Дэлхийн бэлгэвч үйлдвэрлэгчдийн нэг Малайзын Karex Bhd компани Ойрх Дорнод дахь мөргөлдөөн нийлүүлэлтийн гинжин хэлхээд нөлөөлж, зардлыг нь нэмэгдүүлж байгаа тул Durex зэрэг бүтээгдэхүүнийнхээ үнийг 30 хүртэл хувиар нэмнэ гэж тус компанийн ерөнхий захирал Го Миа Киат мэдэгджээ.
Дэлхийн бэлгэвчний зах зээлийн 20 хувийг дангаар хангадаг Karex Bhd компани Durex брэнд болон өөрийн барааны тэмдэг дор One Condoms, Carex бэлгэвчийг үйлдвэрлэдэг. Ойрх Дорнодын мөргөлдөөн эхэлснээс хойш газрын тосноос гаргаж авдаг химийн бүтээгдэхүүн хомстолд орж, түүхий эдийн үнэ өссөн нь нийлүүлэлтийн гинжин хэлхээд нөлөөлж, улмаар бэлгэвч үйлдвэрлэлийн зардал 25-30 хувиар өсжээ.
Тус компани 2-3 сарын түүхий эдийн нөөцтэй хэдий ч мөргөлдөөн үргэлжилбэл гол түүхий эдийн нийлүүлэлтэд тодорхойгүй байдал үүсэх төлөвтэй байна.
Го Миа Киат захирлын ярьснаар, тус компани аммиак, этанол, силикон тос зэрэг газрын тосноос гаргаж авдаг хэд хэдэн төрлийн түүхий эд ашигладаг байна. Мөргөлдөөн эхэлснээс хойш силикон тосны үнэ 30 хувиар өссөн бол нитрил латекс буюу резиний үнэ хоёр дахин, байгалийн каучукийн үнэ 30 хувиар өсжээ.
Эрүүл мэндийн бүтээгдэхүүнд хатуу шаардлага тавигддаг тул түүхий эдийн орлуулагчийн олоход амаргүй гэж Го Миа Киат учирлажээ. Гэхдээ үнийн өсөлт эрэлтэд нөлөөлөхгүй гэж тус компани үзэж байна.
1988 онд Малайз улсад үүсэн байгуулагдсан Karex Bhd компани жилд таван тэрбум гаруй бэлгэвч үйлдвэрлэн, дэлхийн 130 гаруй оронд нийлүүлдэг байна.

Сэтгэгдэл ( 0 )