.jpg)
Монгол Улсын Засгийн газар болон "Рио Тинто" групп хооронд хийж буй Оюу толгойн хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээрийг эцэслэх харилцан тохирсон хугацаа долдугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болж байгаа тул ажлын сүүлийн хоёр хоногт багтаж Монголын талд ашигтай шийдвэр гаргахаар ҮАБЗ яаралтай хуралдаж байгаа билээ.
Энэхүү асуудлын талаар гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлсээр байгаа бөгөөд УИХ-ын гишүүн О.Номинчимэг "Оюу Толгой бол зөвхөн нэг уурхайн асуудал биш. Энэ бол Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн удирдаж, ард түмэндээ үр өгөөжийг нь хүртээж чадаж байгаа эсэхийг тодорхойлох хамгийн том шалгуур юм.
Өнөөдрийн байдлаар Рио Тинто компаниас Оюу Толгой ХХК-д олгосон нийт зээлийн үлдэгдэл 12.9 тэрбум ам.долларт хүрчээ. Үүний 6.8 тэрбум ам.доллар буюу талаас илүү хувь нь зөвхөн хуримтлагдсан хүү байна.
Энгийнээр хэлбэл, монголчууд бид өдөр бүр ойролцоогоор 15 тэрбум төгрөгийг Оюу Толгойн хувь нийлүүлэгчийн зээлийн хүүд төлсөөр байгаа атлаа өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн ногдол ашиг хүртээгүй байна.
Оюу Толгойн асуудлаарх нээлттэй сонсголын үеэр хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг олон улсын жишиг, гуравдагч санхүүжүүлэгчдийн ижил төрлийн зээлийн нөхцөлтэй харьцуулан хэлэлцэхэд энэ нь "санхүүгийн мөлжлөг" гэж хэлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэнийг бид харсан.
Тиймээс өнөөдөр үргэлжилж буй хэлэлцээрт Монголын талыг төлөөлж буй албан тушаалтнууд Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг тууштай баримтлах үүрэгтэй. Учир нь Үндсэн хуульд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлж, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэж тодорхой заасан.
Ямар ч тохиолдолд Үндсэн хуулиас давсан хөрөнгө оруулалтын гэрээ байх ёсгүй. Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөл нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарчимд нийцэж байгаа эсэх, хөрөнгө оруулагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ үнэхээр биелүүлж байгаа эсэхэд Монгол Улс бодит үнэлгээ хийх ёстой. Ингэж байж хэлэлцээрийн ширээний ард санхүүжилтын механизмыг сайжруулж зээлийн хүүг бууруулах, Онтре компанитай холбоотой асуудал, АМНАТ зэрэг олон жил хуримтлагдсан асуудлуудад бодит шийдэлд хүрч чадна" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )