Шүүмжлүүлээд байсан Г.Занданшатар Ухаа худагийн 60 хувийн өгөөжийг монголчуудад аваад ирлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Томилогдсоноосоо хойш сайн нэр бараг сонсоогүй Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөх алдарт Ухаа худагийн ордын 60-аас доошгүй хувийг Үндэсний баялгийн санд хуримтлуулах хэлэлцээр хийжээ. Үндэсний баялгийн сан гэхээр монгол хүн бүрийн нэр дээр байгаа дансанд жил бүр энэ ордын 60-аас доошгүй хувийн өгөөж шилжин орно гэсэн үг. “Энержи Ресурс” компаниас 60 хувийн өгөөж салгаад, тэрийгээ монгол хүн бүрд хүртээнэ гэж хэний ч санаанд орж байгаагүй. Муу нэртэй ч Г.Занданшатарын Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий Ухаа худаг ордын 60 хувийн өгөөжийг ямар ч үнэ төлбөргүйгээр монголчууддаа аваад ирлээ.

Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа 2019 онд Үндсэн хуульд оруулсан, нэмэлт, өөрчлөлтөөр “Баялгийн өгөөжийн 60-аас доогүй хувь нь ард түмэнд ногддог байх” зарчмыг суулгаж өгсөн. Үүнээс хойш 7 жил өнгөрөхөд Үндсэн хуулийн энэ заалт амилаагүй л байв. Харин мань Г.Занданшатар Ерөнхий сайдын хувиар сувинер шиг байсан энэ заалтыг бодитоор амиууллаа. Чамлахаар чанга атга гэдэг үгтэй. Ашиг орлогыг нь хэдхэн хүн хүртдэг байсан Ухаа худагийн 60 хувийн өгөөж монголчуудад ирнэ гэдэг яаж ч бодсон эерэг үр дүн дагуулна.

Монголчуудын амьдрал өнөөдөр сайнгүй байгааг бүгд л мэднэ. Баахан баялагтай гэсэн атлаа африкийн хамгийн ядуу улс орнуудтай нэг зиндаанд жишээлэгдэн явдаг болсон. Одоо нэгэнт Ухаа худагаас 60 хувийн өгөөж авч болсон юм чинь стратегийн гэгддэг бусад ордоос ч өгөөж хүртэх ёстой. Өгөхгүй ээ гээд гүрийгээд суудаг лиценз эзэмшигчид энэ үйл явдал том сануулга болох байх. Хэдхэн хүн хагартлаа баяжиж, үлдсэн дийлэнх нь ядуурлын ангал руу гулсаж, улынхаараа дуудуулж байгаа энэ цаг үеийн гажуудлыг засахад Ухаа худагийн хэлэлцээр бусдад нь ташуур өгөх болтугай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top