Ерөнхий сайдын 12 заалт бүхий албан даалгавар гарлаа

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Хөдөө аж ахуйн салбарын цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хүнсний ногооны үнийн өсөлтөөс сэргийлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол болон Ерөнхий сайдын 12 заалт бүхий албан даалгавар гарлаа.

Энэ онд улсын хэмжээнд 633.4 мянган га-д тариалалт хийнэ. Хаврын тариалалтын технологит ажил эхэлж байна.

Засгийн газрын тогтоолоор

  • Хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх зорилгоор зуны хүлэмж болон 4 төрлийн хүнсний ногооны үрийг хөнгөлөлттэй зээлээр тариалан эрхлэгчдэд олгохоор боллоо. Ингэснээр өнгөрсөн жилтэй харьцуулахад хүнсний ногооны тариалалт 1500 га-аар, ургац 20 мянган тонноор тус тус нэмэгдэнэ.
  • Хүн амыг жилийн турш шинэ ургацын хүнсний ногоогоор хангах, хүнсний ногооны улирлын хамаарлыг бууруулах ач холбогдлыг харгалзан өвлийн хүлэмжийн цахилгааны хөнгөлөлтийг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.
  • Үүсэж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэхэд шаардагдах пуужингийн нөөцийг бүрдүүлэхэд тодорхой санхүүжилтийг шийдвэрлэлээ.
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо тариалахад зориулж дэмжлэг үзүүлэхээр боллоо.
  • Сэргээгдэх эрчим хүчинд суурилсан болон цахилгаан станцын илүүдэл дулааныг ашиглах, дэвшилтэт технологи бүхий ухаалаг хүлэмжийн аж ахуйг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр боллоо.
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төмс, хүнсний ногооны механикжсан агуулах байгуулах, хүнсний ногооны хадгалалт борлуулалтын сүлжээ бий болгоход холбогдох арга хэмжээ авахаар тогтлоо.

Албан даалгаврын хүрээнд

  • Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд хаврын тариалалтад зориулж Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй 130 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг олгож байна. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн жил тохиолдсон гангийн нөхцөл байдлын улмаас тариаланчдад үүссэн санхүүгийн эрсдэлийг бууруулах, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгох зөвлөмжийг Монголбанканд чиглэл болголоо.
  • Хаврын тариалалтыг технологит хугацаанд хэвийн явуулах зорилгоор шаардагдах 10 мянган тонн шатахууны нөөц бүрдүүлж, тариаланчдад олгох ажлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамтай хамтран зохион байгуулж байна.
  • Малын болон ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортыг өсгөх чиглэлээр хөрш, түнш орнуудтай хорио цээрийн протокол тохиролцох, техникийн зохицуулалт, стандарт батлах, экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.

 

ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ

Мал төллөлтийн мэдээ:

Өнөөдрийн байдлаар Төллөвөл зохих 22.4 сая эх малын 18.8 хувь буюу 4.2 сая эх мал төллөөд байна. Улсын хэмжээнд 4.2 сая төл хүлээн авч, 4.1 сая төл бойжиж, бойжилт 99.0 хувьтай байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад ижил түвшинд байна. Бүсчилбэл баруун бүс 25.6%, зүүн бүс 7.8%, төвийн бүс 18.9%, хангайн бүс 19.3%-тай мал төллөлт үргэлжилж байна.

Нөөцийн махны талаар:

Нийслэлийн хүн амын 2025-2026 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд арилжааны банкны шаардлага хангаж, зээлийн хорооны шийдвэр гарсан 9 аж ахуйн нэгжтэй 5017.0 тн (харьцаа 40% үхэр, 60% хонь) мах бэлтгэн нийлүүлэхээр "Мах бэлтгэх гэрээ"-г байгуулсан. Одоогийн байдлаар 1918.3 тн махыг худалдаалсан ба 3098.0 тн махны үлдэгдэлтэй байна.

Энэ жилийн хувьд бэлтгэсэн нөөцийн махыг хэрэглэгчдэд хонины махыг 13000 төг/кг, үхрийн махыг 15000 төг/кг худалдаалж байна. Нөөцийн махны хүртээмжийг нийслэлтэй хамтран нэмэгдүүлнэ.

Махны экспорт:

Монгол Улс 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 2.2 мян.тн адууны мах, 35 тн үхрийн мах, 2.1 мян.тн хонь, ямааны мах, 4.3 мян.тн дулааны аргаар боловсруулсан мах, 0.2 мян.тн малын дайвар, 28.5 мян.толгой бог мал, нийт 8.9 мян.тн мах, махан бүтээгдэхүүнийг (түүхий маханд шилжүүлэн тооцвол 13.7 мян.тн) 36.1 сая ам доллароор экспортолсон ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.1% буюу 99.9 тн-оор нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Нийт мах, махан бүтээгдэхүүний экспортыг бүтцээр авч үзвэл 25% буюу 2.2 мян.тн адууны махыг 3 улсад 7.0 сая ам.доллароор, 23% буюу 2.1 мян.тн хонь, ямааны түүхий махыг 6 улсад 7.5 сая.ам.доллароор, 48% буюу 4.3 мян.тн дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны махыг 3 улсад (БНХАУ-99%, ОХУ, БНСУ-1%) 19.5 сая.ам.доллароор тус тус экспортолсон.

БНХАУ-д адууны мах болон дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, Иран, Азербайжан, Узбекистан, Тажикстан зэрэг улсуудад хонины түүхий махны экспорт төвлөрч, харин Австри, Нидерланд, Япон улс руу голдуу өлөн гэдэс экспортолж байна.

Ноолуурын ханшийн мэдээлэл:

-Дорнод аймаг 203.0-206.0 мянган төгрөг

-Хэнтий аймаг 198.0-204.0 мянган төгрөг

-Сүхбаатар аймаг 197-202.0 мянган төгрөг

- Төв аймаг 185-190.0 мянган төгрөг

- Орхон аймаг 180-185.0 мянган төгрөг

- Булган аймаг 185-190.0 мянган төгрөг

- Хөвсгөл аймаг 180-185.0 мянган төгрөг

- Дундговь аймаг 178-180.0 мянган төгрөг

- Архангай аймаг 180.0 мянган төгрөг

- Дорноговь аймаг- 170-175.0 мянган төгрөгийн дүнтэй байна. Ноолуурын дуудлага худалдааны үнэ чанар, гарцаас хамаарч үнэ өсөх зарчмаар явагддаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top