Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ.
БНСУ-ийн Ерөнхийлөгчийн түвшинд 15 жилийн дараа болж байгаа энэ айлчлал нь хоёр улсын хамтын ажиллагааны ололт, амжилтыг бататгахын зэрэгцээ харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлж, харилцааны нэгэн шинэ хуудсыг нээнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ.
Мөн Ерөнхийлөгч гэргийн хамт хүн төрөлхтний соёлын өв, монгол түмний эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлгэдэл болсон Үндэсний их баяр наадамд хүндэт зочдын хувиар оролцох гэж байгаад Монголын ард түмэн талархаж байгааг хэллээ.
Ерөнхийлөгч И Жэ Мён стратегийн түнш Монгол Улстай харилцаагаа улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотолж, халуун дотноор хүлээн авч буй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.
Мөн гэргий Ким Хе Гён-ы хамт Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцож, монголчуудын түүх, соёл, зан заншилтай танилцах болсондоо баяртай байгаагаа хэллээ.
Төрийн айлчлал хоёр орны улс төрийн итгэлцлийг улам бататгаж, эдийн засгийн хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулах, ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт талууд итгэл төгс байгаагаа илэрхийллээ.
Айлчлалын хүрээнд төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, олон улс, бүс нутгийн тавцан дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг улам хөгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, “Монгол–Солонгосын бизнес форум”-ын нээлтэд оролцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурна.
Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцож, сурын талбай, шагайн харвааны асраар зочлохоор төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )