Н.Энхбаяр гэгч “үр могой” шинэ “мөөг”болон “шувуухай”-тай хамтрах уу

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 02


 

Монголын улс төрийн орон зай тэлсэнийх үү, хүмүүс илүү их бухимдсаных уу нам байгуулагдах нь хуртай жилийн мөөг шиг олширчээ. Нар хур тэгш сайхан зуны мөөг бие биеэсээ өрсөлдөн өндийж гарч ирдэг дээ. Үүнийг мөөг түүдэг хүүхдүүд андахгүй. МАН задарч хэвлийгээс нь хүсээгүй “хүү” мэндэлсэн. Түүндээ МАН-ынхан МАХН хэмээх нэр өгөхийг бүр ч хүсээгүй юм. Одоо ч тээж төрүүлсэн үрдээ тус намынхан энэ нэрийг хайрлахаас эмээсээр байна. Гэсэн хэдий ч Дээд шүүх “эцэг”-тэй, МАН “эх”-тэй хүүд Ерөнхий шүүгч Зориг МАХН гэсэн нэрийг өгчихлөө. Тэгтэл МАН буюу “ээж” нь хүсээгүй хүүгээ “үр могой” хэмээн адалж эхэлжээ. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай “Үр могой” гэдэг нэг сайхан найргийн тансаг аялгуут бүтээл байдаг даа. Энэ бүтээлд эхийн ачийг үл тоогч “үр могой” нь араатны шинжийг үзүүлж буйгаар дүрслэгджээ. Зарим эх сурвалжууд Н.Энхбаярыг хуучин МАХН-аа тасалж аваад ийнхүү шинэ нам байгуулсан гэх боловч үнэн чанартаа ялгаагүй өнөөгийн олигархиудын намыг бий болголоо гэж байна. Харин Н.Энхбаяр өөрөө олигархижсан төр, засгийг нурааж хаяна гээд байгаа. Аль нь үнэн болохыг цаг хугацаа харуулна.

Харин саяхан бас нэг шинэхэн “мөөг” гараад иржээ. Тэр нь өнөөх “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн асан Х.Бат-Ялалтын байгуулсан Хүний төлөө нам аж. Тус нам нь парламентад олонхи болохыг гол зорилгоо болгохгүй гэнэ. Хүний эрхийн зөрчилд дүн шинжилгээ хийж, энэ чиглэлээр нийгэмд хүчтэй нөлөөллөө үзүүлэх бололтой. Гэвч эргэлзэх зүйл цөөнгүй. Х.Бат-Ялалт нь өнгөрсөн жилүүдэд хууль бусаар жагсаал цуглаан хийсэн, Хууль зүй дотоод хэргийн яамны байранд нийтийн хэв журмыг алдагдуулсан гэх мэт асуудлаар “Ганц худаг”-т хэд хоног саатуулагдаад гарч байлаа. Дараа нь удалгүй эрх баригчидтай найзлах тухайгаа ярьж, улмаар Ардын намын удирдлагуудтай гэрээ байгуулан ажиллахаа мэдэгдсэн юм. Түүний энэ алхмын Ардын намд харшилтай хүмүүс таатай хүлээж аваагүй. Урваач, шарваачаар нь дуудаж байв. Наанаа тууштай тэмцэгч дүр үзүүлэх боловч цаанаа эрх баригчидтай хэрдээ хөөрхөн панз үсэргээд явж байж мэдэх нөхөр гэх хүн бас мундахгүй ажээ. Энэ бүхнээс харвал Хүний төлөө нам гэсэн шинэхэн “мөөг” нь мөдхөн хэрэгцээгүй зүйлийн нэг болж хог дээр хаягдах болов уу.

Мөн түүнтэй зэрэгцээд С.Молор-Эрдэнэ гэдэг залуу “Үр могойн” өвөрт өдөлж, саяхнаас бие даан нисэх чадвартай болж буй “шувуухай” боловч бас л шинэ нам байгуулахаар болжээ. УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярын байгуулсан “Хамуг Монгол” хөдөлгөөний суурин дээр ийм нэртэй нам байгуулах тухайгаа мэдэгдсэн. Гол хамсаатан нь гэвэл Ардын намаас угшилтай Атар, Өнөрбаяр зэрэг хүмүүс гэнэ. Тэд “Үр могойн” мөн чанарыг олон нийтэд тун хүчтэй бөгөөд өвөрмөцөөр илэрхийлжээ. Н.Энхбаяр буюу “Үр могой”-г тэд “Луйварчин” гэв. Н.Энхбаяр бол луйварчин байсан, луйварчинаараа л төгсөх “Үр могой” гэх нь их энгийн атлаа дайчин сонсогдох байна. Гэвч одоогоор тэдний байгуулах намын үзэл баримтлал, зорилго чиглэл бүрхэг хэвээрээ байна. Ардчилсан нам, Ардын нам гэсэн хоёр том улс төрийн хүчин төрийн толгойд байгаа болохоор эдгээр “шинэ мөөг”, “шувуухай” болон “үр могой”-ууд улс төрийн гурав дахь хүчин болтлоо төлөвшиж гарч иртэл ёстой зай ч байна, лай ч байна гэх хүмүүс бас мундахгүй олон. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ. Иймэрхүү жижиг сажиг намууд хамтраад сонгуульд орвол эрх баригч намуудыг сандралд оруулахыг  бас хэн ч үгүйсгэх аргагүй.  

Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top