МЭДЭГДЭЛ | УИХ-ын 40 гишүүн орон сууцны дэмжлэг авсан гэдэг нь ХУДАЛ

Ж.Сондор | Zindaa.mn
40 минутын өмнө

 

Цахим орчинд УИХ-ын 40 гишүүн орон сууцны дэмжлэг болгон 309 сая төгрөг тус бүр авсан гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Тамгын газраас дараах мэдэгдлийг хийжээ.

Уг мэдэгдэлдлийг бүрэн эхээр нь хүргэж байна: 

Сүүлийн өдрүүдэд зарим цахим сайт, сошиал сүлжээгээр “Улсын Их Хурлын 40 гишүүн тус бүр 390 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг авсан” гэх мэдээлэл түгээд буй нь ор үндэсгүй, худал мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд бүрдсэн парламентын нэг ч гишүүн орон сууцны дэмжлэг аваагүй бөгөөд Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид Улсын Их Хурлын гишүүнд орон сууцны дэмжлэг олгох талаар ямар нэгэн зохицуулалт тусгагдаагүй болно.

Хууль тогтоох, ард түмний төлөөллийн дээд байгууллага болох Монгол Улсын Их Хурал, түүний гишүүдийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг холбогдох эх сурвалжаас тодруулаагүй, олон нийтийг төөрөгдүүлэх, парламентын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх зорилготой худал мэдээллийг давтамжтайгаар түгээж байгаад харамсаж байна.

Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд үнэн зөв, бодит мэдээлэл онцгой ач холбогдолтой бөгөөд Улсын Их Хурлын нээлттэй, ил тод байдлыг хангах, иргэдийн мэдэх эрхийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа цаашид улам сайжруулж, тууштай ажиллах болно.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР

2026.05.12

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top