Европын Комиссын дарга тууштай биш бодлого явуулж байна гэж шүүмжилжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 10 сарын 28

Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен Европын стратегийн бие даасан байдлыг хангах чиглэлд тууштай биш бодлого явуулж, Хятадаас холбоогоо тасалж, Европын Холбоог АНУ-аас улам хамааралтай болгож байна гэсэн санааг Хятадын China Daily сонины нийтлэлд илэрхийлжээ.

Европын Холбоо стратегийн түүхий эдийн хувьд Хятадаас хамааралтай байдлаа бууруулахыг Урсула фон дер Ляйен уриалсантай холбогдуулан Хятадын сонин ийм утгатай өгүүлэл нийтэлсэн байна. “АНУ-ын Засаг захиргааны зүгээс үзүүлж буй хүчтэй шахалтын улмаас Хятад-Америкийн худалдааны харилцаа бэрхшээлтэй тулгарч байгаагийн зэрэгцээ Цагаан ордон геополитикийн сөргөлдөөний тэргүүн шугам дээр баримталж буй өөрийн чиг шугамыг дагахыг Европын Холбоонд тулгаж байна. Европын Холбооноос зарласан стратегийн бие даасан байдлаа хангах бодлого нь Вашингтоноос хэт хамааралтай байдлаа шийдвэрлэхэд биш харин Хятадтай хамтран ажиллахаас татгалзахад оршиж байгаа бололтой” гэж тус сонинд тэмдэглэжээ.

Газрын ховор металлуудын экспортын хяналтыг чангатгах тухай хэд хэдэн баримт бичгийг БНХАУ-ын Худалдааны яам аравдугаар сарын 9-нд нийтэлсэн аж. Харин аравдугаар сарын 25-нд Урсула фон дер Ляйен БНХАУ-ын нийлүүлдэг амин чухал түүхий эдээс Европын Холбооны хамааралтай байдлыг багасгах шинэ санаачилга гаргаж байгаагаа зарласан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top