.jpg)
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан.
2020-2024 оны хугацаанд малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчин өрхийн эзлэх хувь жилээс жилд буурч байгаагийн шалтгаан нь малын хорогдлын босго үзүүлэлт өндөр учраас малчид малаа даатгуулсан ч нөхөн төлбөр авч чадахгүй байгаатай холбоотойг судалгаагаар тогтоожээ.
Уг хуулиар нөхөн төлбөр олгох босго үзүүлэлтийг 5 хувь, түүнээс нэмэх 1, хасах 1 болгон бууруулснаар Монгол Улсын хэмжээнд 120 сум 4 хувь, 155 сум 5 хувиар тогтоож малчид даатгалын үр шимийг хүртэх боломжтой болсон. Мөн даатгуулагч даатгалын үр шимийг цаг алдалгүй хүртэх, зудын эрсдэлийг хохирол багатай даван туулах зорилгоор нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилан олгож болно гэсэн зохицуулалтыг тусгалаа.
Ингэхдээ ус цаг уур, орчны хяналт шинжилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын гаргасан урьдчилсан мэдээ, статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хагас жилийн мал тооллогын дүнгээс өмнө гаргасан статистикийн мэдээллийг үндэслэн даатгагч гэрээний хугацаанд нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилан олгож болох зохицуулалтыг тусгаснаар малчдын амьжиргааны эх үүсвэрт дэмжлэг үзүүлэх, нөгөөтээгүүр үргэлжлэн тохиолдож болзошгүй зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хохирол багатай даван туулахад нөлөөлөх ач холбогдолтой юм.
Малын давхар даатгалын компани нь малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаанаас гадна бусад төрлийн арилжааны даатгалын үйл ажиллагааг эрхэлдэг тул хуульд заасан “малын давхар даатгалын компани” гэснийг “давхар даатгалын компани” болгон өөрчилж, давхар даатгалын компани тухайн жилийн аудитын тайлан, дүгнэлтийг төлөөлөн удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж, батлуулах хугацааг дараа оны 03 дугаар сарын 01-ний өдөр байсныг 04 дүгээр сарын 01-ний өдөр болгож өөрчилсөн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )