Д.Сайнсайхан: Морь жилтэй эрчүүд Цагаан сараас ӨМНӨ заслаа хийлгэнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 01 сарын 08

 

Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийн зурхайч, Анагаах ухааны магистр Д.Сайнсайхан ирж буй Гал морин жилд онцгойлон засал хийлгэх буюу жил орж буй хүмүүсийн тухайд: 

Эрэгтэй хүн жилээ угтах ширүүн, эмэгтэй хүн жилээ дагах ширүүн учраас дээрх шинжүүдээс ажиглан жил орохын өмнө болон жил орсны дараа жил засал ном, эргэл мөргөл шамдаж анхаарал болгоомжтой байна. Жишээ нь энэ жил морь жилтэй эрэгтэй хүмүүс нь сар шинэ болохоос өмнө могой жилд юмуу морь жилдээ, эмэгтэй хүн морь жилдээ юмуу хонь жилд жил орох магадлалтай юм.

ГАЛ МОРИН ЖИЛИЙН ОНЦГОЙЛОХ ЖИЛТНҮҮДИЙН ЗАСАЛ - ЖИЛ ОРОХ

2014, 1954 онд төрсөн — 13, 73 нас

Монголчууд “Жил орох” гэж нэрлэдэг “Рангэг” буюу “Өөрийн тотгор” 2014, 1954 онд төрсөн 13, 73 насанд хүү махбодтой жилд хүүхдийн бие өвдөх гээд байдаг. Зүгээр нэг өвдөх биш, хүнд хэлбэрээр өвдөх, ужиг өвчинтэй болох магадлалтай.

13-ны жил дээрээ өвдөөд насан туршдаа тэр өвчнөөр өвдсөн, унах, татах гэх мэт өвчтэй болсон хүүхдүүд байдаг. Тиймээс 13-тай хүүхэд, 73-тай хөгшдийн эрүүл мэндийг сайн анхаарах хэрэгтэй. Засал нь: Найман гэгээн, Банзрагч, Лхам тахиулна.

2002, 1942 онд төрсөн — 25, 85 нас

2002, 1942 онд төрсөн 25, 85 насанд нөхөр махбодтой жил: “Жаргал зовлон ээлжилдэг жил” гэдэг. Ажил үйлсэд нь их нөлөөлдөг. 25-ны жил нь орсон хүмүүсээс “Ажил үйлс нь бүтэж байна уу” гэж асуухаар нь үгүй ч юм шиг, бүр бүтэхгүй байна уу гэхээр бүтэх гээд ч байгаа юм шиг тийм орон гаран байдаг жил бөгөөд буг зэтгэр босох гэм буй. Засал нь: Догсом, Цэнд, Доржнамжимын жавтий айлтгуулаарай.

1990, 1930 онд төрсөн — 37, 97 нас

1990, 1930 онд төрсөн 37, 97 насанд дайсан махбодтой жил: Хийморь доройтох гэм буй. Бие өвдөх болон гарз гарлага гарах гэм буй. Засал нь: Ширнэн, Догсом, Усан балин, Саа-юм, Цэвэгмэдийн чого уншуул.

1978 онд төрсөн — 49 нас

1978 онд төрсөн 49 насанд эх махбодтой жил: “Сүлд доройтдог жил” гэж нэрлэдэг. Сүлд нь хүний амь настай холбоотой учраас амь насны зэтгэр хөдөлдөг буюу амь насанд хорлол хөнөөл учрах магадлалтай. Тиймээс 49-ний жил дээр хол газар явах, эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийж, биеэ энхрийлэх хэрэгтэй. Засал нь: Нити, Хийморийн сан айлтгуулаарай.

1966 онд төрсөн — 61 нас

1966 онд төрсөн 61 насанд өөрийн махбодтой жил: Гадны хөнөөл ирэх гэм буй. Засал нь: Ширнэн, Сац талби, Цэвэгмэдийн чого айлтгуулаарай.

Эрэгтэй хүн жилээ угтах ширүүн, эмэгтэй хүн жилээ дагах ширүүн учраас дээрх шинжүүдээс ажиглан жил орохын өмнө болон жил орсны дараа жил засал ном, эргэл мөргөл шамдаж анхаарал болгоомжтой байна. Жишээ нь энэ жил морь жилтэй эрэгтэй хүмүүс нь сар шинэ болохоос өмнө могой жилд юмуу морь жилдээ, эмэгтэй хүн морь жилдээ юмуу хонь жилд жил орох магадлалтай юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top