Н.Энхбаярт улс төрийн орон зай бараг үгүй болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 01


 

Монголын улс төрийн амьдрал нэг бодлын их сонирхолтой, нөгөөтэйгүүр бүр ой гутам заваан болж байгааг хэн хүнгүй хэлдэг. Бохир улс төр амь бөхтэй оршиж буй нь олон шалтгаантай. Хатуухан хэлэхэд ард түмэн маань УИХ-д хүнээ олж сонгож чадахгүй олон жилийг элээж байна. Улс төрийн намууд нь олигархижсан бүлэглэл төдийгүй бүр сүүлдээ ноцтой гэмт хэрэгтнүүдийн орогнодог газар болсон. Хууль бусын үлгэр жишээ нь УИХ өөрөө болоод байгаа гэх мэтээр судлаачид дүгнэж байна. Жирийн иргэд ч ингэж л ойлгоод байгаа юм. Хэдэн жилийн өмнө Н.Энхбаяр төр засгийн алдаатай бодлого, улс төрийн лидер гэгдээд байдаг хүмүүсийн хариуцлагагүй явдлуудыг хурцаар шүүмжилсэн хүмүүст хандан “Та бүрэн төр засгаа дээдлэх хэрэгтэй” хэмээн сургаал айлдаж байлаа. Үнэн чанартаа хариуцлагатай улс төрчид л төрийн нэр хүндийг өргөж, иргэддээ төрөө дээдлэх үзэл санааг өдөөж, тэтгэж өгдөг. Ийм өнцгөөс нь төрийн ажлыг ард түмэн өөрсдөө хэмжээд байдаг юм л даа. Өнөөх овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав гэдэг нь ийм учиртай болов уу. Сүүлийн саруудад сонгуулийн тухай хуулийн маргаанаас болсон  төрийн гацаа үүний нэг жишээ юм. Хоёр том намын явцуу эрх ашиг л мөргөлдөөд байснаас биш улс орны ирээдүй, ард түмний эрх ашиг тэдний энэ хэрүүлээс огт харагдсангүй. Пропорциональ тогтолцоо зонхилсон хуультай болвол зөвхөн намын нэрээр сонгуульд санал өгнө, можаритори болчихвол хүний төлөө санал тоологдоно ч гэх шиг хөгийн юм ярихыг яана, тэд. Сонгогчид намын нэрийг дугуйлж байлаа ч гэсэн тэнд ялгаагүй хүн байгаа шүү дээ. Харин 20-иод жил жалга дов болгоноор мөнгө цацсан сонгуулийн бохир наймаа нь Ардын намынханы ухаан жолоогүй зүтгэдэг можаритори тогтолцоонд байгаа юм. Үүнийгээ хамгаалж авч хоцрох гэсэн Ардын нам өнөөдөр хуулийг гацааснаараа тэртээ тэргүй буудуулсан элээ шиг навсайтлаа унаж буй нэр хүндээ улам л шавартай хутгаж орхилоо. Тус намын Удирдах зөвлөл УИХ-д “даалгавар” өгдөг болсон тухай Э.Бат-Үүл шүүмжилж, тус намын дарга, Ерөнхий сайд Сү.Батболдыг огцруулах санал тавиад байгааг олон хүн дэмжиж эхлэв бололтой. Нам төвтэй урьдын тоталитар дэглэмээ Ардын намынхан дахин сэргээх гээд байх шиг байна. Үүнд нь хүмүүс дургүйцэж байгаа болов уу. Гэхдээ хуулийн талаас нь харахаар аль нэг намын удирдах зөвлөл нь УИХ-д байр сууриа илэрхийлэх эрхгүй, эсвэл илэрхийлэх ёстой гэсэн зүйл алга байгаа. Өөрөөр хэлбэл хуулиар нарийвчлан ялгаж зааж өгөөгүй ажээ. Энэ нь бас л нөгөө хуулийн цоорхой гэгч биз. Улс төрийн соёл төлөвшсөн улс орнуудад бол харин нам нь төрийн хэрэг, ялангуяа хууль тогтоох эрх мэдэл рүү шууд дайраад байдаггүй ажээ. Тиймээс Э.Бат-үүлийг бас буруутгах аргагүй.

            Ардын намынхан одоо нэг л зүйлээс маш их айж байна. Тэр нь тус намаас салж байгуулагдсан МАХН цаашдаа хүчтэй сөрөг хүчин болж гарч ирэх вий хэмээн эмээх болжээ. Гэхдээ Н.Энхбаяр зөвхөн өөрийн эрх мэдлийг дахин төрийн өндөрлөгт авч гарах чин хүсэлдээ хөтлөгдөж яваа нь сүүлийн үед тодорхой боллоо. Үүнийг нь олж харсан залуучууд түүнээс салж одов. Уг нь Н.Энхбаярын байгуулсан МАХН-д эхлээд хүмүүс ихээхэн найдлага тавьж байсан. Гэвч энэ нам нь нийгмийн тодорхой бүлгийн эрх ашгийн илэрхийлэл болж чадсангүй гэж зарим ажиглагчид үзэж байна. Нөгөө л хуучин арга барилаараа нийгмийн бүх давхрагыг намдаа хамааруулах гэж оролджээ. Зарим нь түүнийг эрээвэр хураавруудын нам гээд байгаа юм. Ардын нам, Ардчилсан нам хоёрын рейтинг урьд байгаагүйгээр унасан энэ үед МАХН анхнаасаа арай өөрөөр, ядаж гишүүнчлэлгүй, цэвэр бодлого тодорхойлогч нам байж, шинэ үеийн дэлхийн улс төрийн хандлага руу ойртох гэж хичээсэн бол хүчтэй сөрөг хүчин болох найдвар тээх байлаа. Гэхдээ улс төрийн “наадам” дуусах болоогүй байна. Иргэний зориг-Ногоон нам нийгэмд нөлөөгөө бэхжүүлэх гэтэл бүртгэлийн асуудалтай тулгарлаа. Тэд бас цаг хугацааг алдаад байна. Үндэсний шинэ намынхан Н.Энхбаяртай хамтран Их хуралдай зохион байгуулсан нь харин үндэсний үзэл санааны талаархи цэгцтэй ойлголтыг улс төрийн хүрээнийхэнд төдийгүй иргэд рүү хаяж өглөө. Харин тэдэнд шаргуу ажиллагаа дутагдсан хэвээрээ байгаа. Иймээс сөрөг хүчин болох шаанс тун бага. МАН-АН-гийн эсрэг чиглэсэн Н.Энхбаярын элдэв мэдэгдлүүд харин энэ хоёр том намын шалдаа буутал угасан нэр хүндийг аажимдаа өсгөж магадгүй төлөв харагдаж эхэллээ. Цаадуул нь Н.Энхбаярыг хавсайдаж байгаад нухах нь тодорхой болж байна.

Ардын намын дарга Сү.Батболд өнгөрөгч долоо хоногт битүүхэн нэг зүйл хэлсэн нь “Сонгуулийн хуулиар бүх ард түмний санал асуулга явуулах хэрэггүй юм байна. Тийм цаг хугацаа ч алга” гэсэн товч бөгөөд тодорхой үг байлаа. Үнэндээ ард нийтийн санал асуулга явуулах нь хий дэмий улс төржсөн  хэрэг болохоос хэтрэхгүй байсан юм. Тэгээд ч санал асуулга гэх тэр ажил нь тус намын нэр хүндийг улам доош хийсэн үйл явдал болно гэдгийг Сү.Батболд хожимдоогүй дээрээ ийнхүү ойлгожээ.

Саяхан “Сант марал” судалгааны  төвийн захирал Л.Сумати нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “МАХН сөрөг хүчний орон зайг нөхөж чадахгүй” гэжээ. Судлаач хүний хувьд тэр арай өөр зүйлийг олж харж байгаа болов уу. Тухайлбал мань хүн “Ардын нам, Ардчилсан нам хоёрын аль аль нь ард түмний төлөөлөл гэсэн утгаа алджээ.  Энэ байдлаа засч чадахгүй бол улс төрийн шинэ хүчин бий болох зам нээлттэй байна. Сөрөг хүчин маш их үгүйлэгдэж байгаа. С.Молор-Эрдэнэ тэргүүтэй залуучуудын шинэ нам тэрхүү орон зайг нөхөж чадах уу, үгүй юу гэдэг бас эргэлзээтэй. Гэхдээ байг гэх газаргүй” гэжээ. Санаанд оромгүй юмыг алийг тэр гэхэв. “Хожуу ургасан эвэр” нь юунаасаа дээр гэдэг билээ дээ. Тэрүүнтэй зүйрлэвэл Н.Энхбаярын улс төр дэх орон зай бараг үгүй болов бололтой.  

Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top