: 1941 оны зургаадугаар сарын 22-ны үүрээр  Нацист Герман гэрээгээ зөрчин ЗСБНХУ руу  довтоллоо...

 

Буриад улс Аугаа Эх орны дайны ялалтын баярын парадыг гүн гүнзгий утга агуулгатай, маш эмх цэгцтэй, хүн бүрийн сэтгэлд хүртэл зохион байгуулсан нь оролцогчдын сэтгэлийг хөдөлгөж байлаа. Баярын парад эхлэхдээ дайн хэрхэн гэнэт эхэлснийг, тодруулбал 1941 оны зургаадугаар сарын 22-ны үүрээр Нацист Герман харилцан үл довтлолцох гэрээгээ зөрчин, ЗСБНХУ руу гэнэтийн өргөн дайралтаар халдан довтолсныг сануулсан үйл явдлыг нэхэн сануулсан юм. Үүнээс улбаалан партизаны арми, бусад анги нэгтгэлүүд дайны фронт руу хэрхэн татагдан орсныг дэс дараатай, баримттайгаар үзүүлж, ялалт ямар их үнэ цэнээр олдсоныг хүн бүрд сануулахын сацуу, дайныг бүү март хэмээн хойч үед анхааруулсан нь хүн бүхний зүрх сэтгэлд гүн гүнзгий  сэтгэгдэл төрүүлж байлаа.

Буриад улсын нийслэлд болсон баярын жагсаал командлагчаар Ерөнхий цэргийн 36 дугаар армийн байлдааны бэлтгэлийн хэлтсийн дарга, хурандаа Никитин Михаил Михайлович сонгогдсон байв. Түүний удирдлагад Буриадын алдарт анги, нэгтгэлүүдийн цэргийн алба хаагчид баярын сүр жавхааг илтгэн оролцов. Жагсаалыг анги, нэтгэлүүдийн онцлогийг харуулан хайрцагласан бол тэдгээрийг цэргийн үүргээ төгс, нэр төртэй биелүүлсэн алдар гавьяатай дайчид, ОХУ-ын баатар, генералууд манлайлж байв. Баярын парад боловч тэд бүхэл бүтэн Эх орны дайны үйл явцыг яг л бодитоор нэхэн сануулж, дайны цуваа фронт руу хэрхэн хөвөрч байсныг, тэр жилүүдэд хүмүүсийн амьдралд юу болж өнгөрснийг, амьдрал хэрхэн үргэлжилж байсныг  “харуулсан”.

Ялалтын баярын жагсаалыг нээж, Буриад улсын Тэргүүн-Засгийн Газрын дарга Алексей Самбуевич Цыденов үг хэлсэн юм. Ноён Алексей Самбуевич  Цыденов хэлэхдээ “Эрхэм хүндэт ахмад дайчид, ар талын хөдөлмөрчид, цэргийн тусгай ажиллагаанд оролцогчид, байлдагчид, Монгол Улсаас ирсэн зочид оо! Хүндэт элэг нэгтэн та бүхэнд Ялалтын баярын 80 жилийн ойн мэнд хүргэе. Наян жилийн өмнө манай ард түмэн 27 сая гаруй хүний халуун амиар  өөрийн эрх чөлөө, амьдрах эрхээ олж авсан. ЗХУ, Орос Улс нь ялалтад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн, энэ дайнд хамгийн хүнд хохирол амссан. Зөвхөн Зөвлөлтийн дайчдын мятаршгүй эр зориг, ард түмний бат нэгдлийн хүчээр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн цус асгаруулсан дайнд ялсан. Тиймээс Ялалтын баяр нь бид бүхний хувьд ариун баяр юм. Бид үргэлж Агуу их Эх орны дайны баатруудыг санан дурсаж, гэртээ очоод ч бүгдийн дурсгалыг ариунаар хүндэтгэх болно. Агуу их Эх орны дайны талбарт зөвхөн манай улсын төдийгүй бүх дэлхийн, Ази, Европын ард түмний хувь заяа шийдэгдэж байв. Япон 1940-өөд оны үед Хятадын талыг эзэлж авсан байсан ба Герман ялсан бол холбоотны ёсоор Ази, Номхон далайн улсуудын хувь заяа өөр байх байлаа. Ямар үнээр энэ ялалт олдсон гэдгийг бид санаж байх болно. Монголын ард түмний үнэлшгүй тусламжийг бид үргэлж санадаг. Монгол Улс дайны турш ЗХУ-д буцалтгүй тусламж үзүүлснийг бид мартахгүй. Монголын ард түмний хөрөнгөөр 53 танк бүтээсний зарим нь Берлин хүрсэн. Түүнчлэн Монголын ард түмний хөрөнгөөр 12 Ла-5 онгоц бүхий “Монгол Ард” нэртэй эскадриль байгуулсан. Бас л Берлин хүрсэн. Орчин үеийн сөнөөгч онгоц бүхий  “Монгол Ард” эскадриль одоо ч байдаг бөгөөд одоо цэргийн тусгай ажиллагаанд оролцож үүргээ биелүүлж явна” хэмээн онцлон тэмдэглэв.

 

“Монгол Улс хамгийн түрүүнд тусламжийн гараа сунгасан”

 

Ерөнхий цэргийн 36 дугаар армийн командлагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, ОХУ-ын баатар хошууч генерал Белявский Владимир Анатольевич Аугаа Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярын индрээс мөн үг хэлж, баярын мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр “Эрхэм хүндэт ахмад дайчид, ар талын хөдөлмөрчид, дайны үеийн хүүхдүүд, офицерууд, байлдагч нар аа, хүндэт найз нар, зочид оо! 80 жил өнгөрсөн ч холдох тусам түүхэн гавьяа нь улам агуу болж байна. Энэ аймшигт дайн манай орны айл өрх бүрд гай зовлон авчирсан. Түүхэнд хэзээ ч урьд хожид байгаагүй тийм гамшиг сүйрлийг дайн авчирсан. Олон дайчид эргэж ирээгүй. Манай ард түмэн ялалтын төлөө том жижиггүй эр зориг, баатарлаг гавьяаны үлгэр жишээ үзүүлсэн. Өнөөдөр  бидэнтэй хамт Монгол Улсын дайчид жагсаж байна. Монгол Улс нь хамгийн түрүүнд тусламжийн гараа сунгаж байсан, бидэнд бүх талын тусламж үзүүлэн, зарим үед сүүлчийнхээ нөөцийг ч өгсөн. Үүнийг бид мартах эрхгүй” гэлээ.  ОХУ-ын Буриад улсын нийслэлд болсон  Ялалтын баярын энэхүү жагсаалд 1500 гаруй цэргийн алба хаагч  оролцсон юм.  Тэдний 310 гаруй нь “Жуков”, “Суворов”-ын медальтнууд, 67 нь “Эр зоригийн одон”-тнууд байлаа. Баярын жагсаал хоёр хэсгээс бүрдсэний дотор  жагсаалын  27 хайрцаг гарган алхсаны зэрэгцээ, 35 гаруй цэргийн техник хэрэгсэл оролцуулжээ.

Жагсаалын үеэр  бөмбөрчдийн нэгдсэн салаа талбайд орж ирэхэд цугласан олон нийт огшиж, зарим нь баярын нулимсаа барьж чадахгүй байв. Учир нь 1945 оны зургаадугаар сарын 24-нд Москва хотын Улаан талбай дахь Ялалтын  баярын жагсаалыг бөмбөрчид нээж байсан билээ. Тэгвэл өнөөдөр тэдний үргэлжлэл, хойч үеийнхэн, эрхэлхэг дайчдын алдар сууг залгамжлагчид Аугаа Эх орны дайны ялалтын баярын жагсаалыг ийнхүү үргэлжлүүллээ. 

Энэ үеэр баярын жагсаалын тавдугаарт Монгол Улсын Зэвсэгт хүчний хайрцаг сүр жавхлантай алхан орж ирсэн нь бүр ч сэтгэл хөдөлгөсөн. Аугаа их Эх орны дайны ялалтад Монголын ард түмний оруулсан хувь нэмэр асар их байсныг төрийн албаны төлөөллүүд тус бүрдээ талархан  дурдаж байсан юм.

Ялалтын баярын энэхүү  жагсаал  Буриадын цэргийн тойргийн найрал хөгжмийн ая дор сүр жавхаатайгаар өрнөсөн бол  80 жилийн өмнө Улаан талбай дээгүүр Ялалтын баяраар 2000 гаруй цэргийн техник явж өнгөрснийг дурсаж энэ өдөр Улаан-Үдийн төв  талбайд домогт Т-34 танкийг олны өмнүүр цуваанд явуулсан. Энэ танк Смоленск, Минск болон  Европын улсуудыг чөлөөлөхөд оролцсон юм. Мөн Зөвлөлтийн танк ИС-2 (Иосиф Сталин), 122-мм урт хошуутай их буутай хүнд танк, Тийрэлтэт артиллерийн байлдааны машин БМ-13 “КАТЮША”-г “Катюша” дууны аянд үзэж сонирхох нь хэн бүхний сэтгэлийг хөдөлгөж байлаа. Эдгээр байлдааны машин техникийг 36 дугаар армийн бүрэлдэхүүн сэргээн засварласан аж.

Аугаа Эх орны дайны ялалтын 80 жилийн ойг ОХУ-ын Буриад Улс ийнхүү өндөр хэмжээнд, гүн гүнзгий утга агуулгатай, хойч үеийнхэнд “Дайныг бүү март” гэсэн сануулгатайгаар өргөн дэлгэр зохион байгууллаа. Буриад улсын оюутан, залуус сайн дурын байгууллагад эвлэлдэн нэгдэж, Ялалтын баярыг зохион байгуулахад маш идэвхтэй оролцож байгаа нь анхаарал татсан. Тэд эх оронч үзлээр багаасаа хүмүүжиж, эх орноо хайрлах, ахмад үеэ хайрлан хүндлэх сэтгэлээр өсөж өндийж байгаагаа сэтгэгдэл догдлон ярьж байсан юм.

Баярын энэ өдөр нийслэлийн төв талбай, Бага Арбатын гудамжинд Буриадын урлаг, соёлын бүх  байгууллагууд, Монгол Улсын Цэргийн дуу бүжгийн чуулгын 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон тоглолтоо сонирхуулсан юм. Тоглолтын завсраар “Анхаараарай, анхаараарай 1941 оны зургаадугаар сарын 22-ны үүрээр Нацистын Герман гэрээгээ зөрчин Зөвлөлтийн хил рүү гэнэт халдан довтоллоо” гэсэн анхааруулга, сануулгыг байнга явуулж, дайныг бүү март” хэмээн сануулж байсан юм. ОХУ-ын Буриад Улсаас 120 мянга гаруй хөвгүүд, охид эх орноо хамгаалахаар фронт руу сайн дураараа явсан.  Өвөр Байгалийн 16 дугаар арми болон буудлагын гурав, танкийн гурван дивизийн бүрэлдэхүүнд хамрагдан Аугаа Эх орны дайнд баатарлагаар байлдаж байсан түүхтэй. Буриад Улсын 37 цэргийн албан хаагч ЗХУ-ын Баатар цол, 12 дайчин Алдрын одонгийн бүх зэргийн эзэд болсон нь ямар эрэлхэг дайчин, цогтой эх орончид болохын илэрхийлэл билээ.

Ялалтын баярт биеэр  оролцож,  энэ бүхнийг нүдээр харж байхад Монголын яруу найрагч Төмөрийн Дашбалдангийн бичсэн:

...Цэрэг нь байтугай

Сураг нь буцаж ирмээргүй

Дайны жил

Цэнэг нь болж

Ар талд байсан хэрнээ

Амиа алдчихмаар

Дайны жил

Орос айлд

Хүүгийнх нь оронд ирсэн

Ялалт өөрөө

Одоо Улаан талбайд

Хөл тавьж байна... гэсэн мөрүүд сэтгэлд  байнга орж ирж байлаа. Тийм ээ, дайны жилд орос айл бүрд хүү, охиных нь оронд ирсэн “Ялалт” өнөөдөр баярын жагсаалд хөл тавьж байна.

Гэрэл зургуудыг зурагчин Денис Слепцов

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu