В.В.Путин Дэлхийн атомын форумд юуны талаар ярив

2025 оны 09 сарын 30

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Дэлхийн атомын форумыг нээж үг хэлэхдээ " Бид та бүхэнтэй Дэлхийн атомын асуудлаарх форумын хүрээнд уулзаж байна. Энд төрийн тэргүүнүүд, олон улсын байгууллагуудын удирдлагууд оролцож байгаад баяртай байна. Бид хамтдаа атомын салбарын өнөө ба ирээдүйн асуудлыг бодитойгоор хэлэлцэж чадна гэдэгт найдаж байна.

Ийм хэлэлцээ нь улам олон улс орон, томоохон компаниуд энхийн зорилгоор ашиглах атомыг урт хугацааны хурдацтай хөгжлийн чухал эрчим хүчний эх үүсвэр гэж үзэж байгаа өнөөгийн нөхцөлд онцгой ач холбогдолтой юм. Нийгмийн зүгээс атомын эрчим хүчийг асар их боломжийг нээж өгөх байгаль орчинд ээлтэй технологи хэмээн үнэлэх хандлага тууштай бүрэлдэн тогтож байгаа билээ.

Бид бахархалтайгаар хэлж болох зүйл бол өнөөдөр зөвхөн Орос улс л цөмийн эрчим хүчний технологийн бүх гинжин хэлхээг бүрэн эзэмшиж байна. Мөн аюулгүй байдал, гадаад нөлөөнд тэсвэртэй байдлынхаа ачаар Оросын загвараар баригдсан атомын цахилгаан станцууд дэлхийд хамгийн эрэлт ихтэй байна.

Түүнчлэн бид хуурай газар дээрх болон хөвөгч атомын бага оврын цахилгаан станцуудын төслүүдийг хөгжүүлж буйгаа онцолмоор байна. Дөнгөж сая «Росатом»-ын дарга бидэнд [«Атом» музейн үзэсгэлэнг үзэх үеэр] энэ талаар ярьсан. Удахгүй бид ийм төрлийн станцуудыг цувралаар үйлдвэрлэж эхэлнэ.

Оросын тэргүүлэх байр суурийн үндэс нь бидний зарчимч хандлага юм.

Нэгдүгээрт, бид гэрээний үүргээ чанд мөрддөг. Би үүнийг онцолж хэлмээр байна: ямар ч улс төрийн нөхцөл байдлаас үл хамааран бүхнийг чанд биелүүлдэг.

Хоёрдугаарт, бидний хувьд “технологийн колониализм” гэж нэрлэгддэг зүйлийг эрс эсэргүүцдэг. Өөрөөр хэлбэл, бид түншүүдээ Оросын техникийн шийдлээс хамааралтай болгодоггүй. Харин ч эсрэгээрээ өөрийнх нь үндэсний бүрэн эрхт атомын салбарыг бий болгоход нь тусалдаг. Үүнд боловсон хүчин бэлтгэх, чадамжийн төвүүд байгуулах, дотоодын компаниудыг өргөнөөр татан оролцуулах, эрчим хүчний блокийн ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, цөмийн түлш нийлүүлэх болон хаягдлыг боловсруулах зэрэг багтана.

Цаашилбал, бид туршлага мэдлэгээ XXI зууны бусад дэвшилтэт салбаруудад ч хуваалцдаг. Үүнд цөмийн анагаах ухаан, цахим системүүд, цахилгаан тээвэр, шинэ материалууд зэрэг багтана. Ингэснээр бид түншүүддээ хөгжлийн жинхэнэ үсрэлт хийхэд нь тусалж, эдийн засгаа бүтээмжийн шинэ түвшинд гарах, эцсийн дүндээ хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаа юм.

Энэ бүхэн нь манай ажлыг нийгмийн болон олон нийтийн зүгээс үнэлэх маш чухал хэмжигдэхүүн юм. Өөрөөр хэлбэл, технологид, тэр дундаа энхийн зорилготой атомын технологид тэгш хүртээмжтэй байх нь эрчимтэй, шударга, тогтвортой хөгжлийг хангаж чадна гэдгийг тодорхой харуулж байна" гэжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mnbvcб(176.66.87.78) 2025 оны 09 сарын 30

Одоо нөгөө уран эсэргүүцэгчид ю у гэх бол...

0  |  0
Top