Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.10.21/ 08:00 цагт эхэлсэн бөгөөд одоогоор үргэлжилж байна. Хуралдаанаар эдийн засаг, эрчим хүч, хууль эрх зүй, төсвийн хөрөнгө оруулалт, байгаль орчин болон орон сууцны хөтөлбөртэй холбоотой нийт 13 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Тухайлбал, “Монголын хөрөнгийн биржийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2014 оны 152 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах, Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн барьж буй 600 МВт-ын цахилгаан станцын хоёрдугаар үе шатны 300 МВт-ын төслийн албан татвар төлөх хугацааг сунгах асуудлыг хэлэлцэнэ.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддоржийн санаачилсан Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон УИХ-ын гишүүн Ө.Шижирийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг хэлэлцэх юм. Түүнчлэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Эрчим хүчний салбарт үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээний босго хэмжээг шинэчлэн тогтоох, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалт буюу аукционы зарчмаар хэрэгжүүлж буй ажлын явц, үр дүнгийн талаар хэлэлцэнэ.
Үүнээс гадна төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний талаар УИХ-ын 2026 оны 31 дүгээр тогтоолын дагуу хийсэн судалгааны үр дүн, “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн зээлийн гэрээг дуусгавар болгох ажлын явцын талаар мэдээлэл сонсох юм.
Мөн цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн нөхцөл байдал, түүнтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирол, хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтэрч байгаатай холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцэнэ.
Түүнчлэн “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар гарсан шийдвэр, мэдээллийг албан ёсоор танилцуулсны дараа дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )