“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлаг, “Хүмүүн бичиг” сониноос уламжлал ёсоор зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн-2025“ олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо.  

Уран зургийн галерейд болсон шагнал гардуулах ёслол, шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцож, уралдааны ангилал бүрт тэргүүн байр эзэлсэн эрхмүүдэд шагналыг нь  гардуулан баяр хүргэж, амжилт хүсэн ерөөлөө. 

Тэр бээр, монгол бичиг бол монгол туургатны эв нэгдлийн бэлгэдэл, эрдэм соёлын их өв сан, тусгаар тогтнол, төрт ёсны эрхэм гэрч, мянган жилийн түүхтэй оюуны түлхүүр, хүн төрөлхтний оюуны соёлын гайхамшигт өв гэдгийг тодотголоо.  

Монгол бичиг соёлыг судлан, хадгалан хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа зохион байгуулагчид болон нийт оролцогчдод талархал илэрхийллээ.  

“Монголын сайхан бичигтэн-2025“ олон улсын уралдаанд Говьсүмбэр, Баян-Өлгий, Өвөрхангайгаас бусад аймаг, нийслэлийн дүүргүүд болон АНУ, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсаас нийт 1,100 гаруй оролцогч бүтээлээ ирүүлсэн байна.  

Уралдаанд Хөвсгөл, Увс, Баянхонгор аймгаас хамгийн олон хүн оролцсон бөгөөд  АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган бичвэрээ ирүүлжээ.  

Оролцогчдын хамгийн ахмад нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэн, 74 настай Т.Данаажав, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэн Б.Ням-Очир бол хамгийн бяцхан нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Нутгийн аваргууд” сургуулийн 1-ийн “А” ангийн сурагч, 6 настай Д.Амина байлаа.  

Монголын уран зургийн галерей “Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдаанд ирүүлсэн  бүтээлүүдийг 2026 оны 01 дүгээр сарын 18-ныг дуустал нийтэд толилуулна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top