Сүүлийн үед олигархиудын заль, мэх нарийсч, стратегийн орд газруудыг дотор нь хэсэгчлэн хуваан фракцаараа баяждаг шинэ давлагаа эл хүрээнд улам бүр хүрээгээ тэлэх хандлагатай болчихлоо.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд л, эрх мэдэлтнүүдийн буянаар ганц Таван толгой маань 50 шахуу болоод үржчихсэн. Түүнчлэн хэсэгчлэн хуваасан газар бүхэн нь өөр өөрийн гэсэн дарга, цэрэгтэй болоод байгаа. Харин "хөшигний цаана" манай улсын уул уурхай нь "цүнх"-ний гэх тодотголтой болоод удаж байна. Энэ талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч нэгэнтээ уулга алдсан байдаг. Мөн энэ зуур Таван толгойг хэрсэн хятадууд аалзны тор шиг сүлжилдэж буй талаар чих дэлсэв. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд гэхэд л Таван толгойн нүүрсний ордыг даган үйл ажиллагаа явуулдаг 20 орчим компани байдаг гэнэ. Тэдний дийлэнх нь буюу бараг 80-90 хувь нь урд хөршийн 100 хувийн хөрөнгө оруулалттай аж. Энэ бүхнийг холбогдох яам, албан байгууллагуудаас цэгцэлсэн хэмээн мэдэгдсэн ч нутгийн иргэдийн хэлж буйгаар тэдний урд хил рүү нүүрс зөөвөрлөх арга улам нарийссан талаар ам уралдан ярьж байх юм. Гэхдээ хамгийн эмгэнэлтэй нь тэд манайхаас нэг тонн нүүрсийг хамгийн бага зардлаар буюу 25 ам.доллараар ченжлэн зөөдөг. Харин Австралиас 500-700 юаниар авдаг аж. Ёстой л хулгана хөеөгөө зөөж буй мэтээр манай газрын хэвлий дэх баялаг ийнхүү хятад ченжүүдийн сүлжээгээр Австралийнхаас 34 дахин хямдаар үнэлэгдэж байна.
...Иймэрхүү маягаар харийнхан манай улсын дахиж нөхөгдөхгүй их баялгийг "оромжиндоо" зөөх зуур төрийн эрхэнд суух эрх мэдэлтнүүд стратегийн ордуудаа хэсэгчлэн хувааж, гадныханд улам ч өгөөш бэлдээд байгаа юм биш үү. Мөн Шивээ-Овоогийн ордыг энд дурдаж болно. Тус ордыг анх 1957-1958 онд илрүүлж байжээ. Түүнчлэн 1986-1988 онд улсын төсвийн хөрөнгөөр урьдчилсан болон нарийвчилсан хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон байна. Эл орд нь үндсэн гурван хэсгээс бүрддэг. Үүнд, Өөхөн цагаан болон Шинэ ус, Ногоон нуур юм.
Харин нүүрсний ордын нийт 29500.0 га талбайгаас Шивээ-Овоо нүүрсний уурхай зөвхөн 0.3 хувь буюу 91.0 га-г эзэмшдэг. Мөн төрийн өмчийн "Эрдэнэс MGL" ХХК 14.2 хувь буюу 4199 га, хувийн өмчийн "Шинэ Шивээ" ХХК нь 75.6 хувь буюу 22300.0 га талбайн тусгай зөвшөөрлийг тус тус эзэмшдэг юм.Түүнчлэн Шивээ-Овоогийн уурхай нь тус ордын талбайн зөвхөн 0.3 хувь буюу 91.0 га талбайг л тусгай зөвшөөрлөөр эзэмшдэг. Гэхдээ энэ нь дотоодын хэрэгцээг хангаж чаддаггүй учраас "Эрдэнэс МGL" ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас 200.0 га газрыг гэрээний үндсэн дээр төлбөртэйгөөр ашигладаг байна. Мөн тус ордын геологи хайгуулын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн бөгөөд уурхайг байгуулахад 67.0 сая ам.долларын зээлийг гадаадаас авч хөрөнгө оруулжээ. Тиймээс дотоодын нийт хэрэгцээний ихэнх хувийг хангадаг эл ордыг хувийн өмчийн компаниас салгаж, төр 100 хувь мэдэлдээ авснаар Таван толгойн түүх давтагдахгүй гэсэн баталгаа болох талаар салбарын хүмүүс дуу нэгтэй ярих болсон.
Тийм ч учраас нэр бүхий гишүүд эл асуудлыг хөндөн холбогдох сайдад тус ордын талаар танилцуулга хийхийг хүсэн бичиг хүргүүлээд байгаа аж. Ямартай ч томоохон орд газруудын тусгай зөвшөөрлийг иймэрхүү жишгээр олон хэсэгт хувааж, өөр өөр аж ахуйн нэгжид эзэмшүүлэх замаар стратегийн ордын бүртгэлээс хасуулах бусармаг арга түгээмэл болж байгаа нь бодит үнэн. Тиймээс Ашигт малтмалын тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулж, шийдвэрлэх цаг нь болжээ.
Эх сурвалж: Нийгмийн толь сонин
Сэтгэгдэл ( 0 )