СОP17 | Ц.Сандаг-Очир: Бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд нь бүрэн хийж дуусгах шаардлагатай

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) зохион байгуулах Ажлын албаны удирдлагуудтай уулзаж, бэлтгэл ажлын явц, тулгамдаж буй асуудлууд болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

Уулзалтаар:

  • Төсөв, санхүүжилтийн явц,
  • Тулгамдаж буй асуудлууд,
  • Бусад яам, байгууллагуудын ажлын уялдаа холбоо,
  • Хандив, тусламжийн асуудал,
  • Зочид буудалтай холбоотой зохион байгуулалтын ажил,
  • Гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай холбоотой шийдвэрлэх шаардлагатай асуудлууд,
  • Дэд хороодын ажлын явц, төлөвлөгөөний хэрэгжилт болон хоцрогдол,
  • Барилга байгууламжийн гүйцэтгэл, цахилгаан эрчим хүч, агааржуулалт, тохижилт, тоног төхөөрөмжийн бэлэн байдал,
  • Түр байгууламжийн стандарт, аюулгүй байдал,
  • Авто болон явган замын ажил, тэмдэг тэмдэглэгээ, орц, гарц, зогсоол зэрэг ажлуудын явцтай тус тус танилцаж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө.

Энэ үеэр сайд Ц.Сандаг-Очир “ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулахад хоёр сарын хугацаа үлдээд байна. Иймд бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд нь бүрэн хийж дуусгах, Ажлын алба болон дэд хороодын уялдаа холбоог сайжруулах, хамтын ажиллагаа, хамтын хариуцлагыг бүх түвшинд нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай” хэмээн онцоллоо.

Мөн мэдээ, мэдээллийг шуурхай солилцож, шаардлагатай санхүүжилтийн асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх, гадаад, дотоод сурталчилгаа, мэдээллийн ажлыг эрчимжүүлэх, холбогдох бичиг баримтыг хууль, журмын хүрээнд бүрдүүлэх, бүтээн байгуулалтын ажлын чанар, хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд мөрдөж ажиллахыг үүрэг болголоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top