Д.Сайнсайхан: Хүмүүс “Хагацахын үүд” гэхээр их айдаг

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан Хийдийн Зурхайч, АУ-ы Магистр Д.Сайнсайхан урвасан жил буюу дотоод жилийн нөлөөний тухайд: 

Урвасан жил нь огторгуйн үүд нээгдэх, гарзын үүд нээгдэх, яс тасрахын үүд нээгдэх, хагацахын үүд нээгдэх, үгүйрлийн үүд нээгдэх, олзны үүд нээгдэх юм. Хагацахын үүд нээгдсэн хүмүүсээс “Уур чинь хүрч байна уу” гэж асуудаг. Тэр хүмүүс уур хүрч байна, ууртай байна гээд чин үнэнээ хэлдэг. Тэдгээр хүмүүст би “Таны уурын үүд нээгдчихэж” гэж хэлдэг. Би үүнийг “Уурын үүд” гээд нэрлэчихсэн. Хүмүүс “Хагацахын үүд” гэхээр их айдаг. Үхэж хагацах юм болов уу, хэнээс хагацах гээд байгаа юм бол гэдэг. Хүн уурлахаараа хамгийн ойр дотны хүнээсээ холдож салдаг шүү дээ, түүнийг л хагацахын үүд гээд байгаа юм.

Хагацахын үүд буюу уурын үүд нь нээгдсэн хүмүүст хагацахын үүдийг хаалгах Дашдондов, Доржнамжил, Алтангэрэл гэсэн гурван номыг уншуулахаас гадна өөрөө сахиж явах хоёр зүйлийг хэлж өгдөг.

Энэ нь нэгдүгээрт, тухайн хүн өөрөө хэл ам, хэрүүл тэмцлээс хол явах, хоёрдугаарт, өрөөл бусдын хэл ам, хэрүүл тэмцлээс зайлсхийж явах хэрэгтэй. Энэ хоёр зүйлийг сахихгүй бол тухайн хэл амны нөлөө тэр хүнд гай үсэрч байгаа юм шиг нөлөөлдгийг би мэдсэн. Тиймээс хүн аливаа засал ном хийлгэсэн ч өөрөө сахих зүйлийг мөрдөж дагахгүй бол засал ном хийлгэсний хэрэг гардаггүй. Хойшоо харсан амтай агуйд нарны гэрэл тусдаггүй нь нарны буруу биш агуйн буруу шүү дээ.

Энэ үүд нээгдсэн хүмүүс: 2023 оны туулай жилтэй эр, эм, 2017 оны тахиа жилтэй эр, 2015 оны хонь жилтэй эр, 2011 оны туулай жилтэй эр, эм, 2005 оны тахиа жилтэй эр, 2003 оны хонь жилтэй эр, 1999 оны туулай жилтэй эр, эм, 1993 оны тахиа жилтэй эр, 1991 оны хонь жилтэй эр, 1987 оны туулай жилтэй эр, эм, 1981 оны тахиа жилтэй эр, 1979 оны хонь жилтэй эр, 1975 оны туулай жилтэй эр, эм, 1969 оны тахиа жилтэй эр, 1967 оны хонь жилтэй эр, 1963 оны туулай жилтэй эр, эм хүмүүс уурын үүд нээгдсэн тул болгоомжлоорой.

ҮГҮЙРЛИЙН ҮҮД БУЮУ ГАРЗЫН ҮҮД гэж монголчууд нэрлэдэг энэ үүд нээгдвэл эд баялаг тогтохгүй, сэтгэл санаа тавгүй болдог. Тиймээс эд зүйлдээ хямгатай эмх цэгцтэй байх нь чухал. Гарзын үүдийг хаах засал ном нь Дашдондов, Дашзэвэг, Сахиусны ганшиг, Алтангэрлийн даллага.

Хамгийн сайн үүд нь олзны үүд. ОЛЗНЫ ҮҮД НЭЭГДВЭЛ тухайн хүний ажил үйлс, санасан сэдсэн томоохон үйл бүтдэг учраас олон жил бодсон зүйлдээ зориглох хэрэгтэй.

ЯС ТАСРАХЫН ҮҮД НЭЭГДВЭЛ хэл аманд орох, хулгай дээрмээс болгоомжлох хэрэгтэй. Засал нь: Дорждэрэм, Хамчунагво, Цагаан шүхэрт, Чойжоо дүгжүү уншуулна.

ГАЗРЫН ҮҮД НЭЭГДВЭЛ шороо ухах, ургаа мод таслах, ан амьтан агнах, ус булаг бохирдуулах догшин газар оронд үл очих зэрэг газар лусын үйлээс болгоомжлох хэрэгтэй. Засал нь: Саяннинбу, Нанжид, Лусын сан уншуулна.

ОГТОРГУЙН ҮҮД НЭЭГДСЭН хүн уул хад, өндөр зүйл дээр гарахыг цээрлэхээс гадна нохой шинээр авч тэжээж болдоггүй. Засал нь: Намхайнямбу, Ямбийдончир, Цагааншүхэрт, Лхамын ганшиг уншуулна. Хэрэв эдгээр үүдийн аль нэг нээгдсэн бол ганц нэг удаа уншуулах биш жилийн турш эдгээр тус тусын үүд хаалгах номыг тогтмол уншуулж хаалгаж байхыг онцгой анхаарах хэрэгтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top