Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн давааны гол шуугианы эзэн нь улсын арслан Рэнчинбямбын Пүрэвдагва боллоо.
Түүнийг өнгөрсөн зургадугаар сарын 7-д Монгол Бөхийн өргөөнд болсон Наадмын сорилго барилдааны тавын даваанд улсын начин Б.Сосорбарамд унахдаа зөрчил гаргасан хэмээн үзэж, МҮБХ-ны дэргэдэх, хараат бус Ёс зүй, сахилга хариуцлагын хорооноос таван сарын хугацаанд барилдах эрхийг нь хассан.
Хассан шийдвэрийг зарлахдаа “...Архангай аймгийн Булган сумын харъяат, “Бөхбилэгт” дэвжээний ерөнхий дасгалжуулагч, Улсын арслан Р.Пүрэвдагва нь зургаадугаар сарын 0-ны өдөр болсон барилдаанд барилдах үедээ “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ий 4.3-т заасан заалтыг зөрчсөн, мөн удаа дараа зохисгүй байдал гаргаж байгаа, өмнө нь сануулах арга хэмжээ авагдаж байсан зэргийг тэмдэглэн... барилдах эрхийг 5 сараар хасах шийтгэлийг оногдуулахаар тогтоов” хэмээн мэдэгдэлд дурдсан байлаа.
Гэтэл энэ таван сарын хугацаанд Улсын их баяр наадам таарлаа.
Р.Пүрэвдагвын хувьд сошиалоор уучлалт гуйж, мөн Ёс зүй, сахилга хариуцлагын хороонд шийдвэрээ эргэж харахыг хүссэн өргөдлөө албан ёсоор өгсөн. Ингээд тус хорооны гишүүн япон судлаач, орчуулагч Д.Төмөрбаатартай биечлэн уулзаж, ярилцсан гэдэг.
Үүний дараа Ёс зүй, сахилга хариуцлагын хороо дахин хуралдахдаа Р.Пүрэвдагвыг таван сарын хугацаанд барилдуулахгүй байх шийдвэрийг хэвээр үлдээснээр Улсын наадамд барилдах боломжгүй болоод байлаа.
Тэгвэл өнөө өглөө буюу Улсын наадмын нэгийн даваа эхлэхийн өмнө Р.Пүрэвдагва арслан МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжавтай нүүр тулан уулзахдаа “Хэрвээ барилдуулахгүй бол одоо зодог тайлъя. Би Д.Төмөрбаатар гуайд бараг байцаагдсан...” гэх утгатай зүйлс хэлсэн юм.
Үйл явдал ийнхүү хурцдах төлөвтэй болж ирэхэд Ёс зүй, сахилга хариуцлагын хороо цахимаар яаралтай дахин хуралдаж, Р.Пүрэвдагвыг зөвхөн наадмаар барилдахыг зөвшөөрч, таван сарын барилдуулахгүй байх шийдвэрийг бол хэвээр үлдээсэн байна. Тэрбээр "Хүсэлтийг минь хүлээн авч, барилдуулахаар боллоо. Цаашид ёс зүйн асуудал дээрээ анхаарах болно" гэжээ. Ийнхүү улсын арслан Р.Пүрэвдагва улсын наадамд барилдаж, нэг даваад байна.

Сэтгэгдэл ( 0 )