Улсын их баяр наадмын хүчит бөхийн тавын даваанд Архангай аймгийн Хотонт сумын уугуул Батхуягийн Гончигсүрэн аймгийн арслан М.Баяржавхланг тунаж, давлаа.
Ийнхүү улсын цолтны бүлийг энэ жилийн наадмаар хамгийн сүүлд дүүргэж байна. Энэ жил 27 нас хүрэх Б.Гончигсүрэн өнгөрсөн зургаадугаар сарын эхээр Бүх цэргийн наадамд үзүүрлэж, цэргийн заан цол хүртсэн бол долоодугаар сарын эхээр Өмнөговь аймгийн наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн юм.
Тэгвэл хэдхэн минутын өмнө Улсын наадамд тав давж, улсын начин цолны болзол хангалаа. Өөрөөр хэлбэл, сар гаруйхны дотор гурван цол хүртээд байна.
Түүнийг Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин гэдгээр нь манай бөх сонирхогчид төдийгүй Дэлхийн жүдо сонирхогчид мэднэ.
Энэ жилийн Улаанбаатарын “Их дуулга” зэрэг тэмцээнд оролцолгүй, үндэсний бөхдөө голчлон анхаарсныхаа хэргийг гаргаж, зорилгодоо хүрч байна.

Сэтгэгдэл ( 0 )