Оросууд манай Дорнодын ураныг ашиглах талаар ихээхэн хүч чармайлт тавьж байгаа. Хуучин Мардайн ордыг тэд олон жил ухсан. Тэнд нууц хотхон хүртэл байгуулаад байсан юм. Одоо Мардайн газар доор 800-гаад метрийн гүнд, 400 орчим урт төмөр зам ямар ч ашиглалтгүй хэвтэж байна. Үүнээс харин монголчууд нэлээд хэсгийг нь төмрийн хаягдалд Хятад руу ачаад явуулчихжээ. Гэхдээ уг байгууламжийг дахин сэргээвэл Оросуудад төдийгүй Монголд ашигтай. Тиймээс Оросууд манайхтай хамтран “Дорнод Уран” компаниа байгуулахыг хүссэн биз. Ингээд Канадаас ирж хайгуул, олборлолт хийж эхлээд байсан “Хан ресурс” компанийг жийх ажилдаа орцгоож, “Дорнод Уран” нь “Хан ресурс”-ийн лицензийг авчихав. Үүний дараахан харин манай Цөмийн энергийн газраас “Дорнод Уран” компанийн лицензийг цуцалсан юм. Манайхан л болсон хойно, аль бүтэх бүтэхгүй юманд оролцож буйн нэг жишээ энэ. Удалгүй маргаан үүсч шүүхээр заргалдаж эхлэв. Дотоодынхоо шүүх дээр Цөмийн энергийн газар хоёр удаа уналаа. Энэ хооронд “Хан Ресурс” компани Олон улсын арбитрын шүүхэд ханджээ. Шүүх хурал нь энэ сарын 8-нд болох байсан боловч хойшилсон гэнэ. Арбитрын шүүх энэ удаа яагаад хойшлуулсан талаар мэдээлэл өгсөнгүй. Гэхдээ “Хан ресурс” компани нь манай улсыг ялж гарах магадлалтай гэж зарим эх сурвалжууд хэлж байна. Цөмийн энергийн газрынхан ч шүүхийн маргаанд шударгаар хандаж, “Хан ресурс”-ийг тууштай хамгаалсаар байгаа бололтой. Монголын Засгийн газрыг төлөөлж, Америкийн нэгэн хуульч Олон улсын арбитрын шүүх хуралд оролцох юм байна. Түүнд төлөх хөлс мөнгө ч нэлээд ахиухан байх болов уу. Хэрвээ манайх ялагдал хүлээвэл Оросуудтай хамтарсан гэх “Дорнод Уран” компани нь лиценз, хөрөнгийн өөр эх үүсвэр дээр дахин цоо шинээр байгуулагдахаас аргагүй болох ажээ.
Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )